Зүүн болон зүүн хойд хэсэгт халдварт өвчин дахин дэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчид вакцинжуулалтыг эрчимжүүлж, энэ сарын 15-ны өдөр хүртэл 393 сая орчим хүн вакцинд хамрагдаад байна.
БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр, Хятад улсад өдөрт 12 сая орчим хүн вакцин хийлгэж байна. Нэг сарын өмнө энэ үзүүлэлт гурав дахин бага буюу 4 сая орчим байжээ.
Орон нутагт илэрсэн халдварын хэд хэдэн тохиолдол сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд анх удаа бүртгэгдсэн тухай Хятадын халдварт өвчинд хяналт тавих байгууллага мэдээлсэн байна. Халдварын тохиолдлууд Ань Хүй муж, Ляо Нин мужид илэрчээ. Тийнхүү халдварт өвчин дахин дэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан суурьшлын 13 бүсэд цар тахлын аюулын түвшинг нэмэгдүүлээд байгаа аж.
Хятад улсад хүн амаа вакцинаар хангах кампанит ажлыг 12 дугаар сард эхлүүлж, хүрээгээ тэлсээр байна. Эрх баригчид 4 дүгээр сард 126 сая гаруй тун вакциныг оршин суугчдад хуваарилсан бол 5 дугаар сар гэхэд энэ үзүүлэлт 270 сая гаруй болж нэмэгджээ. Хятадын зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болсон коронавирусний таван вакциныг гарган авсан юм. Үүнээс гадна эмийн компаниуд шинэ вакцинуудын эмнэлзүйн туршилтыг явуулж байна.
Засгийн газар 6 дугаар сар гэхэд нийт 1.4 тэрбум хүн амын 40 орчим хувь буюу 560 саяыг нь вакцинжуулсан байх боломжтой гэж Хятадын тархвар судлаач Жүн Наньшань өмнө нь мэдэгдсэн юм.
