Саяхан Бээжин хотноо болсон Хятадын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хандив өгөх ажилд идэвх зүтгэлтэй оролцсон хүмүүст шагнал гардуулах ёслолоос сурвалжлагчийн мэдээлснээр, ойрын 2 жилд Хятадын хүүхэд багачуудад зориулсан сан болон Хятадын эмэгтэйчүүдийн хөгжлийн сан олон нийтээс 2 тэрбум 200 сая юаний хөрөнгө мөнгө, эд материалыг босгож, 27 сая гаруй эмэгтэйчүүд хүүхдүүдэд хүртээжээ. Хятадын анхны олон нийтийн хандивын сан болсны хувьд Хятадын хүүхэд, багачуудад зориулсан сан олон жилийн турш ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдэд түлхүү анхаарал хандуулсаар ирсэн. Мөн өдрийн шагнал гардуулах ёслолын үеэр Хятадын хүүхэд, багачуудад зориулсан сангийн нарийн бичгийн дарга Жү Шишэн танилцуулж хэлэхдээ:
- Өнгөрсөн 2 жилд хүүхэд, багачуудад зориулсан сан түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааг тал бүрээр хөгжүүлсэн гэж хэллээ.
- Хоёр жилийн туршид хандивын төслийг хэрэгжүүлснээр давхардсан тоогоор 7 сая 500 мянган хүүхэд үр шимийг нь хүртсэн буюу ядуу эмзэг бүлгийн хүүхдүүд нийт хүүхдүүдийн 18.75 хувийг эзэлж байна.
Нэг. Боловсрол хүртэх байдлыг сайжруулав. "Чүнь лэй буюу цоморлог төлөвлөгөө"-гөөр дамжуулж 270 мянган эмэгтэйчүүд, хүүхдүүдэд адил тэгш боловсрол хүртэх нөхцөл олгож, 2 сая гэр бүлд ном унших төслийн үр шимийг хүртээв.
Хоёр. Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулав. "Ань Кан буюу амар амгалан эрүүл мэндийн төлөвлөгөө"-ний хүрээнд харааны болон сонсголын бэрхшээлтэй 758 мянган хүүхдүүдэд туслав.
Гурав. Аюулгүй байдлын хүмүүжлийн ажлыг өрнүүлж, хүүхдийн аюулгүй байдлын сургалтын 101 анги танхимыг байгуулав.
Дөрөв. Эцэг эх нь хотод ажиллаж буй хөдөө орон нутгийн хүүхдүүдэд түлхүү анхаарал хандуулж, Гүйжю Хунань зэрэг нутагт хүүхдэд зориулсан 680 халамжийн цэгийг байгуулж, давхардсан тоогоор 600 мянган хүүхэд үр шимийг нь хүртэв.
Хятадын тэрбум 374 сая хүн амын 670 сая нь эмэгтэйчүүд эзэлж байгаа буюу энэ нь нийт хүн амын 48.8 хувь болж байна. Хятадын эмэгтэйчүүдийн хөгжлийн сан нь эмэгтэйчүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний ажил төрлийн хөгжлийг дэмжих зорилготой олон нийтийн халамжийн байгууллага юм. Сүүлийн жилүүдэд тус сан нь нийгмийн олон хүчийг хуримтлуулж, Хятадын баруун хойд бүсийн усаар дутмаг нутагт "Эхчүүдийн усны агуулах" төслийг хэрэгжүүлж, орон нутгийн айл өрхүүдэд туслан борооны усыг хуримтлуулах усны агуулах болон ус нийлүүлэх системийг байгуулж, баруун хойд нутгийн олон гэр бүлд тусалсан байна. Хятадын эмэгтэйчүүдийн хөгжлийн сангийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Жан Жяньмин хэлэх:
- Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан нь эмэгтэйчүүд, гэр бүлд үйлчлэхийг гол зорилгоо болгон, олон нийтийн хандивын байгууллагуудтай хамтран эх хүүхдэд үйлчлэх цуврал төслийг хэрэгжүүлсэн. Үүнд, Хятадын 31 муж, Өөртөө Засах Орны ядуурлыг бууруулах, бизнес эрхлэх, эрүүл мэндийн тусламж, байгаль орчныг хамгаалах, гэр бүлийн боловсрол олгох зэрэг цар хүрээг хамарч байна. 2015-2016 оны хооронд Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан олон нийтийн халамжийн ажилд 1 тэрбум 85 сая юань зарцуулж, баруун бүсийн мянга шахам хот сууринд нийтийн халамжийн төсөл хэрэгжүүлэн, 14 сая иргэдэд үр өгөөжөө хүртээсэн юм.
Тоо баримтаас үзвэл ойрын хоёр жилд Хятадын хүүхэд, багачуудад зориулсан сан, Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан нийт 2 тэрбум 200 сая юаний олон нийтийн хөрөнгө босгож, 27 сая эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусалжээ. Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дарга Шэнь Юей-юей шагнал гардуулах ёслолд оролцох үеэр:
- Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн халамжийн ажил эрчимтэй хөгжиж, урт хугацааны туршид эмэгтэйчүүд, хүүхдүүдийн шаардлагад чиглүүлэн ялангуяа, тэдний амьдралд тулгарч байгаа бодит бэрхшээлүүдийг шийдвэрлэн, халамжийн ажлыг сайтар өрнүүлж, нийгэмд сайн нөлөө үзүүлсэн. Үүнийг нийгмийн олон салбарын байгууллага нэгж, хамт олны халуун дэмжлэгээс салгаж үл болно. Хятадын хүүхэд, багачуудад зориулсан сан, Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан хандивын тухай хуулийн дагуу ажиллаж, хяналт удирдлагаа чангатган, хандив өргөсөн хүмүүс сэтгэл амар, үр өгөөжийг нь хүртсэн хүмүүс ч сэтгэл ханамжтай, тусламж хэрэгтэй эмэгтэйчүүд, хүүхдүүдэд жинхэнэ үр ашгийг нь хүртээсэн байх ёстой гэж хэлсэн юм.
Тэрээр цааш нь:
- Хятадын гэр бүлийн соёл иргэншлийг хөгжүүлэх хандивын ажил үйлсийн идэвхжлийг дээшлүүлэн, уг салбарын шинэчлэл хөгжлийг дэмжих хэрэгтэй гэж хэллээ.
