
Хэлэлцээний хүрээнд талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах асуудлаар голчлон санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д уул уурхайн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр, нүүрс, хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд чухал байгааг тэмдэглэв.
Тавантолгойн ордод түшиглэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шингэн болон нийлэг хий гаргах иж бүрэн төсөлд хамтарч ажиллах, хилийн зарим боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж олон улсын статустай болгох, Хятад-Европыг холбосон нислэгт Монгол Улсын агаарын орон зайг ашиглах, агаарын хаалга шинээр нээх, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтарч ажиллах чиглэлээр Ерөнхий сайд нар санал солилцлоо.
Түүнчлэн Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барих төслийг даруй эхлүүлэх, “Хэрлэн говь” төслийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх, Замын-Үүд - Эрээн боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
Ерөнхий сайд нар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөлд хамтран ажиллаж, туршлага солилцоё гэдэгт санал нэгдэв. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн мөнгөөр бус, сайн туршлагаасаа хуваалцаж, туслахад бэлэн байна гэлээ.
Талууд мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг сааруулах зорилго бүхий Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагаа болон Хятадын “Өмнөд-өмнөдийн уур амьсгалын сан”-гийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
