solongonews
“Хятад-Монголын экспо-2019”-д 400 ААН оролцох боломжтой
2019-08-07 15:56
“Хятад-Монголын экспо-2019”-д 400 ААН оролцох боломжтой.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххот, Улаанцав, Тунляо хотуудад ирэх сарын 06-10-нд болох “Монгол-Хятадын экспо-2019”-д оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэлсэн талаар өнөөдөр ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Энэ удаагийн экспо Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болно. Гурав дахь удаагийн экспод оролцох дотоодын ААН-үүдийг энэ сарын 02-ноос эхлэн МҮХАҮТ болон Монголын Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо, Монголын “Мишээл экспо” ХХК компани нэгэн зэрэг бүртгэж байна. Бүртгэл 08-р сарын 12-нд өндөрлөнө. Үзэсгэлэнд Монгол Улсаас 400 ААН оролцох боломжтойгоос одоогоор 200 гаруй бүртгүүлжээ. Нэг ААН-д 9 ам дөрвөлжин талбай ногдох юм.

“Хятад-Монголын экспо-2019”-гоор эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, стандарт хэмжилзүйн хамтын ажиллагааны чуулган, Монголын дүр төрхийг харуулсан үзэсгэлэн, ноос ноолууран бүтээгдэхүүний загварын шоу зохион байгуулахаар төлөвлөжээ.

Экспогийн үзэсгэлэн-худалдаанд голлох худалдан авагчид нь өвөр монгол, хятад хүмүүс байх тул компани, бараа бүтээгдэхүүний танилцуулгаа хятад хэл дээр хэвлүүлэх, wechat-аар төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг дуулгасан юм.

2015 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж буй энэхүү экспогийн анхны жил манай улсаас 250 ААН оролцож, 1.2 сая юанийн борлуулалт хийсэн. Харин хоёр дахь удаагийн экспогийн үеэр нийт 400 аж ахуйн нэгж оролцож, 6.2 сая юанийн бүтээгдэхүүн борлуулжээ. Монгол Улс БНХАУ-тай 2020 онд гэхэд худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байгаа энэ үед уг экспо томоохон түлхэц өгөх болно гэдгийг зохион байгуулагчид илэрхийлж байна.

Экспод Монгол, БНХАУ-аас гадна ОХУ, БНСУ, Итали улсын төлөөлөл оролцох аж

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongolian.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл