
Сураггүй болсон “Airbus A320-200” онгоцны сэг болон зорчигчдын цогцос Ява тэнгисээс олдсноор “AirAsia Indonesia” компанийн “QZ8501” нислэг сүйрсэн нь тодорхой болжээ.
Индонезийн тэнгисийн цэргийнхэн өчигдөр тэнгист хөвж байсан 40 гаруй хүний цогцосыг олж, зургааг нь хэн болохыг тогтоосон байна. Онгоцны сэг “QZ8501” нислэгтэй холбоо тасарсан хэсгээс 100-200 км зайтай тэнгисийн усанд хөвж явсан аж.
Одоо аврах, эрэн хайх олон улсын хамтарсан баг зорчигчдын цогцосноос гадна сөнөсөн онгоцны хар хайрцгийг олох ажилд түлхүү анхаарч байна. Калимантан арлын ойролцоо Ява тэнгист эрлийн том баг гарч, олон тооны нисдэг тэрэг, хөлөг онгоцоор өргөн хүрээтэй хайгуул явуулж байна.
