Энэхүү концертыг Хүрээ хошууны Засгийн газар зохион байгуулсан бөгөөд цагаан сарын баярын үеэр үзэгч олонтой золгох болно.
ӨМӨЗО-ны Хүрээ хошуу нь Хятад улсын Андай урлагийн нутаг, Сагадын соёлын нутаг, Монгол эм эмнэлгийн нутаг, түүх соёлын аялал жуулчлалын хошуу хэмээн алдаршиж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд хошууны иргэдийн амьдрал сайжран соёл урлагийн үйл ажиллагаа өргөн хэмжээнд зохион байгуулагдах болсон байна.
Энэхүү концертод оролцсон уран бүтээлчид тус орон нутгийн авьяаслаг малчид тариачид бөгөөд тэд хэд хэдэн баг болон дуулж хуурдан цаг заваа зөв боловсон өнгөрүүлдэг байжээ. Тэдний хамгийн бяцхан авьяастан зургаан настай, хамгийн ахмад нь ная гарсан уран бүтээлчид юм. Тунляо хотын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа малчид, тариачдын монгол хэлний анхны концерт гэдгээрээ онцлог байлаа.
Хүрээ хошууны засаг дарга Мэндбаяр хэлсэн үгэндээ: - Сүүлийн жилүүдэд манай нутгийн иргэдийн амьдрал маш их дээшилсэн. Бид ч иргэдийн соёл урлагийг хөгжүүлэх талд хөрөнгө оруулан ажилласан юм. Энэхүү концертыг зохион байгуулж байгаа нь хөдөө орон нутгийн малчид, тариачдын амьдрал ахуйд урлаг соёлыг дэлгэрүүлэх, сурталчлах, урлаг соёлоор иргэдийн амьдралыг баяр баясгалантай, баян чинээлэг болгох гол зорилготой юм гэлээ.
Энэ удаагийн концерт андай бүжиг, дөрвөн утаст хуур, дуу, хөөмий, хошин шог гээд олон төлийн тоглолт үзүүлбэрүүдээрээ хүрэлцэн ирсэн үзэгч түмний сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм.
