solongonews
Л.Одончимэд: Би зээтэйгээ уулзахдаа “Миний муу ядарсан хүү яаж байна даа” гэж л хэлдэг
2015-12-28 18:21
Амьдралын жамд хатуу хүтүүг сөрөн, хамаг чадлаараа тэмцэж, та бидний төсөөллөөс ч илүү зовлонг тээж, гашуун нулимсыг амсч явдаг хүмүүсийн дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд багтдаг. Эргэшгүй тавиланг буцаах боломжгүй ч төрүүлсэн үрийнхээ төлөө насан туршдаа үнэнчээр үлдэж, зөвхөн тэр л хүүхдийнхээ төлөө амьдралаа өгөх тэнхээтэй хүмүүс нь төрөл төрөгсөд байдаг. Бас сайн санаат мянга мянган хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусалдаг.

Хүн эцэг эхээ битгий хэл ямар хүйсэнд төрөхөө ч сонгож болдоггүй нь орчлонгийн хатуу хууль. Ертөнцийн жамд туугдан явахдаа ямар хувь төөргөөр, ямархан гэр бүл зохиож, ямар амьдрал туулах вэ гэдгээ ч бас бид сонгох мэдэлгүй. Амьдралын жамд хатуу хүтүүг сөрөн, хамаг чадлаараа тэмцэж, та бидний төсөөллөөс ч илүү зовлонг тээж, гашуун нулимсыг амсч явдаг хүмүүсийн дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд багтдаг. Эргэшгүй тавиланг буцаах боломжгүй ч төрүүлсэн үрийнхээ төлөө насан туршдаа үнэнчээр үлдэж, зөвхөн тэр л хүүхдийнхээ төлөө амьдралаа өгөх тэнхээтэй хүмүүс нь төрөл төрөгсөд байдаг. Бас сайн санаат мянга мянган хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусалдаг. Тэдний зовлонг хуваалцаж, нимгэлэх үйлсэд цал буурал болтлоо тэмцэнэ хэмээн бяцхан үрийнхээ гэгээн дурсгалд зориулан тангарагласан А.Одончимэг хэмээх бүсгүй “Халуун Болор” төвийнхөө үүд хаалгыг нээгээд 20-иод жилийг үджээ. Энэ төвийн тулгын чулууг тавилцсан нэгэн эрхэм хүмүүн, УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд асан, Анагаах ухааны доктор  Л.Одончимэд гуайтай ярилцсанаа уншигч олноо толилуулж байна.

 

Дорноговьд Шаргалжуут байсансан бол арай өөр байх байсан даа

-Хүний амьдрал гэдэг өндөр уулын оргилд авирахын нэр юм болов уу. Туулах замынхаа оргил, өндөрлөгт хүрсний дараа эргээд харахад би юу бүтээв, юунд хүрэв гэж хүн бүр цэгнэдэг байх. Харин та энэ асуултанд юу гэж хариулах вэ. Эндээс хоёулаа ярилцлагаа эхэлье.

-Хүний сэтгэлээс гардаггүй үг гэж байдаг даа. Тэдгээрээс хамгийн гол нь ээжийн минь сургааль юм. “Хүнд тус хүргэж яваарай”, “Хүн чанараа хадгалж яваарай” гэж ижий минь захисан юм. Энэ бол хамгийн гол захиас нь. Ганцхан миний ээж ч биш, Монголын бүх ээжүүд л хүүхдэдээ ингэж захидаг байх.

 

Саажилттай хүүхэд Монголд их олоон. 1000 хүүхэд тутамд 1,5 төрдөг юм. Тэгэхээр 2000 хүүхдээс 3 нь ийм гэсэн үг. Монголд өнөөдөр хэдэн хүүхэд төрж байгаа юм, түүгээр нь үржүүлээд бодоход жилдээ 60-70 хүүхэд нэмэгддэг.

 

            Миний хувьд эргээд зам, мөрөө харахад ямар ч ажил алба хашиж явсан миний амьдрал хүнд тус хүргэсэн өнгө тусгалаар л харагдана. Үүнийг ч намайг танидаг, мэддэг хүмүүс, нутгийн зон олон маань бүгд хэлнэ. Өнөө өглөө би 08.00 цагт Мааньтын хориход байгаа Хонхэрэйдийн Энхбатын хүүтэй уулзаж, Энхбатын захисан Равжаа хутагттай холбоотой 10 гаруй номыг өгч явууллаа. Тэр хүн хэдийгээр төрийн шийтгэлийг хүлээсэн ч гэсэн, биеийг нь хашихаас биш сэтгэлийг нь хашихгүй шүү дээ. Тэр хүн чинь тэнд уран бүтээлээ хийж байна, Равжаа хутагтын тухай кино хийгээд, киноныхоо эх зохиолыг надад өгсөн. Одоо роман бичиж байна. Энэ бол өнөөдөр миний хүнд туслах ажлын эхнийх нь байлаа. Би Б.Ринчен гуайн мэндэлсний 110 жилд нь зориулж телевизийн нэвтрүүлэг хийж байгаа юм. Тэгээд ач нартай нь уулзаж, өвөөгийнх нь тухай яриулах, ач нарт нь үлдсэн өвөөгийнх нь ачлал хайр, үнэр нь шингэсэн дээл, бүс, малгай тэргүүтнийг олж үзэх, нөгөө алдартай мянгын дугуй, суран бүсийг олж зураг авлаа. Энэ жил говьд бороо хур бага байна. Тиймээс нутгийнхаа Чандмань хайрханыг тахих ажлыг зохион байгуулах гээд л явж байна даа. Бас хөдөөнөөс ирсэн хүүхдүүдийг эмнэлэгт үзүүлэх ёстой. Одоо ч миний амьдрал өдөр бүр иймэрхүү байдлаар л үргэлжилдэг.

            Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр 14 жил ажиллалаа. Энэ чинь бүхэлдээ бусдад туслах л ажил. Сайн дураараа туслах сайхан сэтгэлийн үйлс. Тиймээс хүнд тусалъя гэсэн чин сэтгэлтэй хүмүүсийг зохион байгуулаад, нэгэн зүгт хандуулаад өгөх нь маш чухал.

            Эмч хүнийхээ хувьд хийсэн 2-3 хүмүүнлэгийн ажил байдаг юм. Японы Нагоя хотын Айчи их сургуулийн эмч нартай хамтран уруул тагнайн сэтэрхий эмгэгтэй хүүхдүүдэд мэс засал хийх ажлыг олон жил зохион байгуулж, “Уруул тагнайн эмгэгийг судлах нийгэмлэг” анх байгуулсан. Бараг 20-иод жилийн өмнө Шаргалжуутын рашааныг түшиглээд тархины саажилттай хүүхдүүдийн сувилал байгуулъя гэж А.Одончимэг хэмээх бас л хүний төлөө явдаг бүсгүйтэй энэ ажлаа хамтраад эхлүүлсэн. Бүх хэцүү хатууг туулж бид Шаргалжуутад 20 ортой, тархины саажилттай хүүхдийн сувиллыг анх байгуулсан. Бид маш олон бэрхшээл, зовлонг туулсаан. Улс төрийн шахалт, гүтгэлэг гээд бараг үзээгүй юм байхгүй дээ, тэр муу охинд. Сая нэг арай гэж жаахан газар олж сувилал бариулах гэж байна.

            Саажилттай хүүхэд Монголд их олоон. 1000 хүүхэд тутамд 1,5 төрдөг юм. Тэгэхээр 2000 хүүхдээс 3 нь ийм гэсэн үг. Монголд өнөөдөр хэдэн хүүхэд төрж байгаа юм, түүгээр нь үржүүлээд бодоход жилдээ 60-70 хүүхэд нэмэгддэг. Саажилттай хүүхэдтэй айлд аав нь, эсвэл ээж нь ажил хийх бололцоо байдаггүй. Хэн нэгэн хүн байнга заавал харж хандаж байх ёстой. Баян тарган улсууд бол яахав, хүнээр харуулж байна.

            Улаанбаатарт саажилттай хүүхдүүдийн ганцхан цэцэрлэг байдаг. Тэр цэцэрлэгт би Нийгмийн хамгааллын сайд байхдаа 100 сая төгрөгийн өргөтгөл хийлгэсэн. Одоо цэцэрлэгийн үндсэн барилга нь актанд орж байх шиг байна. Тэгэхээр одоо төрөөс саажилттай хүүхдийн цэцэрлэг байгуулах байх. Харин манай А.Одончимэг Шаргалжуутад барилгаа барина, хундаамаа ч цутгачихсан хүн шүү дээ. А.Одончимэг маань энэ ажлаа хэнээр ч заалгахгүй аваад явчихна. Дээрээс нь манай хүн чинь “Сарлагийн баяр” гэж маш том арга хэмжээ зохиож олон хүний анхаарлыг саажилттай хүүхдүүдэд хандуулж чадсан юм шүү дээ. Ер нь хийгээгүй ажил байхгүй.

            Гэхдээ манай улстөрчид, мөнгө төгрөг мэддэг хүмүүс очоод үзэхээрээ тусална л гэдэг. Сонгууль болохоор тусална гэдэг, харин сонгогдохоороо мартчихдаг. Ингэсээр байгаад л 20-иод жилийг авчихлаа шүү дээ. Дорноговь аймагт Шаргалжуут гэдэг газар нь байдагсан бол арай өөр байх байсан даа гэж би боддог юм. Хаа холын Баянхонгорт байгаа болохоор би тэнд тэр бүр очиж юм зохион байгуулж чадахгүй байна.

            Уг нь манай Шаргалжуут рашаан сувилал бол дэлхийд гайхагдсан цогцолбор газар шүү дээ. Үүнийг олон түмэнд буянтай томоохон хэмжээний хөгжүүлэлт хийж болохоор байгаа юм. Манай “Женко” Х.Баттулга байна. “XIII зуун” цогцолборыг босголоо шүү дээ. Үүн шигээр Шаргалжуутыг босгоод ирье гэвэл түүнд хүч нь бий. Тийм цаг ирэх байх.

-А.Одончимэг эгч маань нялх үрийнхээ шарил дээр уйлж суухдаа хүү шиг нь зовсон хүүхдүүдийн төлөө энэ биеэ зориулна гэж тангараг өргөсөн юм билээ. Яг л тэр хэцүү хатуу цаг үед тантай таарсан гэсэн. Таныг байгаагүй бол “Халуун Болор” төв үүдээ нээхгүй байсан байх гэж нулимстай ярьж суусныг нь санаж байна.

 

-Манайд ч бас тийм хүүхэд байна. Миний охиноос төрсөн хүү. Одоо 16 настай. Саяхан паспортоо авсан. Тархины саажилттай. Би эмч хүнийхээ хувьд, өөрөө бас тийм зээтэй хүний хувьд энэ зовлонг үүрэлцэх ёстой. Тэгж л Шаргалжуутад саажилттай хүүхдүүдийн төв байгуулах санаа сэдлийг олсон. Тухайн үед энэ төвийг нийлж босгож ирье гэсэн хэд хэдэн залуучууд байсаан. Тэд маань замын дундаас няцаад явчихлаа гэж би харж байгаа. Няцаагүй хүн бол ганцхан А.Одончимэг юм.

            Би бол А.Одончимэг шиг өдөр тутамдаа хүнд муу, сайн хэлүүлж яваагүй ээ. Олон хүнд би зуучилж, хэлж, танилцуулж, “Энэ хүн чинь мөнгө өгвөл идчих юм биш биз” гэж эргэлзсэн хүмүүст хариулж, зөв замыг нь зааж явсан. Гэхдээ бид овойж, оцойтол хэзээ ч мөнгө олж байгаагүй. Хүүхдийг хүлээж авч, үнэ төлбөргүй эмчилсээр ирсэн.

            Манай Одноо чинь бүх аймгийн саажилттай хүүхдүүдийн судалгааг өөрөө гаргасан. Эрүүл мэндийн яам үүнийг гаргаагүй юм шүү. Яагаад гэхээр саажилттай хүүхэдтэй хүмүүс нуучихдаг байхгүй юу. Бүр цагдаа очоод “Танайд 10 настай хүүхэд байх ёстой. Яагаад сургуульд суулгахгүй байгаа юм” гэхэд тэр хүүхэд нь саажилттай, тэгээд насаар нь нуучихсан байдаг юм шүү дээ. Тэрийг бид олж мэдсэн. Тэрийг нуух хэрэггүй юм л даа.

