Наадмыг Оросын Эрхүү хотын AIST телевизээс 2002 онд анх санаачлан зохион байгуулж, улмаар олон улсын телевиз, мэдээллийн хэрэгслийн нөхөрсөг харилцааны үйл ажиллагаа болон хөгжиж өдгөө Ази тивийн бүх улсад нэр нөлөөтэй болжээ. Одоо Өвөр Монголын Радио Телевизийн Хороог багтаасан Монгол, Орос , Хятад , Япон, Солонгос зэрэг арваад гишүүн улсын телевиз, мэдээллийн хэргсэл тус арга хэмжээнд оролцож байна.
“ Загасан нүд ” наадам нь бүх гишүүн улс ээлжлэн зохион байгуулах хэлбэрээр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ жилийн наадамд Монгол, Орос, Хятад, Япон, Украйн зэрэг 9 улсын зуугаад бүтээл оролцсон бөгөөд Загасан нүд наадмын түүхэнд хамгийн олон бүтээл оролцсон жил боллоо.
Өвөр Монголын Радио телевизийн хороо нь Загасан нүд наадмаас нэг биш удаа алтан медалиар шагнуулж байсан. Улаанбаатар хотноо болсон 2011 оны наадам “Үхлийн хорхойн нууц” баримтат кино, Солонгос улсад болсон 2013 оны наадамд “Миний гэр бүл ” бүтээл тус тус алтан медаль хүртэж байв.
“ Загасан нүд ” –ний Ордос дахь болзоо
Үе үеийн Дархадын эрхэмлэн дээдэлж ирсэн эзэн богд Чингисийн Тайлга тахилгын ордны гадаа намуухан. Эрхэмсэг их хийгээд амгалан жавхлангийн туйл, үзэсгэлэн төгөлдөр хийгээд үлэмжийн буяны дууль болсон Ордос хотын Чингис хааны онгоны аялал жуулчлалын газар дэлхийн арваад улс орноос хүрэлцэн ирсэн телевизийн уран бүтээлчид, жүжигчид, судлаачид 12 дахь удаагийн “ Загасан нүд ” олон улсын телевизийн наадмаа болзсон ёсоор нээлээ.
- Би анх удаа Өвөр Монголд ирээд эзэн богд Чингис хааны тахилгад оролцож байна. Олон улсын хэмжээнд болж байгаа “Загасан нүд” наадмаар Монгол Улсын төлөөлөгчид ч олон бүтээлтэй ирлээ. Өөрийн бие болон оролцож байгаа бүх хүмүүстээ амжилт хүсье. Эзэн Чингисийн гэгээн сүнс ивээх болтугай!” гэж Монгол Улсын төлөөлөгч Онон ярьж байлаа.
Үүх түүхийн эчнээ гайхамшгийг хадгалж, Өрнө Дорнын ард түмэнд домгийн юм шиг бишрэгдэж явсан эзэн Чингисийн тайлга тахилгад оролцож, “эрхэмсэг” сонирхолтой музейг үзсэн бүх хүмүүс сэтгэл хангалуун, баяр баясгалантай байсан. 16-ны үдээс хойш “Загасан нүд” наадмын нээлтийн ёслол болж, бүх улсын төлөөлөгчид улаан хивсэн дээр алхаж, угтах сархад амсан гарын үсгээ зурж үлдээв.
-Анх удаа Өвөр Монголд ирээд сэтгэл их өндөр байна. Дундад улсад бас үндэс угсаа нэгтэй хүмүүс маань өөрийн уламжлалт зан заншил, хэл соёлоо уламжлан хадгалж, оршин амьдарч байгааг хараад сэтгэлд нэн дулаахан санагдлаа. Олон улсын үйл ажиллагаагаар дамжин бидний хамтарч ажиллах өргөн боломж улам өргөн болж байна. Хойшид Өвөр Монголын телевиз, мэдээллийн хэрэгслүүдтэй баримтат киноны тал дээр хамтарч ажиллах тухай энэ удаагийн уулзалтаар санал солилцох болно гэж Оросын Эрхүү хотын AIST телевизийн захирал Амгалан ярьж байлаа.
Нээлтийн ёслолд Өвөр Монголын радио телевизийн хороо, Чингис хааны онгоны аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулсан урлагийн тоглолтууд зочид төлөөлөгчдийн сэтгэлийг баясгав .
16-ны үдээс хойш 17-ны өдрийн үдээс өмнө тэмцээнд оролцсон бүтээлүүдийг шүүж шалгаруулсан юм. Төлөөлөгчид санал бодлоо солилцох, хянан шалгаруулах тухай харилцан ярилцах хурал хийжээ.
Өвөр Монголын радио телевизийн хорооны даргын туслах, Монгол Одон Телевизийн ерөнхий захирал Ү. Хас: -Энэ удаагийн наадам бол Өвөр Монголын радио телевизийн хорооноос зохион байгуулж байгаа нэг удаагийн маш чухал, томоохон арга хэмжээ юм. Бид зөвхөн аль нэг улсын бүтээлийг шалгаруулан шагнах биш, харин цаашид хамтарч ажиллах талаар өргөн дэлгэр сэдвийн хүрээнд ярилцах болно. Энэ удаагийн арга хэмжээ цар хүрээ, агуулга хэлбэрээрээ “Загасан нүд” наадмын түүхэн амжилтыг тогтоосон юм гэж илэрхийлжээ. Хамтарч ажиллах төсөвт уран бүтээлээрээ хамтрах, найруулагч сурвалжлагч ба мэргэжил солилцох, хамтарч нэвтрүүлэг хийх зэрэг сэдвийг багтаан санал солилцов.
Монгол Улсын Улаанбаатар телевизийн захирал МУСГЗ Л.Балхжав: -Бид дэлхийн олон орны телевизтэй хамтарч ажиллахад таатай байгаа бөгөөд манайх наадмын гишүүн улстай хамтарч ажилласан удаатай. Энэ удаагийн наадмаар бид хойшид хамтарч ажиллах төсөвөө улам тодотговол сайн гэж үзлээ. Цаашид бид байгууллага хамтран бүтээл хийж, олон улсын бусад том том наадмаар “Загасан нүд” нэрээр нэрлэвэл сайн гэсэн санал дэвшүүлжээ.
“Загасан нүд”-ний шагнал гардуулах арга хэмжээ болон “Авьяаслаг монгол дуу хөгжмийн зуслан”-гийн шагнал олгох арга хэмжээ боллоо. “Загасан нүд”-ний шагнал гардуулах ёслол дээр наадмын тугийг Оросын төлөөлөгчдөд дамжуулж, ирэх оны наадмаар Орос улсад уулзахаар болзов.
“ Нүүдлийн тоос ” баримтат кино “ Загасан нүд ” наадмын тэргүүн шагнал хүртлээ.
Энэ жилийн наадмын найман төрлийн шалгаруулалтад нийт долоон улсын 47 бүтээл оролцсон юм. Үүнд: “ Хөгжилтэй агшин ” төрөлд оролцсон гурван бүтээлээс Оросын “Таван минутын хайр”, “Байгаль аялал”-ын төрөлд оролцсон дөрвөн бүтээлээс Монгол Улсын “Шувууд” , “ Манай хот ” төрөлд оролцсон гурван бүтээлээс Японы “Миний хүсэл”, “Миний гэр бүл ” төрөлд оролцсон найман бүтээлээс Оросын “Шоргоолжны үүр”, “Хүүхэлдэйн жүжиг”-ийн төрөлд оролцсон найман бүтээлээс Хятадын “Таван хулганы үлгэр”, “Бичил кино”-ны төрөлд оролцсон есөн бүтээлээс Оросын “Орон зайтай би”, “ Баримтат кино ”-ны төрөлд оролцсон арван бүтээлээс Киргистан “Миний өлгий” тодорсон бол “Онцгой программ ” –ын төрөлд оролцсон дөрвөн бүтээлээс Өвөр Монголын Монгол одон телевизээс хийсэн “Нүүдлийн тоос” баримтат кино тэргүүн шагнал тус тус хүртлэ. Үүнээс гадна Монгол Улсын “Өрсөлдөөн ” , Япон улсын “ Нугаснаас илгээсэн захидал ” , Солонгосын “ Дүүжин ” зэрэг бүтээл нэр дурдагдав.
“Нүүдлийн тоос“ бүтээлийн хувьд Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошуунд зураг авалтыг хийсэн байна. Малчин айлын таван хошуу малын төл хүлээн авах ажлаар гогцоолж, Монгол нутгийн хаврын амьдралын маш олон нарийн зүйлийг харуулахыг зорьсон. Уг нь нийт зургаан бүлэг бөгөөд бүлэг бүр нь гучин минут байсан. Энэ удаагийн уралдаанд зөвхөн ерөнхийлсөн чанартай гучин минутын бүтээл болгож дэвшүүлсэн юм. Одоо энэхүү том шагналыг авсандаа тун баяртай байна гэж Өвөр Монголын Монгол Одон Телевизийн “Соёл эрдэнэ” дэлгэцийн D дугуйлангийн ерөнхий найруулагч “Нүүдлийн тоос” баримтат киноны найруулагч Сэцэнт ярьсан бөгөөд энэхүү бүтээл нь мөн “Алтан баавгай ” олон улсын киноны наадамд нэр дурдагдаж байжээ. / Бэлтгэсэн :Мөнхбаяр/
