Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Намайг С.Нандинцэцэг гэдэг. МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхмийн багш, сэтгэл судлаач.
Уур гэж юу болохыг товч тайлбарлаад өгөхгүй юу? Юунаас үүдэлтэй хэрхэн бий болдог талаар?
- Уур гэдэг нь гэнэтийн хүчтэй цочроогчоос болж, хүний сэтгэл мэдрэмжийн үйл ажиллагааны хэвийн байдал түр зуур алдагдаж, сэтгэлийн хөдөлгөөний байдал хяналтаас гарсан үед илэрдэг.
Анагаахын талаас авч үзвэл уур хэмээх зүйл хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?
- Мэдээж хүн өөрийгөө хянаж чадалгүй байнга уурлаад байвал сэтгэл санааны тавгүй байдал бий болж улмаар өвчин үүсэх үндсийг тавина. Хамгийн энгийн жишээ бол :
-зүрх дэлсэх,
-гар салганах,
-нүүр улайх,
-бие тавгүйтэх гэх мэт.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль нь түлхүү уураа барьж чаддаггүй вэ? Яагаад?
-Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх талаас авч үзвэл эмэгтэйчүүд илүү хурдан сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Тэгэхээр эмэгтэйчүүд уураа илүү хурдан илэрхийлэх магадлал өндөртэй. Бас темперанменттэй (зан араншинтай) холбоотой. Жишээлбэл холерик хэв шинжийн хүн хурдан уурлаж, хурдан тайвшрирдаг.
Та өөрийн уураа барих арга барилаасаа хуваалцахгүй юу?
-Уурлалаа гээд тухайн асуудлыг шийдэж чадахгүй болохоор хамгийн түрүүнд бодлооо цэгцэлж, болоод өнгөрсөн явдал, тайван бай гэж өөртөө хэлдэг. Ер нь хүн дотоод сэтгэлээ тайван байлгаж, бодлоо цэгцтэй байлгах нь хамгийн чухал. Ерөнхийдөө бол бодлоо удирдана гэсэн үг.
Хэрхэн уурыг даван туулж сурах вэ?
-Өөрийнхөө юу хийгээд байгаа, юу бодоод байгааг эргэцүүлэх, өөрт тохирсон уураа даван туулах аргатай болох хэрэгтэй. Хүмүүс мэдээжийн хэрэг олны дунд байхдаа тэгж их уурлаад байхгүй нь тодорхой, ямар хүмүүсийн хүрээлэлд байгаагаас шалтгаалаад уурыг хязгаарлаж байдаг. Мөн энгийн тайвшрах арга бол тоо тоолох 10,9,8,7... гэх мэтээр бууруулж тоолох.
Эцэст нь уншигчдад маань хэрхэн уураа барих талаар юу гэж зөвлөх вэ? Мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг газруудаас бүсгүйчүүдэд маань хэлээд өгөөч?
- Ер нь "уур биеийг зовооно, уул морийг зовооно" гэж монголчууд хэлдэг шүү дээ. Тэгэхээр уурлаад байна гэдэг нь өөрийн биеийг зовоох үндэс нь болно гэсэн үг. Уурын мунхгаар бодсон, хэлсэн, хийсэн, үйлдсэн зүйлс зөв байна гэж бараг үгүй. Хүн уурлаж байх үедээ сэтгэл нь дандаа гадагшаа чиглэсэн байдаг. Иймд уурлах үедээ нэг удаа ч болов өөрийн дотогшоо харж үзээрэй. Таны дотор хичнээн гэгээлэг, тайван хүн байгааг олж харах болно.
Монгол улсад сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг төвүүд олноор бий болж байгаа нь сайшаалтай. Үүнд: сэтгэл судлалын судалгааны академи, сэтгэл судлалын үндэсний төв, хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн гэх мэт төвүүд сэтгэл зүйн зөвлөгөөний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд бүсгүйчүүд маань эдгээр төвүүдэд хандаж сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой.
Ярилцсанд баярлалаа.
