solongonews
Хүүхдэд нэр өгөхдөө юунд анхаарах вэ?
2015-12-28 16:59
Тэрээр “Сүүлийн үед шинэ төрсөн хүнд нэр өгөхдөө хэтэрхий хэнэггүй ханддаг болчихож. Нар мандаж байхад төрсөн бол Нараа, даваа гаригт мэндэлсэн бол Даваа гэж нэрлэдэг болж. Ингэж сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Эрт үеэс өвлөгдөн ирсэн нэр хайрлах судар гэж бий. Тэр сударт хамаагүй замбараагүй өгсөн нэр эргээд шинэ хүндээ уршигтай байдаг тухай бичсэн байдаг” гэжээ.
Монголчууд “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэдэг. Тиймээс ч эхээс мэндлэх цаг нь болоогүй байхад хүүхдэд нэр өгөх, хувцас бэлдэх, өлгий зэргийг бэлдэхийг цээрлэдэг уламжлалтай билээ. Тэгвэл барууны орнуудад үүнээс эсрэгээрээ эмчийн хяналтад ороход нь л шинэхэн үрдээ ор, дэвсгэр, өлгийг нь бэлдэхийг сануулдаг байна. Бүр төрөхөөсөө өмнө хүүхдийн өрөөг тохижуулаад хэдийнэ бэлдчихдэг жишигтэй. Түүгээр ч үл барам төрөх хүүхдэдээ нэрийг нь хүртэл сонгочихсон байдаг. Улс орнуудын уламжлал соёл өөр өөр ч шинэхэн үрээ тэврэх тэр агшинд ямар нэр өгөх вэ гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирдэг. 
 
Хүүхдэд нэр өгөх ёс Монгол Улсад ястан, угсаатнуудын уламжлал соёлыг дагаад өөр өөр байна. Тухайлбал, олонх хүмүүс хамаатан садан, найз нөхдийнхөө санал болгосон нэрийг цаасан дээр бичиж хуйлаад будаатай саванд хийж сугалаа мэт болгоод сонгодог жишиг байна. Хүүхэд эрэгтэй бол баруун чихэнд нь, эмэгтэй бол зүүн чихэнд нь тэр нэрийг нь гурван удаа аяархан хэлдэг уламжлал байна. 
 
Тэгвэл бурхан урлаач Д.Ухаанзаяа “Unen.mn” сайтад өгсөн ярилцлагадаа хүүхдэд нэр өгөх талаар дэлгэрэнгүй ярьжээ. Тэрээр “Сүүлийн үед шинэ төрсөн хүнд нэр өгөхдөө хэтэрхий хэнэггүй ханддаг болчихож. Нар мандаж байхад төрсөн бол Нараа, даваа гаригт мэндэлсэн бол Даваа гэж нэрлэдэг болж. Ингэж сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Эрт үеэс өвлөгдөн ирсэн нэр хайрлах судар гэж бий. Тэр сударт хамаагүй замбараагүй өгсөн нэр эргээд шинэ хүндээ уршигтай байдаг тухай бичсэн байдаг” гэжээ.
 
Хүүхдэд нэр хүндэддэг эсэх талаар хүмүүс янз бүрийн л юм ярьдаг. Үнэхээр нэр хүндэднэ гэж байдаг уу. Энэ асуултад тэрээр “Эцэг, эхчүүд Чингис, Бөртэ, Өэлүн хэмээх нэрийг гоё сайхан гээд хүүхдэдээ өгчихдөг. Гэтэл хүүхэд нь хэдий сайн төрөлд төрсөн ч тэр аугаа хүний дайтай үйлс бүтээж чадаа ч уу, үгүй ч үү. Тиймээс дээдсийн нэр хүндэддэг юм. Нэр ихэвчлэн хоёр үетэй байвал зохилтой. Хэтэрхий богино бол хувь заяа нь ч ахар болно гэж үздэг” гэж хариулжээ. 
 
Хүүхдийг 0-5 хүртэлх насанд нь бүтэн нэрээр нь дуудахыг цээрлэх хэрэгтэйг Д.Ухаанзаяа мөн ярьжээ. Учир нь энэ насанд хүүхдийн амь бөхжөөгүй байдаг учир ийнхүү нэрийг нь өхөөрдөж, Бондоолой, Цүндээлэй зэргээр гэрийн нэрээр нь дуудсанаар түүнийг элдэв хорлолоос хамгаалдаг дом байдаг аж. 
 
Ийнхүү хүн бүр хүүхдэд хэрхэн нэр өгөх тухайд өөр өөрийн бодолтой байна. Мэдээж, хүүхдэдээ хэрхэн нэр өгөх, юу билэгдэх, хэний нэрийг өгөх зэрэг нь тухайн эцэг эхийн хувийн асуудал билээ. Гол нь нэрний талаар хэн юу гэж хэлснийг хүргэхийг хичээсэн нь энэ. Тиймээс эцсийн сонголт мэдээж тухайн гэр бүлийн шийдэх хэрэг гэдгийг дахин онцолъё.
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : www.mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл