Хятадын Сычуань мужийн Чэндү хотноо зохиогдсон Дэлхийн оюутнуудын зуны спортын 31-р наадам 08-р сарын 08-ны орой хаалтаа хийлээ. Наадмын 12 хоногт дэлхийн 113 улс, бүс нутгийн 6500 тамирчин эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийн шинэ хуудсыг залуу насны гал цогоор сийлэн үлдээжээ.
Энэ их наадмаас Хятадын баг 178 медаль хүртэв. Үүнд 103 алт, 40 мөнгө, 35 хүрэл медаль хүртлээ. Энэ удаа Хятадын баг "Универсиад"-д оролцсон цагаас хойш хамгийн олон алтан медаль хүртэж, медалийн чансаагаар тэргүүлэв.
Багийн төрөлд Хятадын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг, Хятадын эмэгтэй волейболын шигшээ баг өрсөлдөгчөө ялж, аварга болсон нь Хятадын шинэ үеийн тамирчдын өөртөө итгэлтэй, урагш тэмүүлэх сэтгэлгээтэй байгааг харуулжээ. Хятадын эмэгтэй сагсан бөмбөгчин Хан Сю, Лю Юйтүн нар сагсан бөмбөг сонирхогчдын хайрыг маш ихээр татаж, тэдний дунд Бээжингийн Багшийн Их Сургуулийн Лю Юйтүнийг хүмүүс "хөөрхөнөө" хэмээн даадаж байв.
Фүган усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ялалт байгуулсан Тан Хайян, Жан Юйфэй, Ли Бинже зэрэг тамирчид шинэ амжилтуудыг гаргаж, алтан медалиуд хүртэж, "Хятадын хурд"-ыг олонд таниулсан байна. Тан Хайян хэлэхдээ "Би өнгөрсөн удаагийн Универсиадад оролцож чадаагүй гэж их харамсдаг байсан. Энэ удаа ийм сайхан боломж гарч Чэндү хотноо Универсиадад оролцож амжилт байгуулсан. Үнэхээр сэтгэл хангалуун байна" гэлээ.
Спортын талбарт Хятадын тамирчид олон гэнэтийн бэлэг авчирсан байна. 23 настай Чэнь Гуанфэн 100 метрийн эрэгтэй хурдан гүйлтийн төрөлд 10.17 секундын амжилтаар хүрэл медаль хүртэж, багийн андуудтайгаа хамтран эрэгтэй 4×100 метрийн буухиа дамжуулах тэмцээнд алтан медаль мөн хүртжээ. Хятадын шинэ үеийн тамирчид илүү өндөр зорилго тавьж байна. Онцгой дүр төрхөөрөө олонд танигдсан саад давах харайлтын тамирчин Ү Яньни 12.76 секундын дээд амжилтаар эмэгтэйчүүдийн 100 метрийн саад давах төрөлд мөнгөн медаль хүртэж, Парисийн олимпын тасалбарыг авчээ. Тэрээр "Парист уулзъя" хэмээн итгэлтэйгээр хашгирч чадсан юм.
Парисийн олимпыг тухайн талбарт нь харахыг хүсэж байгаа бас нэг тамирчин бол таеквондогийн тамирчин Жөү Зечи энэ удаагийн Чэндү хотноо зохиогдсон Дэлхийн оюутнуудын зуны спортын 31-р наадмаас ганцаарчилсан болон багийн төрлөөс хоёр алтан медалиар энгэрээ мялаалгаж ялалт байгуулжээ. Сарын дараа тэрээр Ханжөүд болох Азийн наадамд багийнхантайгаа оролцоно.
Хятадын төлөөлөгчдийн багийн анхны алтан медалийг хүртсэн Хятадын Үшүгийн баг нийт 11 алт, 1 хүрэл медаль хүртжээ. Багийн гишүүд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутан тамирчидтай Хятадын үшү урлаг, Хятадын соёлыг цааш нь дэлгэрүүлэх талд санал солилцлоо.
Харилцаа холбоогоор дамжуулан нөхөрлөлөө бэхжүүлнэ
Уралдааны талбай дээр оюутан тамирчид харилцан өрсөлддөг ч уралдаан тэмцээн дуусахаар тэд маш сайн найзууд болдог юм. Дэлхийн оюутнуудын зуны спортын 31-р наадам нь залуучуудын хувьд нэг том үйл явдал бөгөөд залуучууд хоорондоо уулзаж, танилцах сайхан боломж болдог.
Үшүгийн төрлийн эрэгтэй сэлэмний урлагийн тэмцээний үеэр тэмцээнд оролцогчид гайхалтай үзүүлбэрээрээ үзэгчдийг гайшруулсан юм. Индонезийн тоглогч Аи Мавело багаасаа л "сэлэмний урлагийг мөрөөддөг" байсан бөгөөд Чэндү хотод хүрэхээсээ өмнө Хятадын оролцогчидтой өрсөлдөхийг тэсэн ядан хүлээж байжээ. Тэрээр хэлэхдээ "Сэлэмний урлагийн нутгаас шагнал хүртэх нь миний хүүхэд байхаасаа л мөрөөдөж байсан мөрөөдөл бөгөөд одоо хүсэл мөрөөдлөө биелүүлсээр байна. Дараа нь сэлэмний урлагийн найз нөхөдтэйгөө уулзаж, Хятадын өрсөлдөгчдөөс сэлэмний урлагийн талаар суралцсаар байх болно" гэлээ.
Наймдугаар сарын 01-ний өдөр буудлагын төрлийн эмэгтэй 25 метрийн гар бууны багийн тэмцээн болж, Хятадын тамирчин Линь Яши түрүүлэн алтан медаль хүртсэн төдийгүй бас нэгэн маш халуун дулаан бэлэг авсан юм. Үзэгчид болон тамирчид түүнд зориулан төрсөн өдрийн баярын дуу дуулжээ. Энэ бол түүний 20 насны төрсөн өдөр байлаа.
- Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн найзуудтайгаа энэ цагийг хамт өнгөрүүлэх боломж олдсонд үнэхээр их баяртай бас дурсамжтай байсан гэж Линь Яши сэтгэл догдлон ярив.
Дэлхийн оюутнуудын зуны спортын 31-р наадмын хотхоны соёлын зах нь хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэг байлаа. Төлөөлөгч гишүүд энд бөмбөг өшиглөх, нэхэх зэрэг соёлын үйл ажиллагаануудыг үзэж сонирхон, харилцаа солилцоогоо нэмэгдүүлэв. Хотхоноос зохион байгуулсан соёлын солилцооны үйл ажиллагаа ч олон янз байлаа. Хятадын биет бус соёлын өвийн ур чадварын 80 гаруй удаагийн харилцан туршлага солилцох үйл ажиллагаа, уламжлалт соёлын туршлага солилцох үйл ажиллагаануудаас гадна өдөр бүр “Be Together” сэдэвт цуврал үдшийн цэнгүүнийг хотхоны уран зургийн төвд зохион байгуулсан бөгөөд Дэлхийн оюутнуудын зуны спортын 31-р наадмын төлөөлөгчид гишүүдийг урин оролцуулсан байна.
Олон улсын спортын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Рено Эйдэ хэлэхдээ "Чэндү Универсиад нь спортын арга хэмжээ төдийгүй соёл, боловсролын арга хэмжээ юм. Уралдаанд оролцож буй оюутан тамирчид энд 10-12 хоног хамт амьдарч, уралдааны дараа бие биетэйгээ харилцаж нөхөрлөө бэхжүүлсэн нь үнэхээр сайхан байлаа" гэв.
Чэндү хотод урт хугацааны хөгжлийн үнэ цэнтэй өвийг үлдээжээ
Дэлхийн оюутнуудын зуны спортын 31-р наадмын үеэр үзэгчдийн халуун дулаан үйл явдлууд болон тамирчдын сэтгэл хөдөлгөм үйл явдлууд маш олон байлаа. Үзэгчдийн баяр хөөр, алга ташилт, уухай, урам зоригоос үнэхээр энэ нутгийн зочломтгой занг бүрэн олж харна.
Чэндү хотын хүн ардын халуун дотно сэтгэл нь олон тамирчинд гүн сэтгэгдэл төрүүлжээ. Хятадын усанд сэлэгч Ли Бинже бусад тэмцээнүүдээр явж байхдаа үзэгчдийн алга ташилт уухайг олж сонсдоггүй, харин энэ удаад үзэгчдийн баярлан хөөрөх, алга ташилт, урам зориг өгч байгааг үнэхээр сэтгэлээсээ мэдэрчээ. Гүржийн жүдо бөхийн тамирчин Даваалашвили Зур хэлэхдээ "Цугласан олон улс орны ялгаа гаргалгүй, ямар ч нөхцөлгүйгээр дэмжлэг үзүүлсэн нь миний амжилтад үнэхээр тус дэм болсон" гэжээ.
Чэндүгийн үзэгчид спортыг ойлгож, тамирчиддаа хайртай байгаа нь тус хотын дэлхийн спортын хот байгуулахыг бүх талаар дэмжин, уралдаан тэмцээн зохион байгуулах, хотын аяллыг хөгжүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх, ард түмэнд тустай гэсэн үзэл баримтлалыг баримтлан дэмжсэний үр дүн юм. Дэлхийн оюутнуудын зуны спортын 31-р наадам зэрэг спортын арга хэмжээнд түшиглэн Чэндүгийн спортын дэд бүтэц тасралтгүй сайжирч, спортын салбар тогтвортой хөгжлийг бий болгож байна.
Чэндү хотын спортын товчооны орлогч захирал Чэнь Зи хэлэхдээ "Чэндү хот нь Дэлхийн оюутнуудын зуны спортын 31-р наадмын дараа дэлхийн спортын хот байгуулах хөгжлийн зорилго, замыг төлөвлөсөн байгаа. 2025 он гэхэд тэмцээний иж бүрэн системтэй дэлхийн тэмцээний алдартай хотыг байгуулна. 2030 он гэхэд бүх шатны чанартай хөгжлөөр дэлхийн спортын алдартай хотыг байгуулна. 2035 он гэхэд спортыг иргэдийн амьдралд нэгтгэж, спорт нь хотын өндөр чанартай амьдралын шинж чанар болох дэлхийн амьдралын алдартай хотыг байгуулна" гэв.
Дэлхийн оюутнуудын зуны спортын наадам зохиогдсоноос хойших өв соёлын ажлыг цогцоор нь төлөвлөж, удирдан зохион байгуулсан анхны удаа болно. Чэндү хотод зохиогдсон Дэлхийн оюутнуудын зуны спортын 31-р наадам нь спорт, эдийн засаг, нийгэм, соёл, байгаль орчин, хотын хөгжил, боловсрол, өсвөр үеийнхэн зэрэг долоон талын 29 салбарын баялаг өвийг бий болгожээ.
Чэндү хотод зохиогдсон Дэлхийн оюутнуудын зуны спортын 31-р наадмын Гүйцэтгэх хорооны ажлын албаны орлогч дарга Цао Сюфэн хэд хоногийн өмнө илэрхийлэхдээ "Энэхүү Универсиад нь Чэндү хотод урт хугацааны хөгжлийн үнэ цэнтэй өвийг үлдээж, нийт ард түмэнд ашиг тусаа өглөө. Тэдний дунд Универсиад наадмын спортын газрууд зэрэг барилга байгууламжуудыг Чэндү хотын спорт, ялангуяа иргэдийн бие чийрэгжүүлэлтэд үргэлжлүүлэн ашиглах юм. Универсиадын хотхоныг 100 хувиар тогтвортой ашиглахын тулд Чэндү Их Сургуульд хүлээлгэн өгнө" гэв.

Зураг 1. Эмэгтэй 4×400 метрийн буухиа дамжуулах гүйлтийн шигшээ тэмцээнд Хятадын тамирчин Ян Хүнфэй (зүүн тал) болон Жян-Ирань нар харилцан буухиа дэмжуулж байгаа нь
Зургийг: Синьхуанет
Зураг 2. Эмэгтэй 4×100 метрийн зайн холимог умбалтын тэмцээнд уралдаж буй Хятадын тамирчин Жан Юйфэй
Зургийг: Синьхуанет
Зураг 3. Наймдугаар сарын 07-ны өдөр Хятадын тамирчин Ли Юүнжэний (дунд) төрсөн өдөр тохиолоо. Наадмын ажилтнууд болон өлзийт амьтан "Рүн Бао" нар түүнд төрсөн өдийг нь тэмдэглэж өгөв.
Зургийг: Синьхуанет
Зураг 4. Хятадын тамирчин Хуанг Зиг-Ань нийт 551.55 оноо авч, эрэгтэй тавцангаас усанд шумбах тэмцээнд ялалт байгуулжээ Зургийг: Синьхуанет
Зураг 5. Хятадын шигшээ баг эрэгтэй 4×100 метрийн зайн холимог умбалтын тэмцээнд 3 минут 32.58 секундаар хожлоо
Зургийг: Синьхуанет
