
Энэ оны зургаадугаар сард Хятадад 621 сая хүн гар утас ашиглан төлбөр тооцоо хийсэн нь 2018 онтой харьцуулахад 37.88 саяар нэмэгдсэн үзүүлэлт боллоо гэж Хятадын Интернэт сүлжээ мэдээллийн төв (ХИСМТ) -өөс гаргасан тайланд дурдсан байна.
Зургаадугаар сард нийт 633 сая хүн онлайнаар төлбөр хийсэн нь 2018 оны 12-р сарын үзүүлэлтээс 32.65 саяар илүү үзүүлэлт гэж ХИСМТ-өөс энэ долоо хоногийн эхээр нийтэлсэн тайланд дурджээ. Түүнчлэн 421 сая хүн онлайнаар хоол хүнс захиалсан нь 2018 оны сүүлч хугацааны үзүүлэлтээс 15.16 саяар илүү дүн юм. Харин дээрх дүнгийн 417 сая нь гар утсаараа хийсэн захиалга байсан бөгөөд энэ нь 20.37 саяар нэмэгдсэн тоо аж. Хятадын онлайн төлбөрийн платформууд гар утас шаарддаггүй шинэ боломжуудыг туршсан бөгөөд гар утасны төлбөрийн платформын тэргүүлэгч хоёр болох Alipay болон WeChat аппликэйшн нь нүүр царай таних технологийг ашиглан онлайн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлээд байгаа билээ. Засгийн газрын дэмжлэг болон банкуудын онлайн төлбөрийн платформуудын идэвхтэй сурталчилгаа нэмэгдэхийн хэрээр Хятадад цахим төлбөр цуглуулах үйлчилгээ (ETC) өргөжиж долоодугаар сарын 18 гэхэд энэ үйлчилгээний хэрэглэгч нийт 91.51 сая болов. 2019 оны зургаадугаар сарын байдлаар Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 854 саяд хүрч, интернэтийн хүртээмж 61,2 хувьд хүрсэн байна.
