Бээжингийн Их Сургуулийн Дорно дахины уран зохиол судалгааны төв болон Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын төв, ТҮИС-ийн Монгол салбарын хамтран зохион байгуулсан "Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” болон Монгол харьцуулсан утга зохиол судлалын асуудал”эрдэм шинжилгээний хурал 05-р сарын 06-ны өдөр Бээжингийн Их Сургуульд болсон байна.
Бээжингийн Их Сургуулийн Дулаан профессор өнгөрсөн жилийн 06-р сард "Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд" хэмээх өгүүллийн түүврээ хэвлүүлж, номын нээлтээ Хөх хотод хийж байсан бол өнөөдөр нийгэм нийтэд мэдрэгдсэн эрдэмтэн судлаачид Бээжингийн Их Сургуульд хуран цуглаж энэхүү номын тухай, мөн Дулаан профессорын зохион бүтээх арга хэлбэр, ур чадвар болон зохиол бүтээлийн өвөрмөц онцлог шинжийг судалж ярилцсан байна.
“Уламжлал ба харьцуулал-Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” ном нь профессор Дулааны 1993-2016 оны хооронд монгол хэлээр бичигдсэн 47 эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэвлүүлсэн байна. Уг номыг дээд доод хоёр дэвтэрт хуваан, дээд дэвтэрт “Монгол аман зохиол, зан үйлийн судлал”-т зохиол судлал, Монгол зан заншлын судлал, монгол хэл үсэг бичгийн тухай судал зэрэг хэдэн талын судалгааны хүрээнд холбогдсон 23 өгүүлэл хамрагдсан болно. Доод дэвтэрт “Харьцуулсан утга зохиолын судлал ба уран зохиолын онол шүүмж”-д Д.Нацагдоржийн тухай 4 өгүүллийг хамруулсан нийт 23 өгүүллийг нийтлүүлсэн байна. Эдгээр өгүүллийн доторх 29 өгүүлэл нь Монгол Улсын ”Аман зохиол судлал”, “Монгол хэл бичиг”, “Дундад улсын Монгол судлал”, ”Өнөр цэцэг”, ”Өвөр Монголын өдрийн сонин” зэрэг ном, сонин сэтгүүл дээр нийтлэгдсэн байна.
Дулаан (Чэнь Ганлүн): Бээжин Их Сургуулийн профессор, докторын удирдагч багш. ӨМӨЗО-ы Зарууд хошууны уугуул. 1987 онд Төвийн Үндэстний Их Сургуулийн түүхийн мэргэжлээр оюутан болжээ. 1997 онд Бээжингийн Багшийн Их Сургуульд доктор цол хамгаалан Бээжин Их Сургуульд багшийн ажлын гараагаа эхлүүлжээ. “Монгол аман зохиолын харьцуулсан судлал”, “Мангасын үлгэрийн судлал”, “Шилийн галзуу баатар”, “Сүүтэй цай ба кофе”, “Дорно дахины аман зохиолын тойм” зэрэг дөч гаруй эрдэм шинжилгээний ном бичиг хэвлүүлж, дотоод гадаадад 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг нийтэлсэн байна. “Монгол хүн”, “Нойтон сар”, “Шар нүдэн хүүхэн” зэрэг яруу найргийн түүвэртэй бөгөөд “Монгол хүн” бүтээл нь Монгол Улсын сурах бичигт сонгогдон орсон аж. Тэрээр одоо Хятадын Монгол утга зохиол нийгэмлэгийн дэд дарга, Хятадын зан үйлийн ухааны нийгэмлэгийн дэд даргаар ажиллаж яваа юм. Сүүлийн үед тэрээр хүүхдийн яруу найрагт анхаарал хандуулан, Монгол Улсын алдарт хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн хамт “Монгол Улсын хүүхдийн шүлгийн сонгомол”-ыг сонгон найруулж хэвлүүлсэн бөгөөд өөрийн туурвисан шүлгүүдээ түүвэрлэж “Чандмань эрдэнийн даага” нэрээр хэвлүүлсэн байна.
