
07-р сарын 21-ний өдөр Токиод болсон Олон улсын олимпын хорооны бүгд хуралдаанаар Бээжингийн өвлийн олимпын хороо бэлтгэл ажлаа тайлагнаж, дэлхий нийтэд хандан, хэмнэлтэй, аюулгүй, гайхамшигтай олимпын наадам зохион байгуулахаа илэрхийллээ.
Бээжингийн өвлийн олимпын хорооны дэд дарга Юй Зайчин, Бээжингийн өвлийн олимпын хорооны гадаад харилцааны хэлтсийн дарга Жан Чянь зэрэг хүмүүс бүгд хуралдаан дээр хандан спортын ордон, дэд бүтцийн бүтээн байгуулалт, туршилт шалгалтын үйл ажиллагаа, туршилтын тэмцээн, зохион байгуулалт болон спортын ордныг ажиллуулах байдал, спортын тэмцээний үйлчилгээний баталгаа, сурталчилгаа, соёлын арга хэмжээ, тогтвортой хөгжил ба өвлөн уламжлал, цар тахлаас урьдчилан сэргийлж хянах зэрэг талаар тайлан танилцуулга хийжээ.

Олон улсын олимпын хорооны дарга Бах хэлэхдээ "Олон улсын олимпын хороо Бээжингийн өвлийн олимпын хороотой хамтран, аюулгүй өвлийн олимпыг зохион байгуулахын төлөө зүтгэнэ. Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажлууд илт үр дүнтэй болж байна, ялангуяа 300 сая хүнийг цас мөсний спортод хамруулж байгаа нь дэлхийн өвлийн спортын түүхэн дэх гайхамшиг болох юм гэжээ. Олон улсын олимпын хорооны Бээжингийн өвлийн олимпыг зохицуулах комиссын дарга Самаранч хэлэхдээ, цар тахлын сорилтод нүүрлэж байгаа хэдий ч Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил товлосон ёсоороо явагдаж байна" гэжээ.
Бээжингийн өвлийн олимпын уралдаан тэмцээний 12 заал талбайн бүтээн байгуулалтын ажил өндөрлөсөн бөгөөд олон улсын өвлийн ганцаарчилсан спортын байгууллагын шалгалт үнэлгээгээр хүлээн зөвшөөрөгджээ. Тэмцээний зориулалттай бус орднуудын барилга байгуулалт, засварын ажил тогтвортой явагдаж байна. Энэ оны 2-р сар, 4-р сард Бээжингийн өвлийн олимпын хороо цас, мөсний төрлийн туршилтын тэмцээн зохион байгуулж, спортын ордны тоног төхөөрөмж, уралдаан тэмцээний зохион байгуулалт, онцгой байдлын сургуулилт зэргийг үр дүнтэй туршин шалгасан юм. Төлөвлөгөөний дагуу 9-12-р сарын боломжийн үед 10 төрлийн олон улсын тэмцээний туршилт болон олон улсын сургуулилтын долоо хоногийн арга хэмжээг 3 удаа зохион байгуулж, бэлтгэл ажлаа бүх талаар туршин шалгах гэж байна.
