solongonews
Хайртай залуугаа ордоор нь шинжье №3
2015-12-28 18:21
Эрчүүдийн хайр дурлалын зурхайн цувралын сүүлчийн хэсэг.
 
 
 
Хүсэл тачаалын гал хилэнцийн ордны эр
 
Хилэнцийн ордны эрчүүдтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэхэд танаас ихээхэн тэвчээр шаардана. Тэдэнд зарим талаараа хайр сэтгэлийн ямар ч туршлага байхгүй мэт. Тэд бараг л зүүдээрээ амьдардаг хүмүүс. Түүний хувьд хайр сэтгэл гэдэг хачирхалтай тоглоом. Тиймээс та хилэнцийн ордны эртэй болзож эхэлсэн бол хэзээд түүнээс салахад бэлэн байх хэрэгтэй. Тэр маш шийдэмгий, бас маш их сэтгэл хөдлөлтэй. Түүний сэтгэл хөдлөл болоод этгээд хачин авир нь ч бас танд эргэлзээ төрүүлж мэдэх юм. 
Хайр гэдэг түүний хувьд сэтгэл зовоосон зүйл. Тэрээр хайрыг час улаан өнгөөр илэрхийлж болох их хүсэл тачаалаар төсөөлөх бөгөөд таныг өөрийн болгохын төлөө дэлхийн төгсгөлд ч хүрэхэд бэлэн байх болно. Энэ нь хамгийн намбатай эмэгтэйг ч тэвчихийн аргагүй хүсэл тачаалд умбуулж чаддаг хачин жигтэй хүч чадал юм.
Энэ харилцаа нь эхний үедээ ихээхэн онцгой, содон мэт сэтгэгдэл төрүүлэх боловч сүүлдээ сэтгэлд тань нийцэхээ больж мэдэх юм. Учир нь хилэнцийн ордны эрийн хувьд хайр бол хүсэл тачаал хүртэх хамгийн гол зүйл. Тиймээс ч түүнтэй хайр сэтгэлийн холбоотой болсон бол түүний халуу оргисон хүсэл тачаал заримдаа танаас ихийг шаардах болно. Хилэнцийн ордны эрийн тачаалдаа умбасан хэмжээлшгүй их сэтгэл хөдлөл нь эцэстээ эмэгтэйгээ айлгах, сэтгэлээр унагах хүч болон хувирах нь бий. Иймээс ч хилэнцийн ордны эрчүүд ихэнхдээ өөрийн ордны эмэгтэйчүүдийг сонгосон байдаг байна. Ингэснээрээ тэдний сэтгэл хөдлөл, зан авир ч нэгэн хэмд байдаг учраас ойлголцоход амар юм. 
Хачирхалтай нь, энэ ордны эрчүүд өөрсдийн энэхүү нууцлаг шинж чанараа маш сайн мэддэг. Бүр өөрөөр хэлбэл, тэд өөрсдөдөө маш итгэлтэйгээр сэтгэл хөдлөлөө нууж чаддаг нь гайхмаар. Иймд түүнтэй анх уулзахад танд төдийлөн айхтар сэтгэгдэл төрөхгүй л болов уу.
 
Түүний өөртөө итгэлтэй, бардам байдал нь харин ч танд үгээ цэгнэж, биеэ барих, өөрийгөө ямархуу харагдаж байгаа бол гэсэн айдас үлдээж мэднэ. 
 
Хэрэв та үнэхээр хилэнцийн ордны эрд дурласан бол түүнд юу хүсч байгаагаа шударгаар хэл, түүнтэй эн тэнцүү харьц. Эсрэгээрээ түүний онцлогоос шалтгаалан та зайгаа барихыг хичээх, түүнд худлаа хэлвэл ирээдүйд тэр танаас холдон одох болно. 
 
 
Өөдрөг, хөгжилтэй нумын ордны эр
 
Өөдрөг үзэлгүйсэн бол нумын ордныхон амьдрахад бэрх. Та энэ ордны залуутай болзож байгаа бол аадар шаагисан харанхуй өдөр, намрын уйтгартай урт хоногуудад уйдах завгүй явах болно. Яагаад гэвэл тэд нумын ордныхон шүү дээ. Хамгийн хэцүү үед ч энэ ордныхон инээмсэглэж чадна. Энэхүү өөдрөг үзэл, сайн сайханд тэмүүлсэн байдал нь нумын ордны эрийн дур булаам чанаруудын нэг юм.
Энэ ордныхон үргэлж л бусдыг хэрхэн баярлуулж, хөгжөөх вэ гэсэн сэтгэлээр цангаж явдаг улс. Нумын эртэй болзож буй бол та дундаршгүй их хүсэл эрмэлзэл, бүхнийг судалж нээх гэсэн тэмүүлэл дунд умбах болно. Нум сум агссан тэдний ордны дүр зураг ч энэ онцлогийнх нь илэрхийлэл болдог бөгөөд мэдлэгийн оргилд хүрэх, хүлээж буй бүхнийг нээн илрүүлэх тэмүүллийг нь харуулдаг аж.
 
Тийм болохоор таны залуу хол ойр нь хамаагүй очиж үзээгүй газруудаараа зугаалах, элдэв сонин хачин зүйлсийг олж нээх, газрын зураг бариад содон аялал зохиох хоббитой нэгэн гэдгийг та хэдийнэ гадарлачихсан байгаа. Та түүнтэй урт удаан хугацаанд хамт байхыг хүсч буй бол өөрөөсөө шаардлагатай мэдлэг боловсролыг сурч, хайртыгаа улам их хөглөхөд анхаарлаа хандуулаарай. Түүний дуртай номны талаар ярилц, мөн дуртай хамтлагийнх нь тоглолтыг ч хамт үзэж яагаад болохгүй гэж. XVII зууны Европын соёлын талаар, эсвэл XVI зууны үеийн сэргэн мандалтын талаар түүнтэй соёл, судалгааны халуун яриа өрнүүл. Нумын ордны хайртынхаа сэтгэлийг үргэлж өөртөө татсан хэвээр байхыг хүсч буй бол таны гартаа барих зэвсэг нь ухаалаг харилцан яриа, эрдэм соёлын эрэл
хайгуул байх болно. 
 
Нумын ордны эрчүүдийн хамгийн сайн шинж чанаруудын нэг нь түүний нээлттэй бас чөлөөт байдал юм. Энэ ордныхон нийтэч, олонтой хамт байх дуртай энэ зан нь түүнийг анхаарлын төвд хүссэн ч эс хүссэн ч аваачдаг. 
Та ухаалаг, чин сэтгэлээсээ хайрладаг, өргөн мэдлэгтэй найз залуутай болохыг хүсч бол таны эрэл нумын орд дээр тогтох болно.
 
Түүний хувьд халуу төөнөсөн хүсэл тачаал бус харин сэтгэл зүрхний харилцаа л хайрыг илэрхийлэх чухал үнэлэмж болдог. 
Чин сэтгэлээрээ хайрладаг, өргөн мэдлэгтэй, ухаалаг нумын ордныхныг хүссэн эмэгтэй бүр нь өөрийн болгож чаддаггүй. Түүний хайр сэтгэл нь эмэгтэй хүнээс аялж зугаалах хүсэл эрмэлзлийг нь дэмжих дэмжлэг, өндөрт дүүлсэн өөдрөг үзэлд нь тэнцвэр бий болгох ухаан, түүнтэй мэдлэг соёлын талаар уйдашгүй яриа өрнүүлэх хүсэл тэмүүлэл шаарддаг. 
 
Матрын ордны хашир эрчүүд  
 
Матрын ордны эрчүүд харилцаандаа хариуцлагатай. Тэрээр зорилготой, түүндээ хүрэхийн тулд хэчнээн бэрх байсан ч даван туулдаг авьяастай. Харин тэд хайртаа хэрхэн сонгодог вэ гэсэн асуултад сонирхолтой хариулт байна. Учир нь түүний мэргэжил, тойрон хүрээлэгчид нь хайрын сонголтынх нь бай байх нь олонтаа. 
Энэ ордны эрчүүд уламжлалыг дагах дуртай. Бас хуучинсаг үзэлтэй ч гэж хэлж болохоор. Та энэ ордны эртэй хайр сэтгэлийн холбоотой болсон бол зарим талаар санаа зовоосон зүйл гарахыг үгүйсгэхгүй. Заримдаа хайрттайгаа биш, найзтайгаа байгаа юм шиг ч мэдрэмж төрж мэдэх юм. Учир нь тэрээр ёс суртахуун, уламжлалыг гүн хүндэтгэдэг болохоор чөлөөт харилцаанд бэлэн биш байдаг.
 
Эхний хэдхэн болзооноос та чухам үйл явдал хэрхэн өрнөхийг киноноос харсан юм шиг л мэдэж байх болно. Яагаад гэвэл тэр уламжлалыг дагагч шүү дээ. Энэ бол түүний мэдрэмжээ илэрхийлэх гарц учраас түүнийг ойлгож, дэмжих нь чухал юм. Дараа дараагийн болзооноос эхлээд тэр таны хүслийг, таны сонирхлыг дэмжиж, таныхаар болзоогоо үргэлжлүүлэхэд дуртай байх болно. 
Ерөнхийдөө матрын ордны эрчүүд хашир талдаа хүмүүс. Түүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэх үед үүнийг нь та илүү мэдрэх болно.
 
Гэвч тэрээр сэтгэл дотроо таны орон зайд нэвтрэх тэр боломжийг тэсэн ядан хүлээж байдаг бөгөөд түүнийгээ өнөөх л уламжлалт сэтгэлгээгээрээ төлөвлөж суудаг. Түүний хувьд аз турших нь дэмий хэрэг. Тиймээс бүхнийг зөв, замбараатай эхлүүлж, зорилгодоо хүрэх нь чухал. 
 
Матрын ордны эрчүүдийн дотоод сэтгэлд нэвтрэх амаргүй. Учир нь тэд хашир шүү дээ. Тиймээс тэдний сэтгэлд нэвтэрье гэвэл өөрсөд шиг нь сэтгэх гээд үзээрэй. Тэр мятаршгүй, бас хашир, бүхнийг эмх замбараатай, уламжлалын дагуу хийхийг хүсдэг. Иймийн учир л матрын ордны илэрхийлэл болсон ямаа уулсын оргилд хүртлээ алхам алхмаар өгссөөр байдаг. Тэр замаасаа буцаж, няцдаггүй. Гэхдээ зөв, аюулгүй замыг олж харж чаддаг. 
 
Хэрэв та энэ ордны эрд дурласан бол түүний уламжлалт сэтгэлгээг хүндэтгээрэй. Түүнийг аз сорьсон зүйлд урин дуудах хэрэггүй. Харин түүний ёс суртахуунтай, итгэлтэй байдалд нь найдаж болно. Үүнийхээ нөлөөллөөр тэрээр гэр бүл, хайр сэтгэлээ өөрөөсөө ч илүүд үнэлэх нь бий. Өөрөөр хэлбэл, тэд амьдралдаа маш хариуцлагатай ханддаг. 
 
 
Өөрчлөгч бумбын эрчүүд 
 
Бумбын ордныхон бол жинхэнэ өөрчлөгчид. Тэрээр бүхнийг өөрчлөхийг эрмэлзэгч. Ийм болохоор л энэ ордны эрчүүд шинийг эрэлхийлэгч мэт, бас бусдаас өөр харагддаг. Тэгэхээр энэ ордны эрийн сэтгэлийг эзэмдье гэвэл улиг болсон нэгэн хэвийн байдлаас зайлсхийж, шинэлэг, онцгой байхыг хичээгээрэй. Түүнтэй болзохдоо бусдын адил байхаас татгалзаж, өөрийгөө шинээр нээхийг хичээ. 
Агуу санаачлагчид бол тэд. Тиймээс энэ ордныхон шинэлэг санаа, мэдлэг, технологид сэтгэл татагддаг. Үүний илэрхийлэл нь энэ ордныхон дундаас олон шинийг санаачлагчид, технологийн алдартнууд төрсөн явдал юм. Хэрэв та түүнтэй дотносохыг хүсч буй бол технологи хэрхэн хувирч өөрчлөгдөж байгаа болоод орчин үеийн шинжлэх ухаан дэлхий ертөнцийг устгаж байна гэж улиг болсон яриа дэлгэх хэрэггүй. Үүнийхээ оронд шинээр ямар санаа гаргаж байна, хаана ямар санаачлага хэрэгжиж байгааг асуухад гэмгүй. 
 
Бумбын ордныхныг илэрхийлвэл тэд агаарт, бусдаас тусдаа оршдог хүмүүс. Тэд гүн гүнзгий сэтгэл хөдлөл дунд тавтай тухтай байж чаддаггүй. Тиймээс тэдний үйлдэл ухаалаг оюун санаанд нь захирагддаг. Бумбын эрчүүд өөрсдийн хувь хүний онцлог шинж чанараараа бахархдаг бөгөөд хувийн асуудлаа ч бусадтай тэр бүр хуваалцаад байдаггүй. Үр дүнд нь тэрээр хүмүүсээс зайгаа барихыг илүүд үзнэ. Тэгэхээр бумбын ордны эртэй болзож буй бол та тан руу өдөрт олон удаа залгаж мэнд мэдсэнгүй, эсвэл мэйл явуулж гэнэтийн бэлэг барьсангүй гэж гомдоллох хэрэггүй. Учир нь тэр бол шинийг санаачлагч, ухаалаг, хувийн амьдралдаа зохистой, ёс суртахуунтай байдлыг эрхэмлэгч, нялуун, орооцолдсон харилцаанаас зайлсхийгч юм. 
 
Тиймээс бие махбодийн янаглал, тачаал бол бумбын эрийн хайр сэтгэлдээ шаарддаг гол зүйл биш. Тэр хайртынхаа төлөө өөрийгөө ч золиослоход бэлэн. Гэхдээ хилэнцийн эр шиг халуу төөнөсөн тачаал түүнд хэрэггүй. Сонирхолтой нь, бумбын ордны эр бэлгийн амьдралдаа хэрэгтэй бүхнийг толь бичиг унших мэт судалж мэдсэн байдаг бөгөөд учир нь түүний төрөлхийн сониуч зан энэ бүхнийг хийлгэдэг. 
 
Бумбын эр хайр сэтгэлийн талбарт чөлөөт байдлыг мэдрэхийг хүсдэг. Тэр бол болзоод, дараа нь хуримаа хийгээд, үр хүүхэдтэй болох төлөвлөгөө зохиогч эр биш. Түүний хувьд янаг амрагийн харьцаа гэдэг гэрлэлт, гэр бүлээс хамаагүй чухал зүйл. 
 
 
Өр зөөлөн загасны ордны эр  
 
Зурхайн зурлагийн арванхоёрдахь орд буюу хамгийн сүүлчийнх нь болох загасны ордныхон бүтээлч, олон талын мэдлэгтэй хүмүүс. Та энэ ордны эртэй болзож байгаа бол сэтгэл ханамжийг дээд зэргээр хүртэх болно. Яагаад гэвэл тэд бусдыг гүнээ хүндэтгэж, тэр хэрээрээ харилцаагаа ч сайхан үргэлжлүүлдэг.
Түүнд арслангийн ордных шиг өмчирхсөн байдал, хилэнцийн ордных шиг хэт их сэтгэл хөөрөл байхгүй. Харин оронд нь таныг тайвшруулж, аргадаж, амар амгаланг мэдрүүлэх болно. Тэр таныг ямар ч үед бусдаас илүү сайн ойлгож чадна. Түүний энэ шинж чанар нь байгалийн уран сэтгэмжтэй нь холбоотой. Тиймээс ч тэд хайр сэтгэлдээ зөөлөн, нарийн нягт нямбай ханддаг. Энэ ордны эр таныг яг л үлгэрт гардаг гүнж шиг амьдруулж чадна. Үүнд түүний байгалийн шинж чанар нь ихээхэн нөлөөлдөг байна. 
 
Гэвч загасны ордныхны энэ байдал нь ерөнхийдөө тэднийг бодит ертөнцөөс тусгаарлаад байдаг. Хэрэв тэрээр хэн нэгэнд ихээр гомдож шархлавал өөрийн дотоод сэтгэлдээ нуугдахыг хичээдэг. Гэвч бүх загас ингэж нуугдаж, зугтдаггүй ч тэдний ерөнхий байдал нь хүнд бэрх үед урсгалыг сөрөхөд нь сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та энэ ордны эртэй хайр сэтгэлийн холбоотой бол түүний энэ шинж чанарыг ойлгож хүлээж авах хэрэгтэй. Түүний зүрх сэтгэлийг хөглөж чадвал тэр бодит ертөнцдөө эргэн ирж, хүнд бэрхшээл, давааг давах урам зоригтой болох болно. 
 
Тиймээс энэ ордны эрийн сэтгэлийг эзэмдэж, удаан хугацаанд хамт байя гэвэл түүний зөөлөн зан аашийг хүндэтгэж, урам зоригоор хөглөх хэрэгтэй. Тэр төрөлхийн загас. Тэгсэн хэр нь тэр урсгал сөрж тэмцэхдээ маруухан. Магадгүй та түүнийг хуурах, түүнд худал хэлэх, шударга бусаар хандвал тэр эргэж харахгүй. Тэр өөрийн дотоод сэтгэлийн амар амгаланд нуугдах болно. Гэтэл бас нөгөө талаар энэ ордныхон маш өрөвч. Тэр танд хайргүй болсон ч гэсэн таныг ганцаардуулахгүйн тулд, эсвэл зовоохгүйн тулд холдож чадахгүй байж чадах тийм л тэвчээртэй, өр зөөлөн эр. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл