solongonews
“Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт боллоо
2016-10-28 16:42
Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт 2016 оны аравдугаар сарын 28-ны баасан гаригийн 12:00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монголын Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд, хэл бичиг, түүх, соёл судлалын нэрт эрдэмтэд, оюутан сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн энэ жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, таван улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцлоо.

Тус үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 10 хоног /2016-10-27/ олон нийтэд үзүүлэх юм. Мөн Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэнг Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт энэ аравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 10 хоног зохион байгуулах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 155 дугаар зарлиг гаргасан. Энэхүү зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг кирил болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичих зэрэг заалт оруулсан нь бүрэн хэрэгжиж, хуульчлагдсан билээ.

“Мөнх тэнгэрийн бичиг-2016” үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Тэрээр, “Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан хууль гарч ийм сайхан өдөртэй болж байгаа. Энэ өдрөөр зөвхөн Улаанбаатарт биш, аймаг, сургууль, нийТ соёл, урлаг, боловсролын газруудад монгол уламжлал, өв соёл, бичиг соёлоороо бахархаж, түүнийгээ олон түмэнд сурталчилдаг, бүтээлээ иргэд, ард түмэндээ үзүүлдэг сайхан уламжлал тогтож байгаа. Энэхүү уламжлалыг цааш нь үргэлжлүүлэх ёстой гэж боддог. Өнгөрсөн долоон жил гаруйн хугацаанд МУ-ын ерөнхийлөгчөөр ажиллахдаа хийсэн ажлынхаа жагсаалтыг гаргахад, Монголын түүх, өв соёл, уламжлалт ёс заншилтай холбоотойгоор гаргасан санаачилга, хийсэн ажил хамгийн их байгаа юм. Монголын ёс заншил, өв соёл, уламжлалт ёс заншилтай холбоотой 30-аад ажил байна.  Ард иргэд, энэхүү салбарт ажилладаг хүмүүсийн зүгээс олон сайхан санал санаачилгууд гарч, түүнийг дэмжиж ажиллавал ард түмэн, олон нийт сайн дэмждэг юм байна гэдгийг ойлгосон.

Ерөнхийлөгчийн хийх хамгийн гол ажлын нэг нь Монголын уламжлал, түүх, соёл, өв соёлыг сурталчилах, ард иргэдээс гарч байгаа санал санаачилгуудыг ажил хэрэг болгоход Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг чиглүүлэх юм байна гэсэн зорилго миний бодолд орж ирсэн. Тиймээс ч энэ чиглэлд ард түмэнтэйгээ сэтгэл зүрхээрээ нэгдэн ажиллаж, энэхүү ажлууд ажил хэрэг болж байгаад талархдаг. Монгол хэлний тухай хууль гарсан. Сая та бүхэнд танилцуулсан Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний зөвлөл хуралдаад монгол бичгийн дүрэм, одоогийн бидний хэрэглэж байгаа бичгийн дүрмийг янзалж, цэгцлэх шаардлагатай асуудлууд байгаа, мөн монгол хэлээ улам төгөлдөр сайхан болгож, цааш нь авах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой.

Монгол бичиг гэхэд л энэ жилдээ “Мөнх тэнгэрийн бичиг-2016” гэсэн үзэсгэлэн гаргаж байгаа. Мөн хүүхдүүд, багш нарын дунд сайхан бичигтний уралдаан болсон. Энэ чиглэлээр гадагш гарсан хууль зарлиг, гадаадад болон дотооддоо явуулдаг захидал, хүүхдийн төрсний гэрчилгээг монгол бичгийг кирил бичигтэй хослон бичиж олгож байгаа. Эдгээр нь монгол хүнийг монгол өв соёл, уламжлал, зан заншил бусдаас ялгаруулдаг гэж боддог. Монголчуудын өв соёл нь дэлхийн олон ард түмний дунд сонгодог хэмжээнд хүрсэн юм. Энэ бүхнийг хайрладаг, ойлгодог, дэмжиж байж бид монгол хүн гэж хэлүүлэх эрхтэй болж байгаа юм. Энэ бүхэн хувь хүний сэтгэл зүрхэнд шингэсэн байх ёстой. Энэ чиглэлээр жил бүр санаачилга гарч явж байгаа нь сайхан байна” гэлээ.

Ингээд тэрээр уран бичлэгийн уралдаанд байр эзэлсэн хүмүүст шагнал гардууллаа.

Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь тус яамны "Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэх" шагналыг гардууллаа. 

Энэхүү шагналаар Монгол Улсын ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Олон улсын Монгол уран бичлэгийн холбооны УЗ-ийн дарга Ренчинсамбуугийн Отгонбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол уран бичлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Баатарын Оргил, ОХУ-ын БНБуриад улсын Тэнгэрийн бичиг монгол уран бичлэгчдийн холбооны тэргүүн Маргарита Гамбаева Жаргаловна, ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын Заяас бичиг монгол уран бичлэгчдийн холбооны тэргүүн Бямиев Евгений Владимирович, Олон улсын монгол уран бичлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Аюушийн Далангурав нарыг шагналаа.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд Олон улсын монгол урлагтны холбоо ТББ-ыг Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын БНБуриад улс, ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Тус холбооны УЗ-ийн дарга ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Р.Отгонбаатар сонгогдсон байна.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл