solongonews
Цуутын цагаагч гүү
2016-02-26 18:02
Монгол ардын үлгэр

Цуутын цагаагч гүү цуурай цагаан /цолмон цоохор/ унага, далан хоёр ижилтэй, дархан хул азаргатай юмсанжээ. Тэр нутагт нэгэн зун ган гачиг болж, газарт ногоо ургасангүй. Тэгэхээр нь цуутын цагаагч гүү далан хоёр ижил, дархан хул азаргандаа хэлээд, нутгаасаа гарч гурван жилийн газар ногоо хөөж явж гэнэ. Гэтэл  ногоо их гарсан сайхан нутаг дайралдаж гэнэ. Тэнд нутаглаж усны сайхныг ууж, өвсний сайхныг /ногооныг/ идэж, хужрын сайхныг долоож байж гэнэ.

Нэгэн өдөр цуутын цагаагч гүү далан хоёр ижил дархан хул заргатайгаа голын хөвөөнд тоглож байж гэнэ. Тэгсэн чинь тэр голын хөвөөн дээр галууны долоон өндөг байжээ. Тоглож наргиж яваад тэр долоон өндгийг хага гишгэж орхижээ. Тэр даруй цуутын цагаагч гүү далан хоёр ижил дархан хул азаргандаа:

- Одоохон явцгаая. Бид хүний нутагт явж байгаад шувууны долоон цагаан өндгийг нь алж, дайсан болоод энд нутаглаж яаж болох вэ? Одоо орон нутагтаа буцъя. Шувууны цэрэг ирж  биднийг өглөөний нарнаар дайсагнан алах гэж байна гэжээ.

Тэгтэл далан хоёр ижил нь үгэнд нь орсонгүй гэнэ. Маргааш өглөө нь үнэхээр шувууны цэрэг буцлан ирж, далан хоёр ижил дархан хул азаргатай нь нум сумаар харваж, тоншиж алаад дуусгаж гэнэ.

Ганцхан цуутын цагаагч гүү цуурай цагаан унагатайгаа хоцорч гэнэ. Гэтэл энэ хоёрыг алах гээд шувууны цэрэг бүслээд байж гэнэ. Тэгтэл сум нь цөөрөөд нэг талаас нь харваж довтолдог болжээ. Цуутын цагаагч гүүний хойд талаас нь харван довтлоход унагаа урдаа авч хамгаалав гэнэ. Өмнө талаас нь довтлон харвахад унагаа газрын дээд талдаа авч хамгаалав гэнэ. Дээд талаас нь дайрахад унагаа доод талдаа авч хамгаалав гэнэ. Тэгсээр байтал шувууны цэрэг сумаа дуусаад алах горьдол тасраад цөхрөөд буцжээ.
Цуутын цагаагч гүү ингэж амь мэнд гараад:

- За, үр минь! Одоо орон нутагтаа буцъя гээд гурван жилийн цаана байгаа нутагтаа жилийн газрыг сараар, сарын газрыг өдрөөр товчлоод буцаж гэнэ. Буцаж явтал унага нь ээжээсээ:

- Ээжээ, таны биед энэ сарайсан сэрийсэн чинь юу вэ гэжээ. Эх нь :

- Аа хүү минь! Харгантын даваагаар давахад харгана бударгана наалдаа биз дээ гэжээ.

Унага бас асуув:

- Ээжээ, ээжээ! Таны биеэс огил сэгэл улаан юм гараад байна. Тэр чинь юу вэ? Гэж асуужээ. Эх нь:

- Хүү минь, Зостын даваагаар давахад зос наалдаа биз дээ гэжээ. Унага бас асууж:

- Ээжээ, ээжээ! Дөмөр дөмөр алхдаг дөрвөн хөл чинь юунд солбиж гуйваад байна? гэжээ.  Эх нь:

- Ээ хүү минь, газрын хол усны уртаас яваад ядраа биз дээ гэж хариулж гэнэ.

Ингэж явсаар байгаад хоёулаа нутагтаа ороод иржээ. Цуутын цагаагч гүү унагаа нутагтаа хүргэж ирээд шархны халуунаас болж нас нөгчих болжээ. Нас нөгчихдөө унагандаа гэрээс үгээ захисан нь:
- Хүү минь ар газраар битгий унтаж яваарай. Шуурга их, чоно ирээд байдаг юм шүү. Өвөр газар унтаж яваарай. Нөмөртэй байдаг юм шүү. Айлын үүдээр битгий гарч яваарай. Хүүхэд нохой нь явуулдаггүй юм шүү. Араар нь гарч яваарай. Амьтанд үзэгдэхгүй гардаг юм шүү. Айлын бууцан дээр битгий унтаж яваарай. Зүү тэвнэ шорлоод байдаг юм шүү. Эрүүл газар унтаж яваарай. Ижилтэйгээ явахдаа адууны захад гарч яваарай. Усанд орж ус ухдаа түрүүнд нь орж ууж яваарай. Адууны сүүлд орвол адууны эзэн нь зодож цохиод болдоггүй юм шүү. Дунд нь битгий орж яваарай. Дайрч өшиглөж алчих гээд байдаг юм шүү. За хүү минь ээжийнхээ хүүрэн дээр гурван жил болоод ирээрэй гэжээ.

Цуурай цагаан унага ээжийнхээ үгэнд оролгүй ар газар унтвал чоно түүнийг барьж идэх гээд, салхи шуурга хөлдөөчих гээд байж гэнэ.  Иймд бөн бөн уйлаад бөжир бөжир жороолоод: - Ээжийн минь хэлсэн яасан сайхан үнэн үг вэ гэж өвөр газар унтах болов.

Тэгтэл нам сайхан унтав гэнэ. Тэгээд бас ээжийнхээ үгэнд оролгүй айлын үүдээр гарч гэнэ. Нохойд нь барьж идчих гээд, хүүхэд барьж унах гээд ядарч гарав гэнэ. Тэгэхэд: - Ээжийн минь хэлсэн яасан сайхан үнэн үг вэ гэж бөн бөн уйлаад бөжир бөжир жороолоод айлын араар гараад явсан чинь нам сайхан гараад явж гэнэ. Ижлийнхээ өмнө усанд орж гэнэ. Хамгийн сайхан ус олж ууж гэнэ. Олон ижлийнхээ сүүлд ороод явсан чинь адууны эзэн зодож нүдээд, усны булингартайг ууж гэнэ. Адууны дунд явсан чинь ижилүүд нь өшиглөж алчих гээд явуулсангүй гэнэ. Адууныхаа захад гараад явсан чинь амьтан хүн зодохгүй, ижил нь тонгорохгүй, өвсний соргогийг идэж аятай сайхан явдаг болов гэнэ.

Миний ээжийн хэлсэн яасан сайхан үнэн үг вэ? Гэж толгойгоороо тоглож, тоосноосоо бусгасаар явжээ.

Гурван жил бололгүй эхийн хүүр дээр очсон чинь сэвс гүзээ хоёр нь байжээ. Гурван жил болоод ээж дээрээ эргэж очсон чинь бал бурам хоёр ургачихсан байж гэнэ. Түүнийг нь идээд толгойгоороо тоглож, тоосноосоо бусгаад явж байтал эрийн сайн Эрхий мэргэн хүү гэдэгтэй уулзав гэнэ. Тэр хүү унаганаас:

- Чи миний морь мөн үү?” гэжээ.

Мөн гэжээ. Чи миний эзэн бол намайг барьж ав гэж унага хэлжээ.

Тэр хүү түүнийг мөнгөн хазаараар хазаарлаж, мөнгөн эмээлээр эмээллэв гэнэ. Унага:
- За чамайг миний эзэн мөн биш хоёрыг ялгаж мэдэхийн тулд уулыг тал болтол, талыг там болтол булгина. Хэрэв чи тогтвол миний эзэн мөн бөгөөд сайн эр гэж мэдье. Тогтохгүй ойчвол миний эзэн биш, би ч чиний морь биш гээд уулыг тал болтол, талыг там болтол бухсанд, Эрхий мэргэн хүү тогтож чадав.

Ингээд үнэхээр эзэн нь морио мэдэж, морь нь эзнээ танив гэнэ. Тэгээд эзэн морь хоёулаа болж, амар сайхан жаргаж гэнэ.

Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : Их билигт ХХК “Монгол ардын үлгэр”
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл