solongonews
Амжилтын сайхан нь зүтгэлдээ байдаг
2016-11-21 16:15
Амжилтын сайхан зүтгэлд бий.

Хурц шүрүүн нийгмийн өрсөлдөөнд залуучууд өөрийн эрхэлсэн ажил үйлстээ амжилт гарган хичээж явах нь магтууштай бөгөөд өөрийн амьдрал ахуйгаа өөд татаж явах зориг нь бишрүүштэй. Шулуунхөх хошууны Саранхөхөө өөрийн эрхэлж байгаа үйлсдээ зүтгэж яваа үй олон залуусын нэг юм. Тэрээр Шилийнгол Ажил мэргэжлийн сурган хүмүүжлийн төвөөс ахлах ангиа дүүргэсний дараа ар гэрийн аж ахуйн хүндрэлээс болж үргэлжлүүлэн сургууль соёлын мөрийг хөөсөнгүй. Хошуун төв дэх нэгэн хуурай угаалгын дэлгүүрт ажиллаж, өөрийн хөдөлмөр хүчээрээ ар гэрийн аж ахуйн хүндрэлийг хөнгөрүүлэхээр хичээж явна.

2011 онд Саранхөхөө ажиллаж байсан хуурай угаалгын дэлгүүрийн эзний гараас 50 мянган юаниар дэлгүүрийг нь шилжүүлэн авч, өөрөө эзэн болж үйлс бүтээх замналаа эхлүүлжээ. Хуучин дэлгүүрийг шилжүүлэн авсан болохоор дэлгүүр нь тогтмол үйлчлүүлэгчтэй. Өрх сөхөж үүд нээсэн өдрөөс эхлэн хүн цөөн, орлого муу байсангүй. “Хүний гараас шилжүүлэн авсан дэлгүүр болохоор үйлс бүтээж байгаа миний хувьд нэг талаар дэлгүүр засаж чимэглэх, машин төхөөрөмж оруулах зэрэг зардлуудыг хэмнэхээр барахгүй тогтмол үйлчлүүлэгчтэй байдаг. Өдрийн 400—500 юанийн хувцас угаах захиалга орж ирдэг” гэж ярьсан Саранхөхөө одоо жилийн орлого нь 100 гаруй мянган юань хүрэх болжээ.

Ажил олголтын хүнд их дарамтын дор их сургуулиа дүүргээд өөрөө үйлс бүтээх нь залуучуудын нэг сонголт болжээ. Гэтэл үйлс бүтээхэд сохор балайгаар бусдыг дагаж болохгүй, харин өөрөө мэдлэг мэргэжил сайн эзэмшиж, ажлын туршлага хуримтлуулах нь хамгийн чухал байдаг. Таван жил хуурай угаалгын газар ажилласан Саранхөхөө ажилдаа нямбай шаламгай. Одоо ямар хувцсыг хуурайгаар угааж, ямар хувцсыг нь усаар угаах мэдлэг мэргэжлийн талаар элбэг дэлбэг ажлын туршлага хуримтлуулсан байна. Саранхөхөөгийн хуурай угаалгын дэлгүүр нь улирал солигдох үеэр өвөл хаврын зузаан хувцсаа угаалгах хүн олон болж тун завгүй болдог. Ялангуяа цагаан сар болох үеэр зузаан хувцас угаалгах хүн олширч, унасан малгайгаа авах завгүй ажилладаг. Хэдийгээр ядарч зүдэрдэг боловч Саранхөхөө ер нь хүн хөлсөлж зарахыг боддоггүй. “Хувцасны угаалгын ажил маш нарийн нямбай ажил юм. Энгэр, заам, ханцуйн хир толбыг цэвэрхэн арилгаж угаахгүй бол хэрэглэгчдэд итгэлээ алдана. Залуу хүн юм чинь илүү хүч гаргаж хийж байвал зүгээр” гэж ярилаа.

Ямарваа үйлсийг бүтээхэд бусад хүмүүсээс дахин илүү хүч гарган ажиллаж л явбал их амжилт болох нь лавтай юм.

Зохиогч: Нарантуяа
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл