solongonews
Хүүхэдтэйгээ хамт ном уншихын учир утга
2017-04-25 16:59
Хүүхэдтэйгээ хамт ном уншихын учир утга

Ном хүний оюун ухааныг тэлж, амьдралын ухааныг сэлбэдэг. Тиймээс ухаант ард маань “Ном бичиг бол оюуны гэгээвч, ертөнцийг харах цонх” гэж үр хүүхдэдээ сургаж ирсэн учиртай.

Номоос хүн өргөн мэдлэгийг хүртдэг. Өргөн мэдлэгтэй хүнтэй ярихад мөн урамтай. Иймээс аав ээж болсон хүмүүс үр хүүхдэдээ ном унших дадлыг хүмүүжүүлж, өөрөөсөө эхлэн ном унших хэрэгтэй.

Цаг үе, нийгэм  хөгжиж байгаа өнөөдөр бид зорилготойгоор ном сэтгүүл худалдан авч, номтой орчин бий болгох ёстой. Сард ганц ном, жилд хэдэн ном цуглуулж байхад хүн ядуурахааргүй. Харин ном сонин цуглаж л байх болно. Мөн цаг зав байхгүй гэж шалтаг эрэх хэрэггүй. Өдөр бүр 10-20 минут гаргаж ном уншихад өдрөөс өдөрт таны мэдлэг зузаарах л болно.

Гэр бүлдээ ном унших дадлыг бий болгох юм бол аяндаа уншлагын сонирхолтой болж, улмаар сонголттой, зорилготойгоор ном сэтгүүл унших болж, ном бичгээс өргөн мэдлэг хүртэн, аж амьдралдаа хэрэглэж чадах юм.

Их зохиолч Ц.Дамдинсүрэн гуай “Номын утга тэнгэр мэт аугаа, дэлхий мэт өргөн, далай мэт гүн юм. Ном унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд сэлэх мэт” гэж хэлсэн байдаг. Бид өөрсдөө тэргүүлэн ном унших дадлыг бий болгож, хүүхдүүдээ дагуулан ном уншиж, номтой нөхөрлөж сурцгаая. 

Зохиогч: Т.Түмэнбаяр
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл