solongonews
Модон сийлбэрээр амьдрал хүүрнэхүй
2019-04-09 10:28
Модон сийлбэрээр амьдралыг хүүрнэнэ

    Г.Хасбагана 15 настай байхдаа модон сийлбэрийг сонирхож эхлээд өнөөг хүртэл урлан сийлсээр байна. Тэрээр “Монгол адуун соёлын товчоо” хэмээх модон сийлбэрийг зургаан жилийн турш урлаж 2017 онд  дуусган, малчин хүний моринд хайртай сэтгэлийг илэрхийлж, энэхүү бүтээлээрээ ӨМӨЗО байгуулагдсаны 70жилийн ойд том бэлэг барьсан байна.

Энэхүү адуун соёлын бүтээлийг 6 бүлэг, 108 агуулгаар харуулж, өөр хоорондоо адилгүй 140 морь, 80 хүний дүрийг 5 метр урт, 2 метр өндөр торог модон хавтсанд сийлэн гаргажээ. Тус бүтээл улс орны олон хүний анхааралд орж, мөн модон ур сийлбэрийн түүхэнд нэгэн томоохон бүтээл болсон ба адуун соёлын товчоог модон дээр сийлж бүтээснээрээ монгол өв соёлоо уламжлан үлдээхэд маш чухал ач холбогдол гаргасан байна.

    “Монгол адуун соёлын товчоо” хэмээх бүтээл нь “Адууны төрөлх зан араншин”, “Адууны нас шүд”, “Адууны явдал гүйдэл”, “Адууг дасгаж номхруулах”, “Адууны уралдааны төрөл зүйл”, “Адууны арчилгаа маллагаа болон ашиг шим” гэсэн 6 бүлэгтэй. Адуун соёл ба монголчуудын амьдрал ахуйн харилцаа холбоог сийлбэрийн урлагаар илэрхийлэн гаргажээ. Сийлбэрийн бүтээлийн хавтасны хөвөөгөөр монгол хээ угалз ба чиндмань тамга, саран тамга, хас тамга, зуузайн тамга зэрэг 17 төрлийн адууны тамгыг сийлж, мөн дээд талын хоёр өнцөгт нь урт наст амьтан сарьсан багваахайг сийлсэн нь өнө мөнхийн бэлгэдэл санааг оруулсан байна. Мөн дээд хөвөөний голд нь сүлд сийлж, доод хөвөөгөөр нь тал нутаг, монгол гэрийг урлан сийлсэн нь эх байгалийн төлөөлөл бөгөөд сийлбэрийн доод талд нь арслан, бар, луу, гарди зэрэг 4 хүчит амьтан сийлэн оруулснаар адуун соёлын хийморийг өргөж, адуун соёлын агуулгыг нэн бүрэн илрүүлсэн байна.

Багаасаа зураг зурах, модон сийлбэрт бахтай хөдөөгийн бор хүү өөрийн урь авьяас, шаргуу хичээл зүтгэлээрээ монгол соёлын уламжлалын том бүтээлийг сийлэн бүтээсэн байна.

Г.Хасбагана сийлбэр урлалыг гагцхүү өөрөө оролдож хийж суусангүй, харин мэргэжлийн ангид сурсан юм. 1992 онд Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны ардын алдарт зураач, уран бүтээлч Н.Рэнчинд шавь орж байсан ба Бээжин хотын Фэншань дүүргийн чулуун сийлбэрийн дээд сургуульд хоёр жил суралцаж байжээ. 1997 онд Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны монгол гэрийн үйлдвэрт сийлбэрчнээр уригдан ажиллаж байсан бөгөөд 2000 онд “Г.Хасбагананы уран сийлбэрийн үзэсгэлэн”-гээ төрсөн нутаг Хөвөөт шар хошуунд зохион байгуулжээ. “Тулгын гурван чулуу” хэмээх 100 гаруй сийлбэр урлалын бүтээлийг ч зохион байгуулж байсан юм.

Г.Хасбагана бол уран сийлбэрч, мөн баримал сайхан барьдаг. Түүний барьж бүтээсэн 2 метр өндөр том морин баримал, гантиг чулуугаар сийлсэн 150 см өндөр үзэмчин хонины том сийлбэр нь Хөвөөт шар хошуу, Баруун Үзэмчин хошуунд тус тус босон сүндэрлэсэн байдаг.

Малчин хүн мянган ухаантай гэдэг. Ардын уран бүтээлч Г.Хасбагана сийлбэр оролдохын зэрэгцээ уран зохиол ч оролдог. “Хайр”, “Адуучин явсан аав минь”, “Цэнхэрлэн сүндэрлэх Үзэмчин уул” зэрэг түүний бичсэн 100-аад шүлэг зохиол нь орон аймгийн сонин сэтгүүлд нийтлэгдэж, “Би үхэж болохгүй”, “Ард түмэн минь надаар шүлэг бичүүлдэг юм” нэртэй хоёр шүлгийн түүвэр, “Монгол адуун соёлын зурагт ном”, “Г.Хасбагананы модон ур сийлбэрийн эмхтгэл” гэсэн модон урь сийлбэрийн мэргэжлийн судалгааны номоо хэвлүүлсэн байна.

30 гаруй жил чармайн ажилласан тэрээр “Өвөр Монгол орны зэрэглэлийн биет бус соёлын өвийн монгол шатрын сийлбэрийн уламжлагч”, “Ардын уран бүтээлч” цолтой билээ.

- Модон сийлбэр бол монгол үндэстний ардын дундаас ирсэн ардын гар урлал, үндэстний соёлын нэгэн бүрэлтхүүн юм. би 30-аад жил сийлбэр оролдож ирлээ. Модон сийлбэрт дур бахтай гарын шавь ч олон хүмүүжүүлж ирсэн, энэхүү ур мэргэжлээ нэн олон хүнд уламжлан үлдээхийг хичээн чармайна гэж Г.Хасбагана ярьж байлаа.

 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл