Цасаар хучигдсан хүйтэн гудамжаар жавар хайрсан хүйтэн агаарт бяцхан хүү цээж нүцгэн, нимгэн өмд, холхигнодог гутал углаад амаа даран уйлсаар гүйж явна... Үртэй хүн бүрийн элгийг эмтэлж, ээж хэмээх цолтой хэний ч нулимсыг барах энэ гэрэл зурагт буусан жаалхан хүүгийн талаар ярилцмаар байна. Сайндаа л гурав, эсвэл дөрөвхөн настай тэр жаал гэр хорооллын эвдэрхий хашаа, ноорхой гэрүүдийн дундуур хэр чадлаараа гүйж явна. Хэн нэгэнд хөөгдөөд, эсвэл хэн нэгнээс айгаад, бүр өөрөөр бол хаа нэгтэй халуун дулаан илч горьдон хөлдүү өвлөөр гутал, нимгэн самбай шиг өмднөөс өөр хувцасгүй гүйж явна.
Миний том хүү гурван настай. Ханиад хүрчихээд гэртээ байгаа. Бага хүүгээ гадаа салхилуулахдаа ахыг нь дааруулчих вий гэсэндээ гэрээс нь ч гаргахгүй дулаалаад сууж байгаа би энэ зургийг хараад аянганд цохиулсан юм шиг л болж билээ.
Амаа даран гүйж яваа тэр бяцхан үр юунд ийнхүү шаналав. Эцэг, эхээ сонгож төрж болдоггүй хорвоогийн хатуу хууль хөөрхий түүнийг архидалт, хүчирхийллээс мултрах ганц боломж олгохдоо ийнхүү цээж нүцгэн гүйхээс өөр сонголт үлдээсэнгүй юу... Ийнхүү хайруу өвлөөр шалдан гүйгээд гүйгээд бяцхан тэр хүү авралыг олж чадсан болов уу... Хэдэн мянган зүүгээр хатгуулахтай л адил хар жавар, хүйтнээс зугатаж, халуун дулаантай золгож чадсан болов уу... Түүнд хэн нэгэн тусалсан болов уу...
Энэ зургийг үзсэн хүн бүрийн зүрхийг энэ мэт үгс, асуулт бөмбөр нүд нүдэж, зарим нь хөөрхий хүүг олох гэсэн эрэлд эргэлт буцалтгүй гарахаар шийдсэн ч байж мэдэх.
Олон нийтийн сүлжээнд тавигдсан энэ зургийг хэн дарсан, хүүг олж харсан даруйдаа өмсч явсан хүрмээ, хувцсаа тайлаад жижигхэн мөрөнд нь тохож өмсгөсөн болов уу... Хэнээс ийнхүү зугатаж, холхигнодог гутланд хөөрхөн жижигхэн хөлөө хайруулан байж, тохой ч хүрэхгүй мөр, цээжээ дааруулан байж гүйснийх нь шалтгааныг асуусан болов уу...
Хүүхдийн төлөө гэсэн уриа, лоозон агссан тэмцэгчид, жагсагчид, том том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, парламентын танхимаас ганц товч дараад л эх оронч, эх үрсийг энэрэн хайрлагчийн дүр бүтээгчид энэ зургийг олж харсан нь лавтай. Сайн үйлсийн аян хийлээ гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрсдийгөө рекламдаж, цээжээ дэлдэгсэд ч ялгаагүй олж харсан нь мэдээж. Хэн ч ялгаагүй, энэ л зургийг хараад Монголын минь балчир үрс бидний нүднээс далд хэрхэн тарчилж буйг мэдрээсэй. Бяцхан оюуныг нь харгислал, хүчирхийлэл, айдсын там болгох биш хайрын диваажин болгоход чин сэтгэлээсээ ажиллаасай.
Эцэст нь, бяцхан хүүд хэн нэгэн тусалсан болов уу гэдэг асуултынхаа хариуг хайсаар л үлдлээ. Түүнд хэн тусалсан бол. Тэр одоо хаана байгаа бол. Түүнийг олж, ганц куртка ч хамаагүй өгмөөр байна. Ингэж чадвал хорвоо таны өгөөмөр тавиланг тэр жаалхан хүүд амсуулахын тулд бүхнийг хиймээр байна.
Монголхатагтай
