solongonews
Соёлын өлгий сумын сургууль
2018-06-26 10:56
ӨМӨЗО-ы Улаанхад хотын Баарин баруун хошууны 11 сумын монгол бага сургуулийг сурвалжилсан тэмдэглэл

 

- Сумыг нийлүүлсэн ч сумын сургуулийг нийлүүлээгүй болохоор манай хошуунд сумын 11 монгол бага сургууль бий.

- Манай анги хоёрхон сурагчтай ч сумын сургууль минь үнэхээр сайхан.

- Манай сургууль л сумын бууцаа сахиж үлдсэн …

Дөрөвдүгээр сарын сүүлээр ӨМӨЗО-ы Улаанхад хотын Баарин баруун хошуугаар сурвалжлагч сурвалжлага хийж явахад 11 сумын монгол бага сургуультай байсан нь яахын аргагүй сэтгэлийг татаж билээ. Хонхны дуу уул талаар цуурайтан, ардын дуу мэт сумын сургууль хаврын галууд шиг зэллэн эх соёл зүгээ нүүдэллэнэм. Одоо 11 сумын монгол бага сургуульд нийт 1500 гаруй сурагч суралцаж байна.

Түүх хайлсан сумын сургууль

“Дингар дангар, дингар дангар” …

Хонхны дуугаар борхон хацартай сумын хүүхдүүд гүйлдлээ. Хүний нүдэнд өртөмгүй жижигхэн энэ хонх үй түмэн хүний оюунд эрдэм юүлсэн “алтан хонх” билээ.

Бааринчууд соёл сурган хүмүүжлийг маш их хүндэтгэн үздэг нь сумын сургуулийн түүхээс тод харагдана. Бүртгэлийг үндэслэхэд Чин улсын сүүлээс улс чөлөөлөгдөх хүртэл Баарин баруун хошуунд монголоор хичээллэдэг айлын сургууль 114 байжээ. 1910 онд Баарин баруун хошууны том байшин дахь хамгийн анхны сургууль-Нийгэм гэгээрүүлэх сургууль (Даван суурингийн монгол үндэстний туршилтын бага сургууль) байгуулагдав. 1946 он болоход 11 албанаас эрхэлсэн бага сургууль, 20 гаруй баг тосгоны сургуультай болов. 1948 онд 90 орчим сургууль (үүнд 34 монгол бага сургууль)-тай болжээ. 1958 онд бага сургууль, заах аргын сургах чиг 217 болон нэмэгдэж, сургуулийн наснаас өмнөх сурган хүмүүжлийг эхлүүлжээ. 1964 оноос эхлэн бүхэл өдрийн дүрэмт хичээллэх болон ажиллахын зэрэгцээ суралцах“ хоёр төрлийн дүрэм”-ийг зэрэг хэрэгжүүлж, бага сургуулийн сурган хүмүүжлийг хөгжүүлжээ.

80-аад оны дундуур Баарин баруун хошуу “Үе шат хуваан сургууль нээж, үе шат хуваан хариуцах” дүрмийг хэрэгжүүлэн, суурь сурган хүмүүжлийг хөгжүүлэх үүргийг сум сууринд даалган өгчээ. 1990 онд мал аж ахуйн суманд “хоёроор голлосон албанаас эрхэлсэн” бага сургуультай болов. 2003 онд хошууны ардын засгийн газраас “Хөдөө тосгон мал аж ахуйн орны албан журмын сурган хүмүүжлийн байгууламжийг сайжруулах талын төрийн зөвлөлийн албан тэнхимийн мэдэгдэл”-ийг хэрэгжүүлж, “эхлээд, гол” гэх чиглэлийг баримтлан, “нэг шянь (сум) нэг сургууль (бүрэн бага сургууль)”-тай байх төлөвлөгөөг хэрэгжүүлэв.

2006 онд хошууны зэрэглэлийн монгол үндэстний бүрэн бага сургууль 1, сум шянь суурингийн гол бүрэн бага сургууль болон бүрэн бага сургууль 12 байсан бол, одоо хошууны зэрэглэлийн монгол үндэстний бүрэн бага сургууль 2, сум суурингийн гол бүрэн бага сургууль болон бүрэн бага сургууль 11 болсон байна.

“Дингар дангар, дингар дангар” …

Төмөр хонх түүхээ хайлан аясын салхийг аргадан холын хол цуурайтна. Хонхны дуу нь монгол хүүхдийн уяхан эгшгээр солигдон соён гэгээрлийн их үйлс зүг жолоо сунган алсыг зорино.

“ Сорогч нөхөд өө, хичээл орлоо …”

Хүүхдүүдийн цангинасан дуу, цалгисан инээд хөдөө нутагт цуурайтахад, сумын сургуулийн ирээдүй гэгээ тэнд солонгорч, уугуул соёлын орд аян үргэлжилнэ.

Бууцаа сахисан сумын сургууль

- Бид хоёр дөрөвдүгээр ангийн сурагч. Уг нь бид дөрөв байсан, одоо хоёулаа үлдсэн. Хоёрдугаар ангид бас хоёр сурагчтай гэж дөрөвдүгээр ангид суралцаж байгаа Дурсал, Илч нар ярив.

- Ганган сумыг Жаргалын зам сумтай нийлүүлснээс сурагчид тэнд очиж суралцах болсон. Одоо бага сургуульд 1-5 анги хүртэл 21 хүүхэд байна. Манай суманд ганцхан сургууль үлдсэн гэж сургуулийн захирал Насанбаяр ярьж билээ.

Говийн ганц айл шиг бууцаа сахиж үлдсэн хорьхон сурагчтай сумын сургууль хөдөө нутгийн сурган хүмүүжлийн нэгэн бүрэлдэхүүн болж өнөөг хүртэл оршин байгаа нь тун дотно санагдлаа.

Ганган сум нь улс чөлөөлөгдсөний дараах эхний жилүүдэд Баарин зүүн хошуунд харьяалагдаж байв. 1952 онд Баарин баруун хошуунд харьяалагдаж, 1958 оноос Жаргалын зам суманд хамрагдаж байгаад 1984 онд Ганган сум болж, Ганган ерөнхий сургуулийг байгуулжээ. 2001 онд Ганган сумд 4 бага сургууль, 2 чиг сургууль, 300 гаруй сурагчтай байв.

- Манай сургуулийн өнөөгийн хөгжлийн чиглэл бол сурагчийн тоогоо нэмэгдүүлэх ажил болно. Бид цэцэрлэгээс эхлэн хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулж байна. Сумын айл өрх дараалан орж хүүхдээ сумынхаа сургуульд оруулж байх талаар сурталчилгаа хийж байна гэж Ганган сургуулийн захирал Насанбаяр ярьж байлаа.

- Сумын сургууль бидэнд ойр байдаг. Бид хүүхдээ сумын сургуульдаа явуулахгүй бол сумын сургууль устах аюултай. Сургуулиас хүүхдийн өдөр бүрийн хичээл сурлага, хоол хүнс, наадам тоглоом, урлаг соёлын хичээлийг эцэг эхэд нь вичатаар дамжуулж өгдөг гэж сурагч Дурсалын ээж Саруул ярив.

Мандах нарны туяанд Алхингаа мэйрэн алсыг бараалан зогсоно. Энэ бол Цагаамөрөн гол бага сургуулийн хүрээн дэх шуумал хөрөг. Их мэргэдийн шуумал хөрөг нь сурагчийн хүн болохыг заадаг анхны хичээл болдог ажээ. 1936 онд Цагаанмөрөнд анхны сургууль байгуулагдаж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

- Манай сургууль 80 гаруй жилийн түүхтэй. Манай сургуулиас “зулчны гурван билиг” шиг олон түмэнд алдаршсан эрдэмтэд мэргэд олон гарсан. “Тан улсын шүлэг гурван зуун бадаг”-ийг монгол хэлэнд орчуулсан гурван билгийн нэг болох Содбилэг энэ сургуулиас төгссөн. Одоо манай сургууль зулчин соёлоо уламжлан, шинэ цагийн шилдэг сурагчдаа хүмүүжүүлэхэд зүтгэж явна гэж сургуулийн захирал Оюунт ярилаа.

Шармөрөн голын хойд дэнж, Дэл уулын өмнө хормойд Хурах гол бага сургууль бий. Хурах гол бага сургууль нь 30-аад оноос “Гэрийн сургууль”, “Айлын сургууль”-д үндэслэн боссон зуун дамжсан түүхт сургууль болно. Тус сургууль нь одоо Шармөрөн суманд харьяалагдах бөгөөд багийн зэрэглэлийн хоёр сургуультайгаараа онцлог.

- Манай сургууль бол айлын сургууль. Одоо 14 хүүхэдтэй, нэг хичээлийн ангид дөрвөн ангийн хүүхэд хамт хичээллэдэг. Нэгдүгээр эгнээнд нь нэгдүгээр анги, хоёрдугаар эгнээнд нь цэцэрлэгийн том анги, гуравдугаар эгнээнд нь цэцэрлэгийн дунд анги, дөрөвдүгээр эгнээнд нь цэцэрлэгийн бага ангийн хүүхдүүд хичээллэдэг гэж Овоот цэцэрлэгийн багш Эрдэнцэцэг танилцууллаа.

- Манай сургууль одоо цэцэрлэг болсон, хүүхдүүд маань цэцэрлэгээ дүүргэвэл Хурах гол бага сургуулийн нэгдүгээр ангид ордог. Багтаа хүүхдийн цэцэрлэгтэй байх нь малчдад их амар байдаг гэж Хурах бага сургуулийн багш Нямаа ярьж байв.

- Манай Хурах гол бага сургууль хоёр багийн сургуультай. Хэдийгээр гол бага сургуулиасаа 20 минут явах зайтай ч багийн ард гэрийн хажуудаа сургуультай байх нь маш чухал. Манай сургууль туршилтын бааз хэрэгсэл зэргийг бүрдүүлсэн гэж сургуулийн захирал Цолмон ярилаа.

Хоёрхон сурагчтай анги, багийн зэрэглэлийн хоёр сургууль, 80 жилийн түүхтэй сумын сургууль бууцаа сахин үлдлээ.

Амилал бялхсан сумын сургууль

- Багш аа, үүнийг “хайрсан боов” гэдэг.

- Би “хайрсан боов” гэсэн нэртэй биш ээ, намайг Хайлган гэдэг.

…

Хоч нэр нь хүртэл “Монголоороо байдаг” нь сэтгэлд ямар ойрхон гээч… Монгол соёлын өлгий болсон хөдөөний сургууль минь энэрэлт ээжийн хайр бялхсан харц гэмээр.

- Хошуу засаг болон сурган хүмүүжил, шинжлэх ухаан техник мэргэжлээс сумын сургуулийг маш их дэмждэг. 2017 онд нийт 20.35 сая юанийн хөрөнгө оруулж, 2018 онд 28 сая юанийн хөрөнгө оруулж дэмжихээр төсөв төлөвлөгөөнд ороод байна гэж Баарин баруун хошууны сурган хүмүүжил шинжлэх ухаан техник мэргэжлийн товчооны дарга Сээван ярилаа.

- Манай сургуульд “Лү доктор” хэмээх удирдлагатай сургалтын төхөөрөмжийг угсарсан гэж Ихнуур гол бага сургуулийн захирал Цэцэн ярьж байлаа.

- Хүүхдүүдээ элсэнд тоглуулах гэж бид сургуулийн хүрээнд элс буулгаж байна гэж тоглоом наадмыг байгуулсан үгнээс нь өөрийн эрхгүй 11 сумын сургуулийн суурь бүтээн байгуулалтад их анхаарал хандуулж байгааг харж болно.

Бор-Ус монгол бага сургууль нь 369 сурагчтай, сумын сургуулийн хувьд сурагчийн тоо хамгийн олонтой бөгөөд бүтээн байгуулалтаараа тэргүүнд жагсана. Гурван давхар хичээлийн байшинтай. Жаргалын зам гол бага сургууль нь энэ жилийн 09-р сард шинэ хичээлийн байшиндаа нүүж орохоор төлөвлөж байна. 11 сургуулиас 2 нь  хичээлийн байшинтай болсон бөгөөд бусад сургуулиуд нь стандарт шинэ хичээлийн байр, цэвэр тохилог хоолны газар, цэцэрлэгжүүлсэн сургуулийн хүрээтэй болж, танхил хүүхдүүд таатай орчинд бойжно.

- Манай сургууль хэдийгээр хорьхон сурагчтай ч компьютерын хичээл ордог. Олон үйлдэлт төхөөрөмжийг анги бүрд суурилуулж, өдөр бүр баялаг агуулгатай хичээллэж байна гэж Ганган сургуулийн захирал Насанбаяр ярьж билээ.

- Сар бүр шинэ шөл уудаг. Шүүс гаргах бүр эцэг эх бидэнд улаан идээний тухай ёс заншлыг тайлбарлан ярьж зааж өгдөг гэж хүүхдүүд булаацалдан ярина. Хоол хүнс идэх, хийж бэлтгэхээс эхлэн ёс заншил, зан үйлээ сурч байдаг нь сумын сургуулийн хүүхдийн бас нэг онцлог.

Суварга гол бага сургууль, Хурх гол бага сургуулийн сурагчид жил бүр хүлэмжид хүнсний ногоо тарьж, ногооны нэр, ургах хугацаа, арчлах арга зэргийг өөрсдөө сурдаг байна. “Ажил хийвэл ам тостоно” гэх амьдралын ухааныг тэд хэлүүлж биш хийж сурдаг.

- Бид сургуульдаа дуу бүжиг, бөмбөг зэрэг олон төрлийн сонирхлын хичээл ордог. Мөн малчин айлд хүрч, ажил хөдөлмөрт нь оролцох, адуун соёлын наадамд очих, тэмээ ноослох зэрэг ажил хийдэг.

…

Ер нь сумын сургуульд сурч байсан хүн бүхэн сумын сургуулиа дурсан ярих дуртай байдаг. Үнэхээр ч тийм дээ. “Үхэр тэрэг миний багш” гэдгээр хөдөө нутгийн хүн ард, говь цайдам, элсэн манх, ширхэг чулуу чимх шороо нь хүртэл хүүхэд бидний багш болдог.

Ном бол ертөнцийг харах цонх, оюуныг нээх түлхүүр мөн. Сумын сургууль хот газраас зайдуу боловч тэнд юу ч үл дутна. Сургууль бүрд номын сан, ном унших олон үйл ажиллагаа зохион байгуулдаг нь сумын сургууль дэлхийтэйгээ дэндүү ойрхон байгаагийн шинж билээ.

Шавартай гол бага сургуульд “Өдөнсанбуу номын өрөө” гэж бий. Өдөнсанбуу бол Баарин баруун хошууны Шавартай сумын уугуул. Тэрээр 300 мянган юанийн хөрөнгө оруулан 162 хавтгай дөрвөлжин метр барилга барьж, 30 мянган номтой номын өргөө байгуулан, ус нутгийн зон олондоо соёл гэгээрлийн алтан харгуйг нээж өгчээ.

- Алдарт зохиолч А.Очир манай сургуулийн сурагч байсан. Бид А.Очирын “А.Очир номын өргөө, түүний зохиол бүтээлээр нэрлэсэн “Алмасын дуун” бөхийн өргөө зэргийг байгуулж, сурагчдаа А.Очироор үлгэр жишээ болгон түүний оюун билэг, нөр их хөдөлмөрөөс даган суралцах хүмүүжил олгож байна хэмээн Суварга гол бага сургуулийн захирал Цэнгэлт ярьж билээ.

- Бид уншсан номоо өдөр бүр сургуулийн радиогоор ярьдаг бөгөөд сургуулийн сониндоо нийтэлдэг гэж Цагааннуур гол сургуулийн тавдугаар ангийн сурагч Төгөлдөр ярив.

- Сумын хүүхдүүд энгийн нэг номын сангаас ертөнц дэлхийн сонин хачинг эх хэлээрээ уншдаг болохоор бид номын сангаа илүү сайхан болгож, хүүхдүүд номын санд очих дуртай болгохыг хичээдэг гэж Баяхан гол бага сургуулийн багш Саранаа ярьсан билээ.

Хөдөөгийн хөх жаалд үсэг нүдлүүлж, ухаан суулгадаг нь багш хүн юм.

- Сумын сургуульд багш хүрэлцэхгүй байгаа нь тулгам асуудал болоод байна. Ахмад багш нь залуу багшаас харьцангуй олон, мэргэжлийн багш дутмаг байна. Хэдийгээр сумын сургуульд багш дутагдаж байгаа ч эрдэмт багш нар ирээдүй хойчийн төлөө зүтгэсээр л байна …

Энэ жил Алтанцэцэг багш ӨМӨЗО-ы “Үүрэг хариуцлагаа гүйцэтгэн хүсэл мөрөөдлөө биелүүлсэн хүн• Умард хилийн хамгийн сайхан эмэгтэй” яруу алдрыг хүртсэн Өвөр Монголын цорын ганц багш болжээ. 25 жилийн турш тэрээр Баянтал сумын гол бага сургуульд багшилж, хүүхдүүдэд аливаа бүхнээ зориулж ирсэн билээ.

- Би хүүхдүүдтэйгээ адилхан малчны хүүхэд. Багш хүний хувьд малчин түмний үр хүүхдээ сайн хүмүүжүүлэх үүрэгтэй гэж Алтанчимэг багш ярилаа. Энэ бол сумын багш, эгэл даруухан хөдөөний зүтгэлтэн. Тиймдээ л сумын сургууль амьлал бялхсан соёлын алтан өлгий билээ.

Зохиогч: Цолмон
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Өвөр Монголын багачуудын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл