solongonews
Ээл ивээлээ хайрласан өнтэй сайхан жил гарлаа
2018-03-01 17:02
Нүүдлийн мал аж ахуйдаа суурилсан хүн-байгаль-мал гурван хэлхээг уялдуулан уламжилж, хүн төрөлхтний жам ёсыг хосгүй гайхамшигт уламжлалаараа харуулсан монгол түмний Цагаан сарын шинийн нэгэн энэ жил 2018 оны 02-р сарын 16-ны өдөр тохиосон юм.

         Дээжлэх ариун сүүгээ дөрвөн зүг, найман зовхистоо өргөж дэлгэр цагийн эхэнд аливаа сайн бүхнээ тэнүүн сайхан сэтгэлээсээ ургуулдаг монгол түмний их сар шинийн баяр болж, Тайван нөхөрсөг хэмээх Шар нохой жил айлчлан ирлээ. Эрхэм дээд ёс жаягаа хүндэтгэсээр ирсэн монгол түмний нутаг нутгийн заншил хоорондоо ялгаатай, өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Бид Баянхонгор аймгийн Богд сумын харьяат ахмад настан Одхүүгийн Дуламдоржийнх хэмээх сайхан монгол айлд сар шинийн золголт хийлээ. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны ахмадын зөвлөлийн дарга тэрээр уншигчдад маань нутгийнхаа сар шинийн онцлог, зан заншлын тухай сонирхуулж, басхүү хурдацтай хөгжиж буй энэ цаг эринд айл гэрийн болон улс орны хувьд амьдрал ахуй өсөн дэвшсэн сайхан жил гарч байгаа тухайд бахархан хуучилсан юм.

 Монголчууд хотол олон, ахан дүүсээрээ амар мэндээ мэдэлцэн золгодог энэ тэмдэглэлт баярын өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг заншилтай. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлдэг. Энэ өдөр хүнээс зээлсэн эд мал, мөнгө төгрөг байвал даруйхан буцааж өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг сайхан уламжлалтай. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гөвж, цэвэрлэдэг. Мөн энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж, харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж, хур дэлийг нь засч бэлдэнэ. “Битүү хоол” гэдэг голдуу мах шүүсэн идээ, бууз, банш, хуушуурыг хэлнэ. Битүү хоол идэх заншил удам угсаа, нутаг усаараа ялгаатай. Тухайлбал, Говь нутгийнхан битүүний орой бууз жигнэхээсээ илүүтэй хуушуур хайрахыг чухалчилдаг. Учир нь шинэ он гарч, өвлийн Лхам буюу Гүнжилхам бурхан морилохоос өмнө гэрийнхээ муу бүхнийг хиншүү гарган үлдэн хөөж байгаа утгатай. Ингээд битүүлэх ёсноос эхлэн нутгийнхаа сар шинийн тухайд О.Дуламдорж:

- Манай нутагт битүүний үдэш хуушуур хайрч, тос идээний хамт айл хөршийнхөн, аав ээжийндээ хүргэдэг. Тэд бас өөрсдийн бэлтгэсэн бууз, хуушуур, идээ тосноосоо хариу барьдаг. Битүүний орой гэрийнхээ хаалганы баруун тотгон дээр цэвэрхэн мөс, зүүн тотгон дээр өргөстэй харгана тавьдаг. Битүүний өмнө гэр орноо сайтар цэвэрлэн өөдтэй сайн гэсэн ширдэг хивсээ дэвсэж идээ цагаа, ундааныхаа дээжийг галдаа өргөн, бурхандаа дээжилж үдэш болоход тэнгэр огторгуй, марал одонд өргөөд битүүлгээ хөндөж цайлцгаадаг. Малчин айл зөвхөн гэр орноо цэвэрлэж өөрсдийгөө гоёж хувцаслаад зогсохгүй олон хоногийн өмнөөс малынхаа хашаа хороог засаж цэвэрлэн, унах морь, тэмээгээ сойж, эмээл тохмоо бэлтгэдэг. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ хаалганы баруун тотгон дээр цэвэрхэн мөс, зүүн тотгон дээр өргөсөн харгана, эсвэл шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Зарим газар баруун тотгон дээрээ цагаан чулуу тавьж сахиусуудын орох үүдийг нээж буйг бэлгэддэг.

Цагаан сар бол билгийн тооллын хаврын тэргүүн сард өргөн олноороо тэмдэглэдэг Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр. Би малчин айлын хүүхэд тул хөдөө нутагтаа сар шинээ тэмдэглэж байсан тэр цаг мартагдашгүй сайхан дурсамж байдаг юм. Цагаан сардаа өмнөх зунаас нь эхлэн бэлддэг байв. Малынхаа сүүгээр нэрсэн шимийн архиныхаа дээжийг зориуд хамгийн сайныг нь хадгалж, сар шинэдээр гаргадаг. Цагаан сар болохоос хэд хоногийн өмнө банш хийдэг. Ингэхдээ ойр хавийнхан цугларч, нэгэн үдэш хамтдаа хамжин хийдэг байлаа. Айл бүр гэртээ хэвийн боов хийнэ. Дотор нь шар тос хийж, шинэ гаргасан өөхөн тосонд чанана. Зун, намар бэлтгэж гүзээлсэн өрмөн цагаан тосоо хагалж, чихэр нэмж хайлан хольсон тос болгоод тавганд хийж, ах дүү нарындаа айлчлан очихдоо ганзгалаа болгож өгдөг. Ингээд гэртээ золгоцгоосны дараа аав ээж, ах эгч нарын ахмадууддаа золгохоор сайн морь, тэмээгээ унаж явна. Манай нутаг говь газар тул тэмээ унаж, нэг айлаас нөгөө хот айл хүртэл уралдацгаадаг байлаа. Хүүхэд ахуй тэр үед айл хэсэх сонирхолтой. Айлууд хүүхдэд хэвийн боов, ёотон чихэр, даавуу, торго дурданг хэсэглэн хувааж бэлдсэн жижиг алчуур сэлтийг бэлэг болгож өгнө. Тэрийг нь өвөртөлсөөр нэг мэдэхэд өвөр дүүрэн чихсэн юмтай гэртээ ирж, өврөө суллаад дахин явж, очоогүй айлуудаараа хэсдэг байж билээ гэж ахмад буурай маань хуучиллаа. Тэрээр цааш үргэлжлүүлэн:

- Орчин үед цагаан сарын баярыг улам өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Төр засаг ч их анхаарал тавьж, ахмад настан, өтгөс буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг. Залуу үеийнхэн ахмадуудынхаа үг сургаалийг сонсдог, уг удам, төрөл садангийнхаа учир холбогдлыг мэдэж авдаг сайхан уламжлал улам дэлгэрч байна. Энэ жилийн хувьд улс орны хэмжээнд ч, манай гэр бүлийнхний хувьд ч өөрчлөлт ахиц гарсан жил боллоо. Улс орны эдийн засгийн байдал сайжирч, ард иргэдийнхээ амьдралд нь ойртохын хэрээр хүмүүсийн амьдрал ахуйд ахиц гарч, цалин хөлс, ашиг орлого нь ч нэмэгдэх төлөвтэй байна гэж ярьсан юм.

Бид түүнээс гагцхүү сар шинийн уламжлалт баяр ёслолоос гадна, ахмад буурайн гэр бүл, өөрийнх нь ажил үйлсийн тухай, басхүү нутаг орных нь хувьд ямархуу өнгөтэй жил гарч буй тухай нь сонирхлоо. О.Дуламдорж:

- Манай гэр бүл, хүүхдүүдийн хувьд ам бүл нэмж өнөржин улам олуулаа болох нь ээ. Ажил албандаа ч өсч дэвжиж байна. Манайх зургаан хүүхэдтэй. Гурав нь төрийн үйлчилгээний албанд /багш/, гурав нь хувийн компаниудад мэргэжлээрээ ажилладаг. Миний хувьд өмнөх социалист нийгмийн үед нам, олон нийтийн байгууллага буюу МАХН, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн байгууллагад ажиллаж, залуу үеийг хүмүүжүүлэх, нэгдэл нийгмийн мал сүргийг өсгөж үржүүлэх, сум, орон нутгийг хөгжүүлэх үйл хэрэгт зүтгэж явсан. Харин 1990-ээд оноос сумын удирдлага, засаг даргаар арав гаруй жил ажиллаж, ардчилал шинэчлэлт, өөрчлөлтийн үйл явцыг орон нутагт удирдаж зохицуулах, хүмүүсийн оюунд шинэ нийгмийнхээ оюун санааг төлөвшүүлэх, өмч хувьчлал явуулах, иргэдийн амьдралын түвшинг хөвчлөн авч явахад туслахад чиглэсэн ажилд хүч анхаарал тавьсан. Ингэснээр миний ажиллаж байсан хөдөө нутаг болох Баянхонгорын Богд сум одоо хот газраас ялгагдах юмгүй сайхан хөгжиж байна. Сумын төв 24 цагийн туршид цахилгаантай, бүх төрлийн сүлжээгээр харилцдаг, интернэт чөлөөтэй ашигладаг, албан байгууллага, орон сууцтай айлууд нэгдсэн дулаанаар хангагдсан, оршин суугчдын 70-80 хувь нь тохилог орон сууцанд амьдардаг. Нийслэл хотоос очих замын 90 хувь нь засмал замаар холбогдсон, бараг айл бүр орчин үеийн машин унаатай болсон. Малчид өвөлжөөндөө орон сууц барих, малын тохилог дулаан байр хашаа хороо барих, хашаалсан бэлчээр бий болгож ашиглах, гаднаа худгийн устай цэгтэй болох хөдөлгөөн өрнүүлж, сайхан тохижуулж байна.

 

Мал аж ахуйн уламжлалт ажиллагааг өвлүүлэх зорилгоор морь, тэмээний уралдаан, сайхан бие галбиртай, ашиг шим арвинтай мал шалгаруулах, гар урлалын болон мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргах гэх зэрэг олон төрлийн ажил зохион байгуулж байна гэж Дуламдорж буурай нутаг усныхаа ёс заншил, хөгжил дэвшил, мөн өөрийнхөө буюу гэр бүлийнхээ тухай ч дэлгэрэнгүй яриа дэлгэн хуваалцсан билээ. Орчин үед цаг үеийн хөгжлөө дагаад нүүдлийн соёл алгуураар суурин соёл руу шилжихийн хэрээр олонх иргэд хотын соёлд дасаж, олон давхар орон сууцанд амьдрах болсон хэдий ч сар шинийн бахархалт баяраа улам ч өргөн дэлгэр тэмдэглэж, жил жилийн өнгөө улам сайхнаар гаргаж байна. Өлзийтэй сайхан үгсээ хэлэлцэж, ерөөл бүхнээ өргөсөн монгол түмний сар шинийн баяр жилээс жилд дэлгэр сайхан болж, зон олноороо зол жаргалтай сайхан шинэлж буй өнгө гэрлийн нэгээхэн гялбааг та бүхэндээ хүргэлээ.

                                                                                              Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл