Саяхан Хятадын Худалдааны яамны нийтэлсэн импортын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний талаар авсан санал асуулгын тайланд, Хятадын хэрэглэгчдийн импортын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдэж, хэрэглэгчдийн 30 хувь нь ирэх хагас жилд худалдан авах импортын бараа бүтээгдэхүүнийхээ тоогоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй, Хятадын аж ахуйн нэгжүүд импортын хэмжээгээ ихээр нэмэгдүүлэх сонирхолтой байна гэжээ.
Хятадын Худалдааны яамны нийтэлсэн "Хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн статистик дүн шинжилгээний тайлан"-гаас үзвэл, Хятадын хэрэглэгчдийн импортын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдэж байна. Импортын бараа худалдан авах хэмжээ нь нийт худалдан авсан бараа бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг эзэлсэн хэрэглэгчдийн тоо санал асуулгад оролцогсдын 20 хувийг эзэлж, бүтээгдэхүүний чанар нь импортын гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг худалдан авах гол шалтгаан юм гэж санал асуулгад оролцсон хэрэглэгчдийн 70 хувь нь үзсэн байна.
Ойрын жилүүдэд, иргэдийн анхаарлыг импортын сайн чанарын бараа бүтээгдэхүүн их татаж байна. Бээжингийн импортын бүтээгдэхүүн зардаг нэгэн дэлгүүрээс хэрэглэгчид өдөр тутмын хэрэглээний, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч байлаа. Чанартай учраас импортын бүтээгдэхүүн худалдан авдаг гэж тэд үздэг байна.
"Манай охин тоглоомд дуртай, импортын чипс идэх дуртай."
"Архи, гэрийн ахуйн эдлэл хэрэгсэл зэрэг гадаадын бараа бүтээгдэхүүний чанар сайн байдаг."
Хятадын Худалдааны яамны нийтэлсэн тайлангаас үзвэл, ирэх таван жилд хэрэглэгчдийн 30 хувь нь импортын бараа бүтээгдэхүүний хэрэглээгээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хэрэглээ ихтэй таван бүтээгдэхүүнд гоо сайхны бүтээгдэхүүн, нүдний шил, хүүхдийн бүтээгдэхүүн, суудлын автомашин, үнэт эдлэл багтсан байна. Хятадын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэнгийн Олон улсын зах зээл судлалын байгууллагын дэд захирал Бай Мин: Хэрэглээний түвшин нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчид бүтээгдэхүүний чанарыг илүү анхаардаг болсон гэжээ.
Хэрэглэгчдийн асар их эрэлт хэрэгцээ нь аж ахуйн нэгжийн импортлох явдлыг дайчилж чаджээ. Тайлангаас үзвэл, ирээдүйд аж ахуйн нэгжүүдийн импортыг нэмэгдүүлэх хүсэл улам эрчимжих болно. Судалгаанд хамрагдсан 92 төрлийн бүтээгдэхүүнд, вино, жимс жимсгэнэ, спортын хувцас, нялх хүүхдийн хүнсний бүтээгдэхүүн, живх, гоо сайхны бараа бүтээгдэхүүн, бугуйн цаг, авто машин зэрэг 34 төрлийн бүтээгдэхүүний импортыг ирэх жил аж ахуйн нэгжүүд нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа юм.
Ерөнхийдөө, сүүлийн үед Хятад улс зориудаар импортыг идэвхтэй нэмэгдүүлэх дохио өгсөөр ирсэн бөгөөд маш олон бүтээгдэхүүний татварыг аажмаар бууруулсаар ирсэн юм. Хятадын Худалдааны яамны бүртгэлээс үзвэл, энэ оны 1-р сар хүртэл, Хятад улс 8000 гаруй төрлийн импортын бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлсөн байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр жишээлэхэд, Гүрж, Чилийн улаан дарсны импортоор оруулах татварын хэмжээг 14-30 хувь байсныг тэглэсэн байна. Аж үйлдвэрийн хувьд, Швейцарийн зарим бугуйн цагны импортоор оруулах татварын хэмжээг 50 хувиар бууруулжээ. Саяхан Хятад улс авто машин, тээврийн хэрэгслийн татварын хэмжээг тус тус 25, 20 хувиар бууруулж, 15 хувьд хүргэнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Үүнтэй холбогдуулан Хятадын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэнгийн Бүс нутгийн хамтын ажиллагааны төвийн захирал Жан Жяньпин хэлэхдээ: Импортыг нэмэгдүүлэх нь нэг талаар ард иргэдийн эрэлт хэрэгцээг хангана, нөгөө талаар эдийн засгийн өсөлтийг дайчилна гэжээ. Тэрээр энэ тухай хэлсэн үгэндээ: Хятад улс дунд орлоготой орон болохын хэрээр, оршин суугчдын хэрэглээний бараа бүтээгдэхүүнд тавих өнөөгийн шаардлага улам нэмэгдэж буйг харуулж байна. Бид импортыг нэмэгдүүлж байгаа нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээгээ дээшлүүлэх бодит шаардлагыг хангаж буй явдал юм. Нөгөө талаар, бид хэрэглээг ашиглан эдийн засгийн өсөлтийг илүү дайчлахад ашигтай төдийгүй дотоодын эрэлт хэрэгцээг өргөжин тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, шинэ хөдөлгөх хүчээр сэлбэж болох юм гэжээ.
