solongonews
Б.Зулзаяа: Санаа зөв бол заяа зөв
2018-01-16 22:14
Уул усаараа залгалдаж, ураг төрлөөрөө холбогдсон Хятад, Монгол хоёр орны хооронд соёл боловсролоор гүүр тавигч олон мянган оюутнуудын нэг, Grand China Sports компанийн Монгол Улс дахь салбарын аяллын менежер Б.Зулзаяатай ярилцлаа. Хятадад сурч эзэмшсэн мэргэжлээ эх орныхоо хөгжил цэцэглэлд оруулж, хоёр орны найрсаг харилцаанд өөрийн хувь нэмрийг оруулахаар зорьж, зүтгэж яваа Зулзаяа бүсгүйн хүсэл мөрөөдөл энгийн мөртлөө том байсан юм.

- Сайн байн уу? Танд энэ өдрийн сайхан мэндийг хүргэе.

Сайн, сайн байна уу? Та бүхэнд ч энэ өдрийн сайхан мэндийг хүргэж байна.

- Өөрийгөө бидэнд танилцуулаач?

Намайг Баярсайханы Зулзаяа гэдэг. Монгол Улсын Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хүн. Ураг гарлыг яривал Завхан гаралтай, Сартуул овгийн хүн байгаа. Хэнтий аймагтаа 10 жилээ төгсөөд, Монгол Улсын Худалдаа, Үйлдвэрийн дээд сургуулийн Наягтлангийн ангид шалгалт өгөөд тэнцэж байлаа. Харин аав маань “Эмэгтэй хүүхдэд хэл хэрэгтэй, хятад хэл сураад ир” гэж санал болгосон. Ингээд би Хятад улсын Хэбэй мужийн Баодин хотноо нэг жил хэлний бэлтгэлд суусан.

Төгсөлтөөр

- Анх явахдаа Хятад улсын талаар хэр их мэддэг байсан бэ?

Анх Хятад улсын талаар ямар ч ойлголтгүй байсан. Яагаад гэхээр Бор-Өндөр гэдэг газарт маань Оросууд олонтой хэдий ч хятад хүн бараг байдаггүй учир Хятад улсын талаар ямар ч мэдээлэл авах боломжгүй байсан. Хятад хэл огт мэдэхгүй, хятад хүний зан чанарыг мэдэхгүй болохоор Хятад улсад тэр дундаа Хятадын 10 жилийн сургуульд сурахад бүх үйл сонирхолтой санагдаж байсан. Жишээ нь Монголд бол хэзээ ч хүүхдүүдийг өглөө эрт босгоод, дасгал хийлгэж, цэргийн дуу сонсгодог сургалт байдаггүй. Анх маш хэцүү санагдаж байсан. Тухайн үедээ “Аав ээж минь биднийг шийтгүүлэх гэж л энэ сургуульд авчирсан юм байна” гэж ойлгож байлаа. Тэнд нэг жил сурч ирээд хятад хэлийг сурах сонирхол бүр илүү болсон. Мөн сайн сурсан хүүхдүүдийн тоонд орж байсан юм. Энэ бүхэндээ урамшаад “Хятад улсад дараа заавал ирж сурна” гэсэн зорилго өөртөө өвөртөлсөн.

- Хятад хэл сурах хаалгыг анх аав тань нээж өгсөн байна? Тухайн үедээ яагаад үргэлжлүүлэн сураагүй юм бол?

Тийм ээ. Аав маань нээсэн. Гэхдээ үргэлжлүүлэн сурах боломж байгаагүй. Яагаад гэвэл тухайн үедээ сургалтын төлбөр маш өндөр байсан.

Өндөр төлбөрөөр Хятад улсад суралцүүлж,хятад хэл, Хятад орны талаар ойлголт өгсөн аавдаа маш их баярладаг. Нэг жилийн дараа буцаж ирээд Худалдаа, Үйлдвэрийн сургуулийн Нягтлангийн ангидаа сурч төгсөөд Хаан банканд хоёр жил ажилласан. Тухайн үедээ Хятадад дахин суралцах бодол их байсан учир тийм боломж хайж эрэлхийлж, олон хүнээс асууж сурсаар байсан. Ингээд Хятад руу тэтгэлгээр суралцах шалгалт өгч тэнцээд бөөн баяр болж байснаа санаж байна. Тэгээд л Ланьжөү Их Сургуульд магистр сурах алтан боломжийг авсан.

Ангийнхаа гадаад оюутнуудын хамт \Хятадад\

 - Хятад хэл сурна гэдэг таны багын мөрөөдөл байсан уу? Таны мөрөөдөл?

Багын мөрөөдөл биш гэхэд бас биш юм. Тухайн үед би “Хуань Жү Гэгэ”, “Солирын од” гэх хоёр киногоор л Хятадыг төсөөлдөг байсан. Гэхдээ их сонин. Би 10 жилд сурдаг байхдаа энэ хоёр киноны дууг монголоор галиглаж бичээд дуулдаг байсан. Одоо болтол галигласнаараа цээжилчихсэн хэвээрээ байгаа. Хүний хувь тавилан гэдэг ер нь анхнаасаа л тавигдсан байдаг байх гэж би өөрөө боддог. Ямар ч байсан намайг Хятад улстай холбож өгсөн аавдаа их баярлаж явдаг.

Сүүлийн үед хүмүүс “Нууц” гэдэг номыг их уншаад байсан. Нууц биелдэг, хүн сайхан зүйл бодож, мөрөөдөж байх ёстой гэж тэр номд бичсэн байдаг. Бага байхдаа би өөрөө хэл уран зохиолд их дуртай хүүхэд байсан. Маш их тэмдэглэл хөтөлдөг, шүлэг бичдэг байлаа. Энэ бүхнээс харахад би “Нисэж буусан, газар орон үзсэн, сайхан сайхан газраар явдаг тийм л хүн болмоор байна” гэсэн мөрөөдөлтэй байсан юм шиг байна. Ингэхэд одоогийн миний амьдарч байгаа, үзэж харна гэж бодсон бүр тэр дэвтэр дээр бичигдсэн байдаг. Ингээд бодохоор мөрөөдөл биеллээ олдог юм байна гэдгийг би бас тэр дэвтрээс олж хараад байгаа.

- Ланьжөү Их Сургуульд хэдэн жил сурсан бэ? Сургуулиа төгсөж ирээд ажилд ороход хүндрэлтэй байсан уу?

2010 оноос 2014 оны хооронд Ланьжөү Их Сургуульд сурч байсан. Сургуулиа төгсөж ирээд орчуулгын ажил хийдэг байлаа. Станц, эрчим хүчний орчуулгуудыг хийсэн. Мэдээж олон олон хүндрэлтэй тулгарч байлаа. Мэргэжлийн хэллэг гэдэг их өөр. Гэхдээ хүн гэдэг хэзээ ч өөрийгөө “би муу” гэж боддоггүй л юм байна. Ялангуяа би нийт 5 жил хятад хэл сурсан болохоор өөрийгөө сорьж үзэхийг бодсон. Монголд мэргэжлийн хэллэгүүд орос хэл дээр байдгаас орос хэл давхар үзэх шаардлагатай болж байсан. Ялангуяа гэрээ гэдэг асар хариуцлагын асуудал байдаг “алдаа гаргаж болохгүй, мэргэжлийн үгсийг хүмүүст зөв ойлгуулах хэрэгтэй” гэхчлэн маш их хүндрэлүүд гарч байсан. Гэхдээ би одоо тэр бүхний ард гарсан гэж өөрөө боддог.

Ланьжөү их сургуульд

- Суралцаж байх хугацаандаа юуг хүсэж мөрөөдөж байв? Одоогийн ажлын байр тань?

Миний ажиллах газар тодорхой хэмжээнд хоёр улсын хооронд чухал үүрэг гүйцэтгэдэг компани байгаасай, хоёр орны харилцаанд гүүр болох юмсан гэж их хүсдэг байсан. Бүтээн байгуулалт хийнэ гэдэг бол энэ улсад оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт. Өмнө нь ажиллаж байсан Хятад компани Монгол Улсын цахилгаан дулааны хэмжээг дахин өргөтгөдөг төслийн компани байсан. Эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна гэдэг утгаараа тэр ажлаараа бахархдаг байлаа.

Одоо спорт, аялал жуулчлалын компанид ажилладаг. Энэ компани ашгийн бус байгууллага. Спортоор дамжуулж хоёр улсын эв найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх уриатайгаар ажилладаг. Тиймээс одоогийн ажилдаа ч дуртай. Өнгөрсөн жил манай кампани Монголын Спорт, Аялал жуулчлалын газартай хамтран “Үзэсгэлэнт Улаанбаатар” олон улсын марафон тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан. 

- Сургуулиа төгссөнөөс хойш Хятадад очив уу? Хятад улсад дахин суралцах төлөвлөгөө байгаа юу?

Ажлын журмаар хэд хэдэн удаа очсон. Одоохондоо бол сурахад биш ажилдаа илүү өөрийгөө боловсруулахыг бодож байна. Миний хувьд Хятад улс өөрөө бүтээгч улс гэж санагддаг. Монгол Улсын хувьд бол суралцаж яваа, хөгжиж яваа улс гэж ойлгодог. Тиймээс ч тэр үү, саяхан томилолтоор Хятадын Тяньжинь хотод хэдэн хоног ажиллахад ч гэсэн энэ бүхэн мэдрэгдэж байсан. Хятадад ажиллахад халуун дотно хамт олон намайг хүлээж авсан. Хүнд анхаарал тавьдаг, гэр бүлийн мэдрэмжийг төрүүлсэн.

Ажлын орчин

- Сүүлийн жилүүдэд Хятадад суралцах Монголын оюутнуудын тоо нэмэгдсээр байна. Тэдэнд хандан зөвлөх зүйл?

Миний хувьд төгсөөд ажил дээр гарсан болохоор тэд миний дүү гэсэн үг л дээ. Манай хамаатнуудаас ч гэсэн Хятадад сурч байгаа. Би зорьж очоод тэдэнд хэлмээр санагдаад байдаг. Хятадын сургалтын систем сайн хэдий ч гадаад оюутанд бол тийм ч чанга биш. Чи өөрөө хүсэх л юм бол сурч чадна. Урсгал дагаад явах юм бол юу ч олж сурахгүй. Гэхдээ энэ бол зөвхөн Хятадад биш, глобал ер нь тийм. Хувь хүнээс өөрийнх нь хичээл зүтгэл шаарддаг болсон.

Хэл гэдэг өдөрт хэдхэн цаг сууснаар сурдаг зүйл биш. Хүнээс тасралтгүй хичээл зүтгэл шаарддаг. Хятад хэл, англи хэл гээд бүх хэл ялгаагүй. Тиймээс дөнгөж Хятад руу явж байгаа эхлэлээ маш зөв тавих хэрэгтэй. Эхлэл буруу бол цаашаа бүх зүйл хэцүү болно. Хүсэл эрмэлзэл өндөртэй байх хэрэгтэй. Ядаж эхний хоёр жил өөрийгөө золиосонд гаргах хэрэгтэй. Золиос гэдэг бол яг үнэндээ залуучуудад дутагдаад байгаа зүйл. Мэдээжийн асуудал эцэг эхийнхээ мөнгийг үрээд явж байгаа, бүхэл бүтэн залуу насаа үрж байгаа учраас асар хичээх хэрэгтэй.

“Тэр үед ингэхгүй яав, тэгэхгүй яав” гэсэн харамсал надад одоо ч гэсэн байж л байгаа. Би өөрийгөө одоо ч голсоор яваа болохоор залуучуудыг хичээгээсэй гэж ихээр хүсдэг. Тэднээс хүсэх зүйл энэ л байна.

- Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсэж байна.

Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж байна.

Зохиогч: Ярилцсан: С.УРЬХАН, Х.АРВИНТАЛ
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл