solongonews
Хээр халзан хуцтай Хээдэй өвгөн
2016-06-06 15:45
Хээр халзан хуцтай Хээдэй өвгөн

Эрт цагт хээр халзан хуцтай Хээдэй гэдэг өвгөн байжээ. Нэг удаа халзан хуцаа унаад хаагаар нь гуядаж хавчилзуулаад, гуяар нь гуядаж гувчилзуулаад явж байж гэнэ. Гэтэл зам дээр нь нэг хувхай дал хэвтэж байсныг хэзээ нэг цагт хэрэг болж магадгүй гээд хавтагандаа авч хийгээд явжээ.

Орой бүрэнхий болсон хойно өвгөн нэг баян айлын гадаа ирээд хуцаа уячхаад гэрт ороод ирэхэд баяных цайгаа ууцгааж байжээ. Ундаассан өвгөнд цайнаасаа өгсөнгүй гэнэ. Мөл хотолсон хойно баяных мах чанав. Энэ махнаасаа надад лав өгөхгүй байх гэж бодоод:

Би нэг жаахан махтай юмсан. Түүнийг чанаж идэх тогоо өгнө үү? гэж гуйв. Тэгэхэд нь манай махтай чанаад ид гэж баян хэлэв.
Танай мах манай махыг идчихвэл яах вэ? гэж асуув.
Хэрэв тэгвэл махаа бүгдийг өгье гэж баян хэлэв.

Тэгэхэд нь өвгөн босоод хувхай ясаа хэнд ч үзүүлэлгүй тогоонд хийв. Махаа болгоод гаргахад нь өвгөний далны мах байхгүй байжээ.

Хараач, танай мах миний махыг идчихжээ гэв

Баян аргагүй хэлсэн үгэндээ болоод махаа өвгөнд өгөв. Өвгөн махаа идчихээд хуцаа аргамжих аргамжаа гуйв.

Хонийг аргамждаг юм уу? Хуцаа хоньтой хашаанд оруулчих гэж баян хэлэв.
Танай хоньд миний хуцыг идчихвэл яах билээ? гэж өвгөн хэлэв.
Хэрэв тэгвэл хонио цөмийг өгнө. Эс тэгвэл хуцыг чинь авна гэв.

Өвгөн хуцаа хашаанд оруулаад баяныд ороод унтав. Өвгөн шөнө босоод хээр халзан хуцаа алаад бүх хонины аманд цусыг нь түрхээд махыг нь нохойд хаяж өгчхөөд орж ирээд унтав. Өглөө босоход өвгөний хуц үгүй болж бүх  хонины ам цустай байв гэнэ.

За танай хоньд хуцыг минь иджээ. Би танд хэлсэн шүү дээ. Одоо хэлэлцсэн ёсоор бүх хонийг авна гэв.

Баян аргагүй болоод зөв харж инээгээд буруу харж уйлаад өвгөнд хонио туулгаад явуулжээ. Өвгөн олон хоньтой болж амар сайхан жаргаж гэнэ.

    

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл