Та хүүхдэдээ юу өвлүүлэх вэ?
2015-12-28 18:21
Завгүй завгүй гэсээр хүүхдээ өөрөөсөө бусад хэнд ч анхаарал тавьж мэддэггүй нэгэн болгож бүү өсгөөрэй. Хүүхдэдээ зав гарга. Таны энэ хөдөлмөрийн “цалин” нь таны хүүхдийн аз жаргал болох болно.

Энэ асуултад одооноос хариулт бодож олох хэрэгтэй болж байна. Та хүүхдэдээ юу өвлүүлж үлдээж чадах вэ. Мөнгө, хөрөнгө, байр, машин, хувьцаа гээд олон зүйлийн жагсаалт байж болох л юм. Гэвч цаг зуурт элс мэт цаг хугацааны салхинд хийсэн одох зүйлс үлдээх бус оюун санааны хөрөнгө үлдээвэл ямар вэ. Оюун санаанд хуримтлагдсан хөрөнгө хэзээд шижир алт мэт гялалзаж, он жил элээхийн хэрээр үнэ цэнэ нь нэмэгддэг жамтай.
Оюун санааны хөрөнгө гэдэг бол:
-Өөртөө итгэх итгэл
-Бусдыг хүндэтгэх сэтгэл
-Бусдын хайрыг татаж өөрийгөө хүрээлүүлэх чадвар
-Ямагт хүчирхэг байх мохошгүй зориг
-Мөнгөний төлөө биш аз жаргалын төлөө амьдрах ухаан
-Хүн бүр математикч болохгүй ч хүн бүр ээж, аав болно. Тэр цагт хариуцлагатай, ухамсартай, чин сэтгэлээсээ асуудалд ханддаг нэгэн болбол гэр бүлийн бат бэх харилцаа оршин тогтноно гэдгийг ойлгуулах.
-Аливааг чин сэтгэлээсээ хийж чадвал үр өгөөж нь мөнгөөр үнэлшгүй үнэ цэнэтэй гэдгийг сэтгэлээсээ ухаарах зэрэг юм.
Энэ бүх оюун санааны хөрөнгийг үр хүүхдэдээ өвлүүлж үлдээх бидний арга барил ямар ч байж болно. Үүний эн тэргүүний арга бол хүүхэдтэйгээ өдөр бүр чин сэтгэлээсээ ярилцах, түүний хийсэн бүхнийг чин сэтгэлээсээ сонирхох, аз жаргал мөнгөөр хэмжигддэггүй харин ээж, аавтайгаа тоглох тэр л хэдхэн агшинд хэчнээн аз жаргал байдгийг биеэрээ үлгэрлэн харуулах гээд бидэнд түм буман арга байна. Энэ бүхнээс та дурын аргаараа хэрэгжүүлээрэй. Завгүй завгүй гэсээр хүүхдээ өөрөөсөө бусад хэнд ч анхаарал тавьж мэддэггүй нэгэн болгож бүү өсгөөрэй. Хүүхдэдээ зав гарга. Таны энэ хөдөлмөрийн “цалин” нь таны хүүхдийн аз жаргал болох болно.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
