Бөөрний сулралын шинж тэмдгүүд болон бөөрний үйл ажиллагааг сайжруулах дасгал

Тэвэг өшиглөх:
Тэвэг өшиглөх нь маш хялбар бөгөөд нэгэн төрлийн зугаатай дасгал хөдөлгөөн юм. Энэ нь цусны эргэлт, бодисын солилцоог дэмжиж, бөөрийг тамиржуулан, бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг. Үүгээр ч барахгүй вена гүрвийлт, венийн үрэвсэл, цус бүлэгнэх, судас бөглөрөх, шамбарам зэргийн өвчнийг намдаадаг. Гэхдээ хоолны дараа буюу хоолноос өмнө тэвэг өшиглөх нь ходоод, гэдэсний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх магадлалтай учраас зохистой цагт өшиглөх нь чухал. Тэвэг өшиглөхдөө сүүдэртэй, сэрүүхэн газрыг сонгон, хэт урт хугацаагаар тоглохоос татгалзах хэрэгтэй.

Тайзны алхаа:
Тайзны алхааг мөн муурын алхаа гэдэг. Нэрийг нь сонсоход л муурыг дуурайж алхах буюу шулуун шугаман дээр алхахыг хэлж байгаа юм. Эхлээд зүүн хөлийнхөө өлмийг газарт хүргэж, аажмаар өсгийгөө тавьж, биеийн хүндийн төвийг зүүн хөл дээрээ тогтоон, дахин баруун хөлөөрөө ижил үйл хөдөлгөөнийг хийнэ. Муурын алхаагаар алхах нь аарцагны бэлчрийг дамаар хөндөн, бөөрний судлыг нэвтрүүлж, бөөрийг хамгаалах үр дүнд хүрдэг байна.

Өлмийлдөх:
Байнга өлмийдөн алхах нь бөөрний судсыг нэвтрүүлж, цусны саадгүй эргэлтийг сайжруулж, өсгийг идэвхжүүлж, өвчнийг намдаах үйлдлийг үзүүлдэг.

Хуруугаараа үсээ самнах:
Өнөө цагт хүмүүс залуугаараа бууралтах нь сонин биш болжээ. Энэ нь сэтгэл санааны дарамт их, бөөрний чанар муудсантай холбоотой. Хуруугаараа үсээ самнах нь энэхүү байдлыг намдааж болдог. Арван хуруугаа сарвайлган, хурууныхаа өндгөөр хүчлэн духнаасаа хойшоо хүзүүндээ тултал аажмаар самнана. Толгойн арьс халуу төөнөтөл самнаад дахин арван хурууныхаа өндгөөр үсний угаа нухална. Хамгийн сүүлд хоёр гараараа толгойгоо зөөлөн базаж, массаж хийнэ. Гэхдээ хэт хүчтэй атгахаас татгалзан, толгойн арьсаа гэмтээхээс сэргийлэх хэрэгтэй.
Бөөрний сулралын шинж тэмдгүүдийг мэдэж, бөөрөндөө анхаарцгаая
Найтаах:
Бөөрний сулралтай үед байн байн найтаах бөгөөд энэхүү байдал нь урт хугацаагаар үргэлжилж, дагууд нь мөн бие тамирдан, нуруу, өвдөг шархирах ба өвдөх шинж тэмдэг мэдрэгдэж, царай алдан, даарамтгай болдог. Бөөрний билиг дутагдалтай хүн найтаахаас гадна, хамар загатнах, нус гоожих, хоолой хатаж, хоолой өвдөх, толгой эргэж, чих шуугих, хэлний өнгөр нимгэрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Шүлс багасах:
Хэрэв таны шүлс багасан, сэтгэл санаа уймарч, нойр хулжин, гарын алга, хөлийн ул халах, өтгөн хатах, шээс шарлах, эцэж турах шинж тэмдэг мэдрэгдэж байвал бөөрний билиг дутагдсан байх магадлал маш өндөр юм.
Царайны өнгө харлах:
Царайны өнгө харлаж, царай алдах нь мөн бөөрний аргын хомстлоос шалтгаалсан байх боломжтой. Мөн чих дүнгэнэх, бээрэг болох, өвдөг нуруу өвдөх, шээх нь олшрон, хөл хавагнах, хэл томрох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин бөөрний сулрал бол царай харлах, толгой эргэн чих шуугих, үс унах, шүд хөдлөх, мартамтгай болох, хэл улайх зэрэг шинж тэмдэгтэй.
Хөлийн ул өвдөх:
Хөлийн улны бэлчир бол бөөрний судлын гол бэлчир юм. Хэрэв таны хөлийн ул өвдөх, чинэх, бадайрах, халах зэрэг хэвийн бус шинж тэмдэг мэдрэгдэж, мөн цангах, хоолой хатах, хөлрөх, нойр хулжин, зүүд олшрох, нуруу, өвдөг шархирах, шээс шарлах, өтгөн хатах зэрэг шинж тэмдэг илэрч байвал бөөрний билгийн дутагдал үүссэн гэж ойлгож болно.
Өсгий өвдөх:
Бөөрний судал хөлийн өсгийгөөр дайран эргэлддэг учраас бөөрний сулрал үүсвэл хөлийн борви өвдөх шинж тэмдэг мэдрэгддэг.
Хөлийн шилбэ шархирах:
Хоёр хөлийн шилбэ шархирах, дагууд нь мөн царай харлах, амьсгаа давхцах, шээс үлдэх, чалх сулрах, хэлний өнгөр цайрах зэрэг шинж тэмдэг мэдрэгдэж байвал бөөрний тамир сулдаж буйн илрэл. Хэрэв хоёр шилбэ шархирахын зэрэгцээ халуу оргих, толгой эргэх, царай улайх, цангах зэрэг шинж тэмдэг байгаа бол бөөрний аргын хомстол илэрсэн байна.
