Таван өдрийн хугацаатай үргэлжлэх Хятад-Өмнөд Азийн 7 дахь удаагийн экспо 16-нд Юньнань мужийн Күньмин хотод нээгдэв. Чуулганд 85 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөгчид, зочид, түүнчлэн 30 мянга гаруй бизнес эрхлэгчид онлайн болон оффлайнаар оролцож, "Нэгдмэл хөгжлийн төлөөх эв нэгдэл, хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд болж байна.
Энэ жилийн экспо нь Өмнөд Ази, Зүүн Өмнөд Азийн орнууд болон RCEP-ийн гишүүн орнуудыг бүрэн хамарсан бөгөөд Балба болон Мьянмарын гол сэдэвт үзэсгэлэнгийн тусгай танхим зохицуулсан байдаг. Мөн Өмнөд Азийн павилион, Зүүн Өмнөд Азийн павилион, Бүс нутгийн хамтын ажиллагааны танхим, Захиргааны эдийн засгийн танхим, Паркийн эдийн засгийн танхим, боомтын эдийн засгийн танхим, Биомедицин ба Эрүүл мэндийн танхим, Соёл аялал жуулчлалын танхим зэрэг нийт 15 үзэсгэлэгийн талбайг зохицуулсан байна.
Хятад-Өмнөд Азийн экспо нь Хятад улсын хувьд олон талт дипломат харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, өмнөд болон зүүн өмнөд Азийн орнуудтай ард түмний солилцоог явуулах чухал индэр болсон. Худалдааны яамнаас өгсөн мэдээллээр, 2013 онд Хятад-Өмнөд Азийн анхны экспо зохион байгуулагдахад Хятад, Өмнөд Азийн орнуудын худалдааны нийт хэмжээ 100 тэрбум америк доллароос бага байсан бөгөөд 2022 он гэхэд энэ тоо 197.4 тэрбум америк долларт хүрч, жилийн дундаж өсөлт 8.3 хувьд хүрсэн байна.
Энэ жилийн экспогийн үеэр Хятад-Өмнөд Азийн хамтын ажиллагааны форум, Хятад-Өмнөд Азийн бизнес форум, Хятад-Өмнөд Азийн технологи дамжуулах, инновацын хамтын ажиллагааны чуулга уулзалт, Хятад-Өмнөд Азийн Think Tank форум зэрэг олон үйл ажиллагаа мөн нэгэн зэрэг зохион байгуулагдана.
