-Өөрийгөө танилцуулахгүй юу. Яагаад тээгч эх болох зар тавьсан юм?
-Би гэр бүлтэй. Томоохон хувийн байгууллагад ажилладаг. Хүний амьдралд гэнэтийн зүйл тохиолдохыг алийг тэр гэх вэ дээ. Нөхөртэйгээ хамтдаа босгож, хөлөө олж байсан амьдралд минь нэг өглөө гай таарч орвонгоороо эргэсэн. Хүнд их хэмжээний мөнгөний өртэй болчихсон, манайх. Тэгээд л өрнөөс салах гэж ханьтайгаа олон сар ярилцсаны эцэст тээгч эх болох шийдвэр гаргацгаасан. Хүн аргаа барахаараа янз янзын гарах гарц хайдаг юм билээ. Хамгийн хэн нэгэнд хал балгүй, өөртөө ч гэсэн нүгэл хураахгүй гарц энэ байсан. Хүнийг үр хүүхэдтэй болоход тусална гэдэг буян шүү дээ.
-Гэнэтийн золгүй явдал тохиолдсон тухай дэлгэрэнгүй ярих боломжтой юу?
-Нөхрийн маань багын найзын хурим хөдөө болсон юм. Урилга ирэхээр нь том жийп машин түрээслэдэг газраас үнэтэй машин түрээслэж аваад явсан юм. Хуримнаас ирэх замд осолд ороод машинд юу ч үлдээгүй. Азаар нөхөр маань амьд гарч, багагүй мөнгөөр эмчилгээ хийлгэж хөл дээрээ боссон. Манайх байртай, суудлын жижиг тэрэгтэй, хоёулаа ажилтай юм юмтай л айл байсан. Машин тэргээ зараад хоёулаа цалингийн зээл авч, энд тэндээс ах дүү, найз нараасаа мөнгө зээлээд машины үнийн дөнгөж дөрөвний нэг болох 26 сая төгрөг төлсөн. Одоо 60-аад сая төгрөг төлөх үлдээд байна.
-Өөр арга хайж үзсэн үү. Өөр замаар өрөө төлөх боломж байхгүй юу?
-Ах дүү нараасаа бага хэмжээний мөнгө зээлсэн. Гэхдээ тэд өөр өөрийн гэсэн амьдралтай хүмүүс олсноо өөртөө л зориулна. Нийгэм бас ямар хэцүү байгаа билээ. Илүүчлээд өгчих их мөнгө хэнд ч байдаггүй юм билээ.
-Уучлаарай танайх хүүхэдтэй юу?
-Хоёр хөөрхөн охинтой. Өрнөөс болж шүүх цагдаадаа хүрч хоёр охиноо өнчрүүлэн тусдаа байснаас ийм аргаар ч хамаагүй элэг бүтэн хүүхдүүдийнхээ дэргэд байя гэж бид хоёр ярилцсан.
-Ээж хүн дахиад 9 сар тээсэн бас нэг үрээ хүнд өгөх хэцүү л байх байх даа?
-Ийм шийдвэр гаргах гэж байгаа бол хамгийн түрүүлж сэтгэл зүйгээ маш сайн бэлдэх ёстой юм билээ. Нөхрийнхөө, хүүхдүүдийнхээ сэтгэлийг ч гэсэн маш сайн бэлдэх хэрэгтэйг ойлгосон. Бага багаар хэлж ойлгуулж дасгаж байгаа.
-Тээгч эх гэдэг ойлголт манайд шинэ зүйлийн тоонд ордог. Ихэнх хүн тээгч эхчүүдийг тээж төрүүлсэн үрээ мөнгөөр үнэллээ, хүнд худалдаа гэх мэтчилэн ярьдаг. Иймэрхүү байдалд хэр бэлтгэлтэй байна?
-Тээгч эх болно гэсэн заруудын доорх сэтгэгдлүүдийг уншсан. Үнэхээр аймаар хүний рүү дайрсан сэтгэгдлүүд байдаг юм билээ. Нөгөө захиалагч талыг ч гэсэн мөнгөтэй сувай эм энэ тэр гээд л. Хүн ямар ч шалтгаан, зовлон бэрхшээлтэй байж болно шүү дээ. Ер нь зовлонг өөр дээрээ мэдэрч байж л мэднэ дээ. Нөхөр бид хоёр энэ тал дээр сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаа. Сэтгэгдлүүдийг уншаад үүн дээр ч гэсэн анхаарах ёстой юм байна гэж ярилцсан. Ер нь тээгч эх болохоо би хүн ичиж эмээх муу зүйл гэж бодохгүй байгаа. Үр хүүхэд заяагаагүй, тээж төрүүлэх тавилангүй бас нэг шаналж зовж байгаа хүмүүст үртэй болоход тусалж, гэрт нь гэрэл гэгээ, аз жаргал бий болоход тусалж байгаагаа их буян гэж боддог. Буян хийж байгаа гэдэг талаас нь нөхөр бид хоёр хүлээж авсан. Үртэй хүн хамгийн баян гэдэг биз дээ.
-Хүмүүс хэр хандаж байна. Саналыг чинь хүлээж авлаа. Уулзъя, ярилцъя гэсэн хүмүүс ярьж байна уу?
-Бараг сарын өмнө нэг хүн ярьсан. “Өөрөөс чинь гадна хэд хэдэн хүнтэй ярьж байгаа. Судалж байна. Эргээд холбогдъё” гэсэн. Нэлээд судалдаг юм шиг байна лээ.
-Хэдэн төгрөгөөр тээх үү?
-Нөгөө хүнтэйгээ ярилцаж байж болно доо. Яг төдөн төгрөг гэж хэлэхэд бас хэцүү. Нөгөө талын хүний санал боломжийг бас харна шүү дээ.
-Үүнийг зохицуулдаг хууль дүрэм манайд хэр байдаг юм бол. Судалж үзсэн үү?
-Яг зориулж баталсан хууль дүрэм байдаггүй гэсэн. Хоёр тал сайн ярилцаж тохирч гэрээ байгуулдаг гэж дуулсан.
-Тээгч эх болох гэж байгаа шийдвэрээ ойрын хамаатан найз нөхөддөө хэлсэн үү, эсвэл нууцалж байгаа юу?
-Манайх чинь хүний мууд их дуртай. Хожим хойно элдвээр хэлэх байх гээд нууцалж байгаа. Тэдэнд мэдэгдэхгүй байх асуудлыг бараг шийдсэн.
-Өөртэйгээ адилхан шийдвэр гаргасан бүсгүйчүүдтэй уулзаж үзсэн үү. Мэдээлэл, туршлага солилцох үүднээс?
-Хүүхэд тээж байгаа нэг хүүхнийг хайж олоод холоос харсан. Уулзаж юм ярьж амжаагүй л байна. Хоёр дахиа тээж байна, туршлагатай ээж байна гэсэн бүсгүйн сэтгэгдлийг уншсан.
-Анх тээгч эх болно гэсэн зар, мэдээлэл хараад яаж хүлээж авдаг байсан бэ?
-Сонин юмаа. Хүний амьдрал л юм даа гэж бодож байсан үе бий. Өөрөө мэдэрч байж л хүнийг ойлгодог юм байна.
