
Энэхүү үзэсгэлэнг үүсгэн байгуулж, зохион байгуулж, ӨМӨЗО-ны Отогийн Өмнөд хошуунаас ирж Монгол Улсын Улаанбаатар их сургуульд магистр хамгаалсан Бадрангуй Монголын ард түмэн, оюутан залууст толилуулж байгаа юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Та өөрийнхөө товч танилцуулна уу?
- Намайг ӨМӨЗО-ны Отогийн Өмнөд хошууны Эрдэнэбаярын Бадрангуй гэдэг. Би тус хошууны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн даргын албыг хашиж байсан. Тэгээд энэхүү албан ажлаа хүлээлгэж өгөөд 2014 онд Монгол Улсын Улаанбаатар их сургуульд магистрт суралцаад 2016 онд хамгаалсан. Харин надтай хамтарч энэхүү ажлыг эхлүүлж, хийж байгаа болон үзэсгэлэнг гаргахад оролцсон хоёр хүн байгаа.Тэд бол Ян Журамт, Боржигон овогтой Хайрхан нар юм.
-Уран бичлэгээр хэдэн жил хичээллэж байгаа бол?
-Би багаасаа уран бичлэгт дуртай байсан. Харин ажлын шаардлагаар хэсэг завсарлаж байгаад өөрийнхөө үндсэн ажлаа орхиж, 2014 оноос буцаж энэхүү ажилдаа орсон. Өөрөөр хэлбэл, 2014 онд энд ирж энэ чиглэлээрээ хичээллэж, магистр хамгаалсан. Өөрөө утга зохиолч мэргэжилтэй. Уран бичлэгээр хичээллэх их сонирхолтой. Харин хожим буюу ирэх жилээс хийх санаатай байгаа, энэ чиглэлээрээ Улаанбаатар их сургуульд тусгай анги нээж хүүхэд, залуучуудыг сургах бодолтой байна. Монголын босоо бичиг нь уул ус, хүний бодол сэтгэлийг хүртэл илэрхийлж чаддаг мэт санагддаг.
-Таныг Улаанбаатар их сургуульд магистр хамгаалсан гэсэн. Ямар сэдвээр хамгаалсан бол?
- Монгол Улсын Улаанбаатар их сургуульд магистр хамгаалахаар 2014 онд ирж 2016 онд магистраа хамгаалсан.
Би Монголын Улсын Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном, ӨМӨЗО-ны нэрт яруу найрагч Л.Чулуунбаатар хоёрын яруу найраг, шүлгийн зохиол болон уран бүтээлийг харьцуулан судалж, энэ сэдвээрээ магистр хамгааллаа.
Учир нь Р.Чойном бол Монголын бүх ард түмэнд танигдсан, Төрийн шагналт яруу найрагч юм. Түүний шүлэг, яруу найргийг ӨМӨЗО-ны энгийн малчин иргэн хүртэл унших, сонсох дуртай. Тухайн үеийн нийгмийн байдлаас шалтгаалан энэ хүн төр, засагт үнэлэгдээгүй боловч ард түмэнд уран бүтээлээрээ үнэлэгдэж, одоог хүртэл ард түмэнд хүндэтгэгддэг яруу найрагч юм.
Мөн ӨМӨЗО-ны нэрт яруу найрагч Чулуунбаатар нь ӨМӨЗО-ны Отогийн өмнөд хошууны буюу миний нутгийн хүн. Энэ хүн нь 1956 онд төрөөд 30 насандаа бурхан болсон. Чойном болохоор 43 настай бурхан болсон байдаг.
Л.Чулуунбаатар нь ӨМӨЗО-ны Радиогийн хүүхэд, багачуудын нэвтрүүлгийн найруулагч байсан. Мөн л тухайн цаг үеийн дарга нартай үзэл бодлын зөрчилтэй байсан тул бас л билэг танхай байснаас залуу насандаа бурхан болсон. Түүний шүлэг, найраглал нь Монголын яруу найрагч Р.Чойномтой их адил. Түүний яруу найраг, шүлэг зэрэг уран бүтээл нь ӨМӨЗО-ны ард иргэдийн дунд нэрд гарсан, тэдний унших, сонсох дуртай бүтээлүүд болж чадсан юм. Тодруулбал, энэ хүний шүлэг, уран бүтээл нь тухайн цаг үед нэг л сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллээр гарч, нийтлэгдэхэд л ёстой ард түмнийг донсолгож байсан их яруу найрагч юм.
Энэ хоёр хүний туурвисан уран бүтээл нь тухайн цаг үеийн төр засгийн удирдлагуудад уран бүтээл нь таалагдахгүйгээс бүтээлийг нь олны хүртээл болгоогүй хаадаг байсан. Гэвч тэр хоёр хүний аль алиных нь уран бүтээл нь ард түмний хүртээл болж, тэдэнд таалагдаж, хүрч байсан.
Тиймээс би энэ хоёр хүнийг харьцуулж, ард түмэнд сурталчилах зорилгоор өөрийнхөө магистрын ажлын сэдэв болгон судалсан юм. Түүнээс аль нь илүү, дутууг үнэлэх гэсэнгүй. Энэ сэдвээрээ доктор горилох сэдэв болгодог юм бил үү гэж бас бодож байгаа.
-Тэгвэл энэхүү үзэсгэлэнг гаргах болсон талаараа?
-Монгол босоо /уйгаржин гэж нэрлэдэг/ бичгийн уран бичлэгтний анхны үзэсгэлэнгээ энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр ӨМӨЗО-ны Ордос хотын Отогийн Өмнөд хошуунд гаргасан. Тухайн үед БНХАУ-ын найман муж, хошуунаас уран бичлэгтэн ирж оролцсон. Энэхүү арга хэмжээний хүрээнд монгол зан үйлийн, монгол уран бичлэгийн гэсэн хоёр төрлийн үзэсгэлэн гаргалаа. Тус үзэсгэлэнгийн үеэр Р.Чойномын мэндэлсэний 80, ӨМӨЗО-ны нэрт яруу найрагч Л.Чулуунбаатарын мэндэлсэний 60 жилийн ойд зориулсан унаган байгаль, шүтэн бишрэгчдийн дурдатгал хэмээх үзэсгэлэн бас гарсан.
Харин энэ удаад би магистр хамгаалсан сэдвийнхээ хүрээнд тухайн хоёр хүнд зориулсан ямар нэгэн сайн үйл хийхийг зорьж энэхүү уран бичлэгийн үзэсгэлэнгээ гаргалаа. Энэ тухайгаа Улаанбаатар их сургуулийн захиралд хэлсэн. Захирал ч их дэмжсэн. Тиймээс Монгол Улсын Улаанбаатар их сургууль, Монгол Улсын Чөлөөт зохиолчдын холбоо Р.Чойномын “Өд” сан, Хэнтий аймгийн Дархан сумын Засгийн газрын Тамгын газар, ӨМӨЗО-ны Ордос уран бичлэгийн нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтарч энэхүү үзэсгэлэн, уран бичлэгийн үзэсгэлэнг гаргах болсон.
Тэр үед Монгол Улсаас Улаанбаатар их сургуулийн захирал С.Байгалсайхан, тус сургуулийн магистр, докторантын газрын дарга яруу найрагч Сүглэгмаа багш нар манай хошуунд очиж үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцож байсан. Тухайн үед ийм том сургуулийн багш, удирдлагууд ирлээ хэмээн манай хошууныхан /хошуу нь Монгол Улсын засаг захиргааны нэгжээр бол сум гэсэн үг/ бөөн баяр болж, олон хүн цугларсан нижгэр сайхан арга хэмжээ болсон.
-Та бүхэн Монголын ард түмэн, оюутан залуучуудад зориулан энэхүү үзэсгэлэнд олон бүтээлтэй ирсэн үү?
-Уран бичлэгийн үзэсгэлэнг гаргаж байх үед БНХАУ-ын найман муж, орноос уран бичлэг бичдэг хүмүүс олноор оролцсон. 300 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн боловч цаг хугацаа бага байсан тул Монгол Улсад цөөхөн уран бичлэгтний бүтээлийг авч ирсэн. Тус үзэсгэлэнд 52 уран бүтээлчийн бүтээл дэлгэгдсэн байгаа.
Өчигдрөөс эхлэн Улаанбаатар их сургууль дээр гарч байгаа энэхүү уран бичлэгийн үзэсгэлэн нь манай хошуунд гарсан үзэсгэлэн, арга хэмжээний үргэлжлэл гэж ойлгож болох юм.
-Энэхүү үзэсгэлэнгийн ач холбогдлоос ярьж өгнө үү?
-ӨМӨЗО-д уйгаржин буюу босоо бичгээр бичдэг. Монгол Улс кирилл үсгээр бичдэг.
Тиймээс бид хожим уйгаржин монгол бичгийг:
Монгол Улсын хүүхэд, залуучууд уран бичлэгээр бичих, энэ талаар судалж, хичээллэхэд нь нөлөөлөх, таниулах,
Р.Чойном, Л.Чулуунбаатар нарын ойд зориулсан. Энэхүү үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс Р.Чойномын бүх бүтээлүүдийг “Өд” санд хадгалуулна. Зарим хэсгийг нь Улаанбаатар их сургуульд үлдээнэ. Харин Л.Чулуунбаатарынхыг тодорхой хэсгийг нь үлдээгээд, зарим хэсгийг нь буцааж авч явна.
ӨМӨЗО-ны Отогийн Өмнөд суманд бага, дунд сургуульд тусгай ангиуд нээнэ. Мөн Р.Чойном, Л.Чулуунбаатар нарын шуумалыг гаргаж, уран бичлэгийг хадгална.
Мөн ирэх жилээс “Монгол ээжийн хүү” гэсэн сэдвээр дурсгалын музей гаргана. Ирэх 2017 оноос эдгээр ажлуудаа хийнэ. Мөн энэхүү бүтээлүүдээрээ ном гаргах зорилготой байгаа.










