“Шагдар” цомын нэрэмжит Хятад улсын туужсийн уралдааны шагнал гардуулах ёслол болон Зуу-Удын монгол уран зохиолын нийгэмлэгийн 2018 оны билгийн чуулган 08-р сарын 26-ны өдөр ӨМӨЗО-ы Улаанхад хотын Баарин Зүүн хошуунд болсон байна.
“Шагдар” цомын нэрэмжит Хятад улсын монгол туужсийн уралдааныг Өвөр Монголын Утга урлагийнхны холбооны “Өнөр цэцэг"сэтгүүлийн хороо болон Баарин Зүүн хошууны Ардын засгийн газраас санаачлан, Баарин Зүүн хошууны Үндэстэн шашин суртахууны хэрэг эрхлэх товчоо, Баарин Зүүн хошууны Монгол уламжлалт соёлын нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. Энэ жилийн 03-р сарын 25-ны өдрөөс 07-р сарын 30-ны өдрийг хүртэл Хятад улсын хэмжээнд бүтээлийг хүлээн авсан бол Өвөр Монгол, Бээжин, Шиньжян, Хөхнуур, Гансү зэрэг муж, орон, хотын 111 уран бүтээлч бүтээлээ ирүүлж, 17 бүтээлийг шалгаруулж шагнан урамшуулсан байна.
Баяннуур хотын Урадын дунд хошууны Өрөнтуяагийн бичсэн “Худгийн гурван сухай" уран бүтээлээр шалгарч тэргүүн байранд, Шилийнгол аймгийн Утга урлагийнхны холбооны Алтангэрэлийн бичсэн “Халтар хуажян”, Хянган аймгийн Улаанхотын 2-р дунд сургуулийн Хандын бичсэн “Гүнжийн онгон" бүтээл хоёрдугаар байранд, Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академийн Намиагийн бичсэн “Бүсгүй”, Тунляо хотын Хорчин Зүүн Гаран Хойд хошууны Ганзага 1-р дунд сургуулийн Ж.Ренчиний бичсэн “Мөргүүлсэн аав”, Баарин Зүүн хошууны М.Эрдэнэбаярын бичсэн “Завсрын долоон хоног”, Баарин Баруун хошууны Т.Бүрэнтогтохын бичсэн “Цас уясах чимээ" гуравдугаар байранд тус тус оржээ.
Шагнал гардуулах ёслолд Өвөр Монголын Зохиолчдын эвлэлийн тэргүүлэгч, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессор, зохиолч Дорнотэнгэр, “Өнөр цэцэг" сэтгүүлийн ерөнхий найруулагч, Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн зохиолч С.Эрдэнэ, Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академийнн судлаач, утга зохилын тоймч Я.Төмөржин, Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач, Утга зохилын тоймч Намъяа зэрэг зохиолч, судлаачид болон Зуу-Удын Монгол уран зохирлын нийгэмлэг, Баарин Зүүн хошууны холбогдох байгуулга нэгжийн төлөөлөл, их дээд сургуулийн оюутан сурагчдын төлөөлөгч гээд 100 гаруй хүн оролцсон байна.
Энэ удаагийн үйл ажиллагаанд Хятад улсын үндэстний цөөнхийн зохиолчдын нийгэмлэгийн орлогч дарга, Хятад улсын яруу найрагчдын нийгэмлэгийн орлогч дарга, алдарт зохиолч Ардай болон төрийн шагналт зохиолч Г.Шаравжамц нар баярын захидал илгээсэн байна.
Мөн Зуу-Удын Монгол уран зохиолын нийгэмлэгийн 2018 оны билгийн чуулганыг зохион байгуулж, уран бүтээлчдийн билгийг нээж, бийрийг хурцлах зорилготой Дорно-Тэнгэр, Я.Төмөржин, С.Эрдэнэ зэрэг эрдэмтэн багш нарыг урин хичээл тайламж хийлгэсэн байна.
Ёслолын дараа “Шагдар" цомын нэрэмжит Хятад улсын туужсийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулсан байна.
Зуу-Удын Монгол уран зохиолын нийгэмлэг нь 2009 онд байгуулагдсанаас хойш жил дараалан уран зохиолчдын бийрийн чуулган, уран зохиолын уралдаан тэмцээн, зохиолч найруулагчдын сургалт, уран зохиолын тухай вичат холбооны ярилцлага зохион байгуулж, уншигч түмэндээ оюуны шим хүртээсээр ирсэн юм.
