Тараг айраг бялхаж, таван хошуу мал тарга хүч авсан алтан шаргал намрын есдүгээр сарын 26-ны өдөр Ордос хотын Үүшин хошууны Туг суурингийн Мийрэн сүм багийн малчин Машбилигийн “Монгол ойллогын номын ордон” тус сууринд нээлтээ хийлээ.
Машбилиг гуай хувиасаа 400 гаруй мянган юань гаргаж, Монгол Улс, Шиньжян, Шилийнгол, Хөлөнбуйр аймаг зэрэг газруудаас олон ном бичиг цуглуулжээ. Одоо түүний номын ордонд ӨМӨЗО-ны хэмжээний тэнхим товчоо, аймаг хот, хошуу шянь, сум суурин, баг тосгоны ойллого, гэрийн цадиг, газрын зураг, газрын нэрийн ойллого, эртний хаад ноёдын гар бичмэл зэрэг бүх төрлийн ховор чухал ном бичиг нийлээд 5000 гаруй бий. Мөн Чингис хаан, Батмөнх Даян хаан, Их Зуу чуулган ба Үүшин хошууны ноёдын тосон будгийн зураг байна.
