Ухаандаа нар ургуулж, амьдралдаа од гялалзуулан малчин заяаны үйлсийн харгуй дээр өөрийн гэсэн амьдрахуйн ухааны ая дууг баталж яваа шинэ цаг үеийн малчин айлын нэг болох Шулуун хөвөөт цагаан хошууны Булгантохой сумын Санжийн булаг багийн Бүрэнцэнгэлийг сонсож байснаа сурвалжилсан маань сэрүүн намрын хонгор салхи илбэсэн аравдугаар сарын дунд үе билээ.
Дөчин насны ид дөрөөн дээр гялалзуулж яваа Бүрэнцэнгэл ухаан сэргэлэн, ажилч хөдөлмөрч залуу юм. 1998 онд аав нь хүнд өвчнөөр нас барж, тэрээр сургууль соёлын мөрийг зогсож, 2 жилийн дараа бэр буулган ээжтэйгээ том өрх болж, ганц хүүгийн тавилангаар айл гэрийнхээ тулгуур хүч болж явахдаа сурсан мэдлэг соёлоо мартаж гээлгүй, арга ухаан, ажилч зангаа түших юм бол юу ч хийсэн бусдаас доордох ёсгүй гэж итгэлтэй явсан. “Малаа өнөр үржүүлэн сууриа бататгаж, сүргийн бүтцээ тааруулж тохируулан, малын үүлдрийг шилдэг болговол өндөр үр ашиг хүртэж чадна” гэж хол ойрдоо нэртэй адуучин, бөх, гарамгай малчин байсан ухаант аавынхаа үргэлж хэлж хийсээр ирсэн зүйлсийг ажил амьдралдаа тунгаан ухаж явдаг байжээ. Тэрээр нутаг бэлчээр тачиршин элсжиж, амьдрал үйлдвэрлэлд хүнд ноцтой нөлөөлж байгааг мэдэж, малаа яаж үржүүлж, байгаль орчноо хэрхэн сэргээх тухай нарийн нямбай тунгааж бодсоноо гэргий Ариунгоотойгоо зөвлөж, 2009 онд нэг хэсэг малаа худалдаж, бод бог 100 гаруй малтай Зүүн Үзэмчин хошууны Хатавч сууринд хүрч, жилд 40 мянган юаниар 667 га нутаг бэлчээр түрээслэн, үзэмчин хонь худалдан авч маллажээ. Дараа хавар нь 280 төл тосож, дараа жил нь мөн 389 төл тосож, жилдээ төл малаа худалдаж борлуулахын хамт эх мал худалдан авч малласаар ирэв.
“Төлөөр баяжиж, шөлөөр цадна” гэдгээр эднийх өнчин ишгэний гарзгүй малаа онд мэнд оруулсаар нэг мэдэхэд 7 хавар намрыг угтан үдэж, мал нь 1000 толгойд хүрчээ. Адуу мал нь 10 дахин өсөж, жилийн мал худалдсан орлого нь дунджаар 200 мянган юаньд хүрчээ.
“Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдэг. Хүссэн бодсоноо хийж бүтээж явснаа дүгнэхэд мал сүрэг өнөр өсөж, аж амьдрал чинээлэг болж, байгаль орчин сэргэхэд шинийг санаачилж, хийж бүтээхийг бодож явдаг Бүрэнцэнгэл өнгөрсөн жил 500 хонь, 50 адуу, 10 үхэртэй нутагтаа буцав. Бүрэнцэнгэлийнх нутагтаа буцаж ирсний дараа шинэ хуучин туршлагаа дүгнэж, байгалийн гай гамшгийн өмнө мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг баталгаажуулах нь бэлчээр нутгаа хамгаалахын хамт мал аж ахуйн суурь бүтээн байгуулалтыг сайн хийх хэрэгтэй гэдгийг мэдэж, 0.1 гаруй сая юанийн хөрөнгө оруулж, 9 өрөөтэй тоосгон пин, 98 өрөөтэй задгай хашаа, өвс хадгалах саравч, автомат худаг, өвс хадаж хамах машин зэргийг иж бүрэн болгоод малаа хашаалан маллах замаар замнажээ.
Хүний амьдрал хүсэл зоригийн эрчинд өөдөлдөг учиртай. Чадлын хэрээрээ чармайж өглөө үдэштэй уралдан, шаргуу хөдөлмөрлөсний хариуд Бүрэнцэнгэлийнх тухайн жилдээ өвс бордоо элбэг хураан нөөцөлж, ган зудад мал сүргээ онд мэнд оруулах баталгаатай болжээ. Энэ үед Бүрэнцэнгэл өөрийн 102 га нутаг бэлчээр болон түрээсэлсэн 147 га бэлчээртээ зохицуулан мал сүргийн бүтцээ тааруулан, бог малаа цөөлөн шилдэг үүлдрийн 160 үзэмчин хонь, шилдэг үүлдрийн 8 семинтар үнээ, 50 адуу маллаж нутаг усандаа мал сүргийн бүтцэд төлөвлөлт хийсэн үлгэр жичээч өрх болов.
Энэ жилийн орлогын тухай асуухад: - Одоог болтол 150 хонь хурга зарж, 128.5 мянган юанийн орлого олж, үхэр тугал, адуу унага зарсан орлого нь 80 мянган юаньд хүрч, зун 20 гүү сааж, айраг зарсан орлого 120 мянган юаньд хүрсэн гэлээ.
Холыг харан хөдөлмөрт амтшин, залуу насны цог золь бадруулж яваа малчин Бүрэнцэнгэлийн нэг хүний жилийн орлого 60 мянган юаньд хүрчээ. Охин Аальсайн нь Шилийнгол аймгийн Монгол дунд сургуулийн 3-р ангийн шилдэг сурагч болж явна. Зоригтойгоор малаа цөөлөн шилдэг болгож, орон нутагтаа тохируулан жилдээ шилдэг үүлдрийн 200 хонь, үхэр, адуу маллаж, тухайн жилдээ төлөө борлуулж, сүргийн эргэлтийг хурдасган орлогоо нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг хөнгөлж, байгаль орчны үр ашгаа дээшлүүлж яваа мал аж ахуйн арга нь цаг үеийн содон малчны ухааныг гайхуулж, эр босоо зориг, эрч чанга хөдөлмөрөөрөө чинээлэг амьдралынхаа алтан жолоог сунган урагшилна.