-Хүүхдээ хүнд муу үзүүлэхгүй гэсэндээ л ижий аав нь нуугаад, өөрсдөө асарч сувилаад, хамаг ачаагаа ганцаараа нуруундаа үүрээд явж байгаа нь тэр байдаг байх даа?

-Ер нь саажилттай хүүхдүүдийн асаргаа, сувилгааны талаар бүр том, нийгмийн хэмжээний ярилцлага хиймээр байгаа юм. Эх барихын эмч нар, ээжүүд, зовлонд учирсан хүмүүсийг оролцуулмаар байна. Нийгэмд үүнийг сайн ойлгуулахгүй бол энэ маань далддуу хэлбэртэй, айлдаа их зовлонтой, ийм л амьдралын шийтгэл юм даа.

-Таныг Нийгмийн хамгааллын сайд байхдаа Баянхонгор аймагт ажлаар очихдоо Засаг даргынх нь бэлдсэн үнэтэй зочид буудалд биш харин “Халуун Болор” төвийнхөө саажилттай хүүхдүүдийн унтдаг орон дээр унтаад явсан гэж Одноо эгч ярьж байсан. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-Тийм. Нийгмийн хамгааллын сайд байхдаа Баянхонгорт ажлаар очсон юм. Ер нь тэрнээс өмнө би Монголын бүх рашаан сувиллыг 10 жил хариуцаж ажилласан шүү дээ. Шаргалжуут бол надад маш олон мэдээлэл, мэдлэг өгсөн газар. Маш сайхан настангууд тэнд ажиллаж байсан. Тэдэнтэйгээ уулзахаар очсон юм. Тэгээд бас сувиллаа ч үзье гэсэн юм. Тэдэнтэйгээ уулзалт хийгээд, хөргөгч бэлэглээд, Шаргалжуутын ирээдүйн талаар санаа бодлоо солилцоод, А.Одончимэгийн саажилттай хүүхдүүдийг авдаг өрөөнд хонох уу, эсвэл аймагт очиж хонох уу гэхэд нь би “Энд л хоноё. Тэр байтугай хэцүү зовлонтой хүмүүс хонодог газар би хонолгүй яадаг юм” гэж тэндээ хоносон. Тэнд очихоор нэгдүгээрт, залуу нас дурсагддаг юм. Хоёрдугаарт, энэ рашаанаар юу хийж болох вэ гэдэг бодол толгойноос салдаггүй.

 

А.Одончимэгийн саажилттай хүүхдүүдийг авдаг өрөөнд хонох уу, эсвэл аймагт очиж хонох уу гэхэд нь би “Энд л хоноё. Тэр байтугай хэцүү зовлонтой хүмүүс хонодог газар би хонолгүй яадаг юм” гэж тэндээ хоносон.

 

 

Хамгийн их зовлонг нь тэр хүүхэд өөрөө эдэлж байгаа юм шүү дээ

-Гадаадад Дауны синдромтой хүүхэд загвар өмсөөд явж байна. Нийгэм нь энэ хүмүүсийг ингэж сайхан дэмжиж, урамшуулж, өөрсдийнхөө нэгэн хэсэг болгож чадаж байна. Харин манай улсад ийм хүүхдүүдийг эцэг эхийнхээ лай ланчгийг үүрч яваа гэх зэргээр хэлэх нь олон юм. Дөнгөж тантай уулзахаар гарахын өмнө Одноо эгчийг хүртэл дотны найзууд нь “Чи наад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ зууралдсаар байгаад насыг барах гээ юу” гэж хүртэл хэлсэн байна лээ. Магадгүй тэдний төлөө тэмцэж байгаа ганц хүнийг ингэж урам зоригийг нь мохоочихвол амьдралын боломжгүй айлд байгаа саажилттай хүүхдүүдийн төлөө хэн тэмцэх юм бэ. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Юу гэхээр тэр айлд тохиолдсон зовлон уу гэвэл, зовлон. Гэхдээ тэр айлд зовлон болохоосоо гадна хамгийн их зовлонг нь тэр хүүхэд өөрөө эдэлж байгаа юм шүү дээ. Бид биш тэр хүүхэд л өөрөө зовж байгаа юм шүү дээ. Юм идэж чадахгүй, ууж чадахгүй, гадуур явж чадахгүй, бусадтай адилхан тоглож чадахгүй, амьдралын баяр баясгалан гэдгийг мэдэхгүй. Хүүхэд мөн үү, мөн. Гэтэл бүрэн бүтэн хүн биш. Тэгж хүний зовлонгоор хүнс хийж болохгүй л дээ.

 

 

 

            Ер нь монголчууд ярьдаг л даа, урьдын хийсэн үйлийн үр гэж. Хүнийг зовлонд унахаар эсвэл лус савдгийн хорлол, эсвэл хараал ерөөл гэж хэлдэг. Монголчууд чинь их сонин сэтгэхүйтэй улс шүү дээ. Мухар сүсгийн хувьд улам л дордож, элдэв мунхруулалд автаж байх шиг.

            Үнэн хэрэгтээ саажилттай хүүхдүүд голдуу эмнэлгийн хүний хэлээр бол, тухайн үеийн эмнэлгийн тусламжийн ганцхан минутын алдаа гарахад л, ганцхан минутын анхаарал сулрахад л гардаг эмгэг шүү дээ. Яг төрүүлэх явцад жаахан юман дээр, маш нарийн юман дээр ганц минут алдахад л гарч байгаа зүйл шүү дээ. “Үхэх, төрөх хоёр адилхан” гэдэг үг чинь үүнээс болж гарсан. Тэрнээс гадна эхийн хэвлий дэхь ургийн хөгжлийн гажгаас болж тийм хүүхэд гардаг. Хэвийн тээгдэж байсан хүүхэд яг төрөх үедээ саажилт авна гэдэг бол эмнэлэгтэй нэлээд хэмжээгээр холбогддог. Одоо хөдөө сумдад хүүхэд төрөхийг болиулаад аймгийн төвд нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор төрүүлэхээр болоод байгаа. Үүнтэй уялдаад саажилттай хүүхдүүдийн тоо багасч байхыг би үгүйсгэхгүй.

 

Манай улсын төрийн тэтгэлэг дэндүү бага. 16 мянган төгрөг байсан, одоо 60 мянган төгрөг болсон. Живхний ч үнэд хүрэхгүй. 16 настай хүүхэд ямар үнэтэй живх хэрэглэх билээ, асрагч авлаа гэхэд хэдэн төгрөг төлөх билээ. Хаанаа ч хүрэхгүй шүү дээ.

 

            Намайг УИХ-д байхад зөвхөн УИХ-д саажилттай хүүхэдтэй гишүүд 3 байсан. Тэд харин миний ажлыг дэмждэг байсан. Монголчуудын нэг зан байдаг даа. Хэцүүхэн яваа, зовж яваа хүүхэддээ хамгийн их хайртай байдаг шүү дээ. Тэрэндээ илүү анхаарал тавьдаг, илүү ихээр хайрладаг. “Энэ нэг муу маань л ядарсан юм даа” гэж боддог. Тэр л их хайрыг тээж яваа амьтан юм шүү дээ, тэр хүүхэд чинь.

-Ингэхэд, саажилттай хүүхдүүдийг төрөөс хэр сайн дэмжиж, тэтгэдэг юм бэ. Тэд маань ямар орчинд амьдарч байна вэ?

-Манай улсын төрийн тэтгэлэг дэндүү бага. 16 мянган төгрөг байсан, одоо 60 мянган төгрөг болсон. Живхний ч үнэд хүрэхгүй. 16 настай хүүхэд ямар үнэтэй живх хэрэглэх билээ, асрагч авлаа гэхэд хэдэн төгрөг төлөх билээ. Хаанаа ч хүрэхгүй шүү дээ.

1997 онд Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Р.Самдандовж бид хоёр Испанийн тархины саажилттай хүүхдүүдийн асрамжийн газартай танилцаж байхад байдал огт өөр байсан. Тэтгэмжийнх нь гуравны нэгийг эцэг эх нь, гуравны нэг нь төрөөс өгөх хүүхдийн тэтгэвэр, гуравны нэг нь Засгийн газар гаргадаг юм билээ. Тэр асрамжийн газар 26 настай хөгжлийн бэрхшээлтэй хүн хүртэл байсан. Яг л түүн шиг бид саажилттай хүүхдүүддээ анхаарах хэрэгтэй байна. Байнгын хүний асаргаа шаардлагатай хүүхдүүддээ зориулаад үүн шиг төв байгуулбал эцэг эх нь сая л нэг ажиллах бололцоотой болно. Ийм асрамжийн төв байгуулбал асаргаа сувилгааг нь Улаан Загалмайн сайн дурынхан ээлжээр очиж хийж болно.

 

Таны өглөгөөр саажилттай хүүхдийн сувилал босно гэдгийг хэлье

-Саажилттай хүүхдүүдийн төлөө харьшгүй сэтгэлээ зориулж яваа “Халуун Болор” төвийн үйл хэргийг дэмжихээсээ илүүтэйгээр “1000 төгрөгөөр барилга барихыг нь харнаа” гэж хэлсэн хүн ч бий. Тэдэнд хандаж та юу гэж хэлэх вэ?

-Тэр бол их ойрхон бодолтой, алсын юм боддоггүй, хүний зовлон жаргалыг ойлгодоггүй хүмүүсийн л үг байна. Ер нь сайхан сэтгэлтэй хүмүүс нь хамаагүй олон учраас энэ дэлхий ертөнц чинь тогтоод байгаа юм шүү дээ. Тэрнээс биш муу сэтгэлтэй хүн нь олширбол энэ дэлхий өөрөө сөнөнө. Энэ нийгэм ч өөрөө устана. Тэр олон сайхан сэтгэлтэй хүмүүс нэгдээд Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аварна гэдэгт би итгэлтэй байна. Энэ ярилцлагынхаа далимд хэлэхэд, монголчууд минь тэр 1000 төгрөгийг бүгдээрээ өгөөрэй, таны өглөгөөр Шаргалжуутад саажилттай хүүхдийн сувилал босно гэдгийг хэлье.

-Зовлонтой хүний зовлонг зовлон үзсэн хүн л ойлгоно гэдэг дээ. Тийм ч учраас та энэ хүүхдүүдийн төлөө аавын сэтгэлээр, өвөөгийн сэтгэлээр хандаж иржээ. Тийм ч учраас та зээ хүүгээ өөрийнхөө нэр дээр авч байсан тухай би сонсч байсан юм байна?

-Тийм ээ. Хүүгээ би бүр бага байхад нь өөр дээрээ авч байсан. Манай гэргий аваад Шаргалжуутад сувилуулж байсан. Охин, хүргэн хоёр минь салсан юм л даа. Дараа нь бас хүү минь аавындаа ч нэлээд байсан. 14 наснаас ээжийндээ байх болсон. Бид төрсөн өдрийг нь тэмдэглэнэ. Хүний амьдралын ямар л баяр хөөр байна тэр бүгдийг нь бид зохион байгуулна, хуваалцана. Сая хүүдээ паспортыг нь авч өглөө. Бидэнд хэцүү боловч хүн сүүлдээ дасдаг юм. Тэрнийхээ зовлонг үе үе ярина уу гэхээс биш өдөр бүр ярихаа болиод л...

 

Ертөнцөд ганцхан л сайхан хүн байгаа. Тэр бол ээж. Ганцхан хөөрхөн хүн байдаг. Тэр бол хүүхэд. Ганцхан гоё хүн байдаг. Тэр бол хань чинь юм шүү.

Том болох тусмаа асарч сувилахад хэцүү. Өргөөд явахад даагдахгүй, хүүхдийн тэргэнд багтахгүй, машинд хүүхдийн тэрэгтэй оруулж болохоо больчихоор том машин авах хэрэгтэй болж байна. Миний охин дараа нь бас сайн залуутай суусан. Тэр залуу хүүд минь яг л өөрийнхөө хүүхэд шиг ханддаг. Өдөр хүүхдээ харах шаардлагатай бол өдөржингөө л хараад үлддэг. Тэрний буянаар тэр хоёр маань хөөрхөн охинтой болсон. Тэр охин бол тэр хоёрын тэр хүүхдэд хандсан хайр шингэсэн сайхан хандлагын шагнал болж бурхнаас заяасан гэж би боддог юм.

Өөрийн зовлон зүдгүүрийг бусдад нялзаагаад яахав. Миний ээжийн хэлсэн нэг үг байдаг юм. “Хүн юу үзэх ёстой вэ, тэр бүхнээ л үздэг” гэж ээж минь хэлдэг байсан юм. Бид чинь 3 ээжтэй байсан юм. Би ээжээсээ ер нь 1 хоног ч салаагүй хүн. Чехэд 3 жил байхдаа л нэг салсан байх. Түүнээс хойш байнга л ижийтэйгээ хамт байсан. Ижий минь 95 нас хүрээд бурхан болсон. Харин миний гэргийн төрсөн ээж 94 насандаа өөд болсон. Өргөж авсан ээж нь одоо 102 настай, бидэнтэй хамт байна. Миний гэргий эмч хүн. Хүн асрах үнэхээр их сэтгэлтэй хүн. Ханийн минь тэр их асаргаа, тэр их сэтгэлийн дэмээр ээжүүд минь тэгж сайхан өндөр насалсан.   

-Хүүгээ өдий зэрэгтэй сайхан өсгөсөн та бүхний гавъяаг хараад маш их бахархаж байна. Таны ярилцлагыг уншиж байгаа хүмүүст ч бас ийм сэтгэгдэл төрөх байх.

-Би ээжийнхээ хэлснийг л боддог. “Хүн ямар амьдралыг туулах ёстой, түүнийгээ л туулдаг” гэж. Тэгэхээр манайд нэг ийм хүүхэд байх ёстой юм байна, түүнийгээ бид авч явах ёстой юм байна. Энэ бол бидэнд ногдсон бас нэгэн үүрэг юм байна л гэж би бодож явдаг даа.

-Та зээ хүүдээ өдөр бүр ямар үгийг хэлэх хамгийн дуртай вэ?

-Би очоод л толгойг нь илээд, үнсдэг дээ. “Миний муу ядарсан хүү яаж байна даа” гэж л хэлдэг дээ. Миний л хэлдэг үг тэр. Хүмүүс хүний зовлонгоор хоолоо хийдэг болж дээ. Манай хүргэн байсан, ХАС-ын Ч.Ганхуяг их сайн хүн юм шүү. Гэтэл УИХ-д нэр нь дэвшээд явахаар эхнэрээсээ салсан, бие муутай хүүхдээ орхисон ч гэдэг юм уу, хачин хачин юм ярьдаг. Ингэж ярьвал Хуягааг маань хүн сонгохгүй болох юм байна л даа. Хуягаа маань тийм хүн биш ээ. Хачин уяхан, зөөлөн сэтгэлтэй. Эхнэр, нөхөр хоёр байтугай, эрүү толгой хоёр хүртэл салдаг юм. Тийм болохоор хүргэнийхээ сонгууль дээр би өөрөө хүртэл очиж суудаг юм. Салчихсан гээд л хүмүүс янз бүрээр хэлдэг. Харин манайханд тийм юм байдаггүй. Яагаад гэвэл, тийм зовлонгоор холбогдсон хүмүүс бүрмөсөн холдоно гэж юу байхав дээ.

-Гэртээ саажилттай хүүхдээ хараад олны нүднээс далд байж байгаа мянга мянган ээжүүд бий. Хүүхдийнхээ тухай бодож, зовлонгоо, нулимсаа цээжиндээ зангидаад урагш алхаж байгаа зуу зуун аавууд байгаа. Тэр хүмүүст хандаж та ярилцлагаа өндөрлөх үү.

-Ертөнцөд ганцхан л сайхан хүн байгаа. Тэр бол ээж. Ганцхан хөөрхөн хүн байдаг. Тэр бол хүүхэд. Ганцхан гоё хүн байдаг. Тэр бол хань чинь юм шүү. Хүн ингэж л бодож явах хэрэгтэй. Ингэж л өөртөө хэлж байгаарай. Аливаа зовлонтой нүүр тулж, амьдралтай эвлэрч, хувь заяагаа сонгож болдоггүй гэдгийг бодож явбал сэтгэл амар байх болно. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл