solongonews
М.МӨНХЦЭЦЭГ:ҮР ШИМИЙГ НЬ МОНГОЛ УЛСДАА ЯАЖ ТҮГЭЭХ НЬ ЧУХАЛ
2017-12-14 11:18
Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Миний мөрөөдөл” ярилцлагын маань энэ удаагийн зочноор Монгол Улсын хуульч, эрх зүйч М.Мөнхцэцэг уригдан оролцлоо.



- Бидэнд өөрийгөө танилцуулна уу? Яг хэдэн онд ямар мэргэжлээр Өвөр Монголд суралцсан бэ?
Намайг М.Мөнхцэцэг гэдэг. Би анх 2003 онд ӨМИС-д сурахаар очоод 2005 оноос хуулийнмэргэжлээр эхлэн суралцаж 2009 онд сурч төгссөн. Одоо БНХАУ-ийн Өмгөөлөгчдийн “ЯШИН СҮЛД ӨМГӨӨЛЛИЙН ТОВЧОО”-нд Гүйцэтгэх захирал, хуульч эрх зүйчээр ажиллаж байна.
- Яагаад хуулийн мэргэжлийг сонгосон бэ? Гэр бүлийн хүмүүсийн нөлөө байсан уу?
Тухайн үед сургуулиа төгсөөд их сургуульд сурах мэргэжил сонгох асуудал маш чухал байдаг байсан. Хятад улс бол маш олон хүн амтай, хууль хэрэгжиж байгаа байдал,хуулийг дагаж мөрдөж байгаа байдал, иргэдээ хуулийн хүрээнд яаж зохицуулж байгаа нь надад сонин санагдаж байсан болохоор тэр мэргэжлийг сонирхож судлахаар шийдсэн. Үүний тулд эхний ээлжид хэлний мэдлэгээ сайжруулах шаардлагатай байсан. Ингээд хятад хэлийг судалж хуулийн мэргэжлээр сурч төгссөн.


- Нэг жил хэлний бэлтгэлд сураад дараа жилээс нь шууд мэргэжлээрээ сурахад хэцүү байсан уу?
Тухайн хүнээс шалтгаална. Тухайн хэл соёлыг, тухай мэргэжлийг өөрөө сонирхож, хүсэж сурах юм бол түргэн хугацаанд, илүү чанартайгаар тэр хэлийг эзэмшиж авна гэж боддог. Миний хувьд Хятад хэлийг их сонирхож сурч байсан. Бусад оюутнуудын хувьд янз бүр байдаг байх. Хуулийн мэргэжил сурна гэдэг бол хэлний мэдлэг сайн байх ёстой. Хуулийн үг хэллэг маш нарийн байдаг учраас хэлээ сайн сурсны дараа мэргэжлээрээ түлхүү сурч эхэлсэн.


- Бусад оронд хуулийн мэргэжлээр сураад Монголдоо ирээд хуульчаар ажиллах ямар байдаг вэ?
Хятад улс бол манай хөрш улс Хятад, Монгол хоёр орны гадаад худалдаа, эдийн засаг, уул уурхай гэхчлэн маш олон салбарт хамтын ажиллагаа нь илүү нягт харилцаатай байдаг. Тиймээс хятад хэл болон тухайн орны эрх зүйн байдлыг сурч ойлгоод улсдаа ажиллах нь давуу талтай гэж боддог. Монголчууд гаднын хөрөнгө оруулалт татах, бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох зэрэг асуудлуудын дийлэнх хувь нь Хятад улстай холбоотой байна. Эдгээр асуудлаас шалтгаалан Хятад, Монгол хоёр улсын хууль эрх зүйн талаас зохицуулах асуудлууд маш их байдаг. Хятад,Монгол Улсын хууль эрх зүйн орчны талаар хятад хэлээр танилцуулж тайлбарлана гэдэг илүү давуу талтай, илүү эрэлт хэрэгцээтэй байдаг.


- Эмэгтэй хүн хуулийн мэргэжлээр ажиллах ямар давуу талтай тухай?
Эмэгтэй хүний хувьд хуулийн мэргэжлээр ажиллана гэдэг жаахан хүнд санагддаг. Манай байгууллагын хувьд иргэн,эрүү гэх мэт олон талаар ажилладаг, эмэгтэй хүний хувьд шүүх цагдаа прокурорын асуудлаар ажиллах нь нэг талдаа ачаалал ихтэй байдаг. Сайн талаас нь харах юм бол эмэгтэй хүн ямарваа нэгэн асуудлыг нарийн нягт нямбай харж чаддаг учраас эмэгтэй хүний байгалиас заяасан төрөлх чанараараа тухайн хэргийн нарийн зүй тогтлыг олж хархад тусалдаг байх гэж боддог.
- Өвөр Монголд сурч байсан үеийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?


Эргээд харахад, оюутан цаг хамгийн жаргалтай, юу ч бодохгүй, хичээлдээ яваад, найз нөхөдтэйгөө уулзаад их сайхан байсан. Манай сургуулийн орчин их сайхан. Оюутан байхдаа Солонго сэтгүүлд орчуулга хийж тусалдаг байсан. Хамгийн сайхан дурсамж бол манай ангийн оюутнууд. Би хуулийн мэргэжлээр ангидаа Монгол Улсаас ганцаараа сурдаг байсан.
Ангийн оюутнууд маань намайг гаднын оюутан гэж маш сайхан хүлээж авдаг байсан. Ангийнхантайгаа урт хугацаанд хамт суралцаж тэдэнтэй ярилцаж тэднийг их монгол сэтгэлгээтэй хүмүүс байдгийг ойлгож авсан. Тийм болохоор ангийнхандаа маш их хайртай. Сургуулиа төгсөөд долоон жил болж байна ангийнхантайгаа холбогдож чадаагүй л байна. Манай ангийнхан энэ ярилцлагыг хараад надтай холбогдоорой гэж хүсэж байна. Манай ангийн оюутнууд миний хичээл шалгалтад их тусалдаг байсан. Хүн болгон сэтгэл гаргадаг намайг их дэмждэг байсан болохоор тэднийгээ их санадаг. Бас сургуулийнхаа монгол багш нараа их санадаг. Иргэний хуулийн багш Зууннасан багштай одоо хүртэл холбоотой байдаг.
Өмгөөллийн товчоонд хамтран ажилладаг. Оюутан байхдаа багштайгаа хамтран ажиллана гэж хэзээ ч төсөөлж байсангүй.
- Гэр бүлээ танилцуулна уу?
Манай гэр бүлийн хүнийг Төрбат гэдэг. Уул уурхайн удирдлагын чиглэлээр ажилладаг одоо ажлын шаардлагаар Франц улсад ажиллаж байгаа. Сургуулиа төгсөж ирээд нөхөртэйгөө танилцаад гэр бүл болсон. Одоо хоёр хөөрхөн хүүхэдтэй.


- Сурсан мэргэжлээ эх орондоо зориулж яваа таныг хараад их бахархаж байна?
Өөрийн хэмжээнд өөрийн сурсан мэдсэн зүйлээрээ ажил хөдөлмөр эрхлээд явж байгаадаа баяртай байдаг. Манай оюутнуудын дунд сурч ирээд яг тухайн мэргэжлээрээ амжилт гаргаад явж байгаа хүмүүс олон байгаа ч яг мэргэжлээрээ ажилладаг нь тийм олон биш. Хууль, эдийн засаг, холбоо, санхүү ч тэр Монгол Улсдаа ирээд тухайн мэргэжлээрээ ажиллаасай гэж хүсдэг.
Ерөнхийдөө өөрийнхөө орчин тойронд байгаа мэргэжлээрээ ажиллаж байгаа найз нөхдөө илүү дэмжиж хамтран ажиллахыг боддог. Ер нь хэлийг нь сураад мэргэжлийг сураад үр шимийг нь Монгол Улсдаа яаж түгээх вэ гэдэг нь чухал. Энэ зорилгынхоо хүрээнд багш нарынхаа дэмжлэгээр Хятадын Барааны тэмдэгтийн тухай хууль, патентын тухай хууль,зохиогчийн эрхийн тухай хэд хэдэн хуулийг орчуулан гаргасан. Мөн манай байгууллагын хамт олон Монгол Улсын хуулийг хятад хэл дээр орчуулан дөрвөн бодь ном гаргасан байгаа. Өөрийн мэдэх мэдлэг чадвараараа тухай улсын хэл дээр орчуулж гарган, тэдэнд хүргэж танилцуулж байгаа нь маш үр өгөөжтэй хэрэгтэй зүйл гэж боддог. Цаашид хоёр улсын хооронд хууль орчуулах ажлуудыг түлхүү хийж ажиллах төлөвлөгөөтэй байгаа.


- Цаг зав гарган бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэж байна.
Солонго мэдээллийн төвийн хамт олонд баярлалаа. Өнөөдөр надаас ярилцлага авч байгаа нь маш гэнэтийн зүйл боллоо. Өвөр Монголын их дээд сургуулийг төгсөж ажил мэргэжлээрээ ажиллаж байгаа төгсөгчдийг танилцуулан, бусдад сайхан үлгэр дууриал, сэтгэгдэл үлдээх үйл ажиллагаа зохион байгуулж байгаад баярлалаа.
Баярлалаа.

Зохиогч: Ц.Урантунгалаг, Т. Буняхишиг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл