Хятадын хог хаягдал шатаан цахилгаан гаргах технологийн компани тэнд очиж, Дундад Дорнодын бүс нутаг дахь хаягдал шатаан цахилгаан гаргадаг анхны үйлдвэрийг байгуулж, хотын хог хаягдлыг ашиглан цахилгаан гаргаж, тус хотыг эрчим хүчээр ханган, байгаль орчныг хамгаалах бүтээн байгуулалтад нь өвөрмөц хувь нэмрээ оруулж байна.


Хятадын Жэжян мужийн байгаль орчныг хамгаалах технологийн Тайлай компани Иранд хог хаягдал ашиглан цахилгаан гаргах өндөр технологийн станц байгуулсан анхны компани юм. 2011 онд Иранд компанийн салбараа нээснээс хойш тус улсын хог хаягдал шатаан цахилгаан гаргах зах зээлийг өргөжүүлж, Ираны орон нутгийн компанитай хамтран, 2013 онд Тегеран, Нов-Шахар, Сарид хаягдал шатаан цахилгаан гаргах 3 үйлдвэр байгуулах гэрээ байгуулж, тус төсөлд хаягдал шатаан цахилгаан гаргах технологи, тоног төхөөрөмж нийлүүлэхээр болжээ.
Ираны нийслэл Тегеранд өдөр бүр бараг 7000 тонн хаягдал гардаг. Хотын ойролцоо байгуулсан хог хаягдал булах газрууд эдгээр хаягдлыг яаралтай зохицуулах шаардлагатай болдог байна. Эдгээрийн нэг нь Тегеран хотын өмнөд хэсэгт буй хаягдал шийдвэрлэх газар бөгөөд ьэп өдөрт 2000 тонн хаягдлыг зохицуулдаг байна. Энэ газар нь Комейни олон улсын нисэх онгоцны буудал явах хурдны замд ойрхон байдаг тул нисэх онгоцны буудал, хот хооронд ирж очиход байнга эвгүй үнэр гардаг байна. Байгаль орчныг хамгаалах технологийн Тайлай компани Ираны компанитай хамтарч байгуулсан Тегераны хаягдал шатаан цахилгаан гаргах үйлдвэр энэ газраас 2 км зайтай байгуулагджээ. 2015 оны 2-р сараас хэрэгжиж эхэлсэн энэ төслийг Ираны засгийн газар чухалчлан үзсэн байна. Дундад дорнодын бүс нутагт байгуулсан хаягдал ашиглан цахилгаан гаргах анхны энэ үйлдвэр өдөрт 200 тонн хаягдлыг зохицуулах чадвартай. Байгаль орчныг хамгаалах технологийн Тайлай компанийн дэд захирал Лю Юйшань: Хог хаягдлыг бүрэн зохицуулж, өндөр дулаанаар шатаадаг нь цахиурт азотын ислийг арилгаж, байгаль орчинд хоёрдогч бохирдуулалт үүсгэхээс зайлсхийдэг гэж танилцуулсан юм.

"Хог хаягдлыг зууханд хийснээс хойш маш өндөр температурт пиролизээр хийжин шатдаг тул хорт бактери бүрэн арилдаг. Бий болсон их хэмжээний шатамхай хийг хоёрдогч шатны зууханд шатаахад, нүүрстөрөгч, нүүрстөрөгчийн дан исэл, устөрөгч зэрэг органик хий 99.9 хувь хүртэл шатаж арилдаг. Үүнд хамгийн гол асуудал нь, ойролцоогоор 1150 градусын ийм өндөр температурт шатаахад азотын ислийн хэмжээ стандартаас давдаггүй, азотын ислийн ялгаралтыг маш энгийн аргаар тогтоон барьж чаддаг юм. Энэ нь, хөрөнгө оруулалтыг хэмнэж, зардалд хямд тусах тул Ираны засгийн газар, холбогдох байгууллагууд хүлээн зөвшөөрсөн юм. Ираны тал зөвшөөрөл нотолгоо олгосны үндсэн дээр бид олон улсын хамтын ажиллагааны бусад төслийг хүлээн авсан.”

Тегераны хаягдал шатаан цахилгаан гаргах үйлдвэр ажиллаж эхэлсэн нь Тегеран хотын зарим хог хаягдлыг шийдвэрлэж, цахилгаан гаргасны зэрэгцээ агаарт хоёрдогч бохирдуулалт үүсгэхээс зайлсхийж чаджээ. Тус үйлдвэр Иран, Хятадын компани нэгжийн хүрээлэн буй орчныг хамгаалах салбарын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, Ираны олон газрын захиргааны байгууллагын ажилтнууд ирж үйлдвэртэй танилцан, орон нутгийн хог хаягдлын асуудлыг ч ийм аргаар зохицуулах хүсэлт тавьдаг болжээ.

Ираны умард нутгийн Мазандаран мужийн Нов-Шахр бол Каспийн тэнгисийн эрэг дэх аялал жуулчлалын хот юм. Жил бүр Ираны олон газраас маш олон жуулчид тэнд очдог байна. Орон нутгийн экологийн орчныг хамгаалах, аялал жуулчлалыг байгальд ээлтэйгээр хөгжүүлэхийн тулд тус хотынхон хог хаягдлыг шийдвэрлэх явдлыг ихэд чухалчилдаг байна. Хотын дарга Али Шадман: Байгаль орчныг хамгаалах нь маш чухал. Манай хот хог хаягдлыг шийдвэрлэхэд нарийн нямбай хандаж байгаа бөгөөд хаягдлыг шатаан цахилгаан гаргах хэлбэр эерэг үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

“Иранчууд байгаль орчноо хамгаалахыг онцгой анхаардаг. Учир нь байгаль орчны хамгаалалт, хөгжил салшгүй холбоотой. Байгаль орчны хамгаалалтыг сайн хийж чадахгүй бол хөгжил биш гэж бид үздэг. Иймээс хүрээлэн буй орчныг эрсдэлд оруулж буй ямарваа үйл ажиллагаа, ямарваа үзэгдлийг бид заавал арилгах ёстой. Эдгээр арга барилуудын нэг нь хаягдал шатаан цахилгаан гаргах үйлдвэр байгуулсан явдал юм. Энэ бол улс орны хэмжээнд гаргасан шийдвэр бөгөөд үүнийг Нов-Шахр хот хэрэгжүүлж эхэлсэн.”

Нов-Шахр хотын хаягдал шатаан цахилгаан гаргах үйлдвэрийг энэ оны 5-р сараас эхлэн байгуулжээ. Каспин тэнгисийн эрэгт хур бороо элбэг ту газрын хөрсний 2, 3 метрийн гүнд гэхэд газар доорх ус байдаг ба гол горхи уулын гүнээс тэнгис рүү урсаж ордог. Иймээс усны бохирдол үүсгэхээс сэргийлэх явдал ч үйлдвэрийн төслийн чухал агуулга болжээ. Тус компанийн цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмж, угсрах ажил хариуцсан ерөнхий инженер Луань Гүөминь: Хаягдлаас их хэмжээний бохир ус бий болдог бөгөөд түүнийг зүй зохистой шийдвэрлэх нь чухал юм гэжээ.
"Хог хаягдлын бохир бус хэрэв хөрсөнд нэвчин орж газар доорх усанд нөлөөлбөл маш муу үр дагавартай. Судалгааны дүнд бид хог хаягдлын бохир усыг цуглуулан хуримтлуулж, ариутган цэвэршүүлэхээр боллоо. Бидний зорилт биелж, үйлдвэрээс тавьж явуулах ус стандарт хангаж байгаа бөгөөд бохир ус цэвэршүүлэх тал дээр бүрэн итгэлтэй байна.”
Мазандаран мужийн төв Сари хотын хойд хэсгийн аж үйлдвэрийн бүсэд бүтээн байгуулж буй өдөрт 350 тонн хог хаягдлыг шийдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн бүтээн байгуулалтад Хятадын компани оролцож байна. Өдгөө Сари хотын хог хаягдлыг ойн бүсэд аваачиж булдаг байна. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш хотын хаягдлыг зөөвөрлөн тус цахилгаан үүсгүүрийн үйлдвэрт шийдвэрлэх боломж нээгдэх юм байна. Хог хаягдал шатаан цахилгаан гаргах нь Ираны хувьд ашиг тусаар илүү төсөл болсон юм. Гэтэл Иран урт хугацааны эдийн засгийн хоригт байсан тул төсөлд хөрөнгө оруулалт дутагдаж байна. Олон хот бүгд хаягдал шатаан цахилгаан гаргах төсөл хэрэгжүүлэх зорилттой боловч тоног төхөөрөмжийн зардлын 40 хувийг урьдчилан төлж чадахгүй байгаа нь Иранд энэ төрлийн төсөл хэрэгжихэд саад болж байна. Хятадын Жэжян мужийн Тайлай компанийн төлөөлөгч Лян Жиньсүө энэ тухай хэлэхдээ: Өдгөө манай компани хөрөнгө босгох шинэ хэлбэр хайж байна. Каспин тэнгисийн эрэг дэх Гилан мужийнхан Рашт хотын төсөлд Хятадын бусад компанитай хамтран ажиллаж байна гэжээ.
“Бид Ираны Каспин тэнгисийн эрэг дагуу нутагт дээрх гурван үйлдвэрийг байгуулж дууссаны дараа бас 4 үйлдвэр нэмж байгуулах зорилготой юм. Даруй байгуулах тулгамдсан шаардлагатай 4 үйлдвэрээс дараачийн шатанд Рашт хотод төслийн барилгыг эхлүүлэх болно. Тус хотынхон хөрөнгийн 30 хувийг нийлүүлж, үлдсэн 70 хувийг хөрөнгө босгох хэлбэрээр шийдвэрлэхээр болсон. Хятадын Жүншинь банк, Хятадын төмөр замын компанийн 1-р товчоо хөрөнгө нийлүүлэх гэж байна. Байгаль орчныг хамгаалах тухай төслийг бүгд таашааж байгаа тул хөрөнгө босгох асуудал үндсэндээ асуудалгүй болсон. Рашт хотод байгуулах төслөөр бид шинэ арга зам олохыг хүсэж байна.”
