З.Бат-Отгон: Эр хүнийг зөв удирдах ухаан эмэгтэй хүний оюун сэтгэлгээнд оршдог
2015-12-28 18:21
Өнөө цагт эхнэр нөхрүүд бие биедээ барьцдаг болчихоод өөр өөрийн үүрэг хариуцлагаа ялгаж чадахаа байж. Энэ ялгаа арилахаар бие биеэ хүндлэх орон зай устаж алга болдог.
Түүнийг Зулаагийн Бат-Отгон гэдэг. Судлаач, физкч, философийн ухааны дoктор энэ бүсгүйтэй өөрийнх нь туулсан амьдралын нэгээхэн онцлог жилүүдээс хуваалцлаа. Тэрбээр хэн нэгний хоёрдахь дүр байхыг хүсдэггүй, өөрийнхээ анхдагч дүр байхыг эрхэмлэдэг. Үнэндээ ч үзэл бодол, амьдралын зорилго, туулсан зам харгуй нь бусдынхтай төсгүй, өөрийнхөөрөө явж ирсэн өвөрмөц нэгэн ертөнц.
-Та, хүн хэд хоног нойргүй хөдөлмөрлөж болдогийг өөрийн биеэр туршиж үзсэн гэж сонссон. Шөнийн нойр алдах нөхөгддөггүй гэдэг шүү дээ. Яагаад ийм сорил хийх болсон юм бэ?
-Миний эрдэм шинжилгээний ажилд нэн хэрэгтэй байсан туршилт л даа. Монгол хүн гэдэг энэ дэлхийн хүн төрөлхтнөөс огт ондоон. Тэсвэр хатуужил, ухаан самбаа, холч хараа, сайхан сэтгэл, өглөгч тус дэм аль алинаараа онцгой ялгаатай, гайхалтай ард түмэн. Гагцхүү тэнгэр язгуур, байгалиас өгөгдсөн энэ давуу өгөгдөхүүнээ ашиглахгүй нь олон юм даа.
Манлай баатар Дамдинсүрэн шоронд хоригдож байхдаа хадаасны нүхний оромоор орж ирсэн цасан ширхэг, цэнгэг агаарыг шимтэн амьсалж, чухам тэр л тэвнийн сүвэгч шиг нарийхан нүхээр шурган урсах эх нутгийнхаа үнэрийг бахдан тосож байсаар босоогоороо нас нөгчсөн түүхтэй. Олон жилийн өмнө, ер нь хүн хэдэн шөнийн нойр даадгийг өөрийн биеэр туршиж би өдөржин шөнөжин ажилласан.
Дүү нарынхаа сургуулийн төлбөрийг төлөх, амьдрал ахуйгаа авч явахын тулд өөрөө сурахын хажуугаар , хэд хэдэн газар давхар ажиллаж, ёстой нойр хоолгүй өөрийгөө мартан зүтгэдэг байлаа. Нойргүй тэр шөнүүд надад их ч үр бүтээл авчирсан. Нөгөөтэйгүүр судалгааны ажилдаа өөрийн биеэр туршилт туулж байгаа онцлогуудыг байнга тэмдэглэл хөтөлж, харьцуулсан дүгнэлтүүдээ гаргаж байсан.
Хүн цурам хийх нойргүйгээр 7 хоноход бараг л хагас галзуурлын байдалд хүрдэг юм билээ. Хүний дуу хоолой тэртээ тэнд сонсогдоно. Юмны хэлбэр дүрс алдагдаж, дугуй хэлбэртэй юм гурвалжилж харагдах мэтээр эрүүл баримжаа алдагдаад, өөрийн мэдэлгүй сульдаад ирдэг. Тэгээд л ёстой өдөржин шөнөжин унтсан даа. Ухаангүй унтаж сая нэг амарч тэнхээрээд эргэж хэвийн байдалдаа орсон.
-Та хэд хэдэн гадаад хэлтэй. Оюутан байхдаа сурав уу? Эсвэл орчинд нь очиж суралцах үедээ сурсан уу?
-Хүн гэгч бодгальд маш их боломж бий. Би зөвхөн ажилдаа ирж очих өглөө оройны хорьхон минутыг зарцуулан хоёр гадаад хэлийг төгс эзэмшсэн. Ингэхгүй л бол надад гадаад хэл тухайлан сууж үзэх цаг зав гардаггүй байсан юм. Дүү нараа араасаа чирэх, тэднийхээ өмнө эгч хүний үүргээ ухамсарлах амьдралын бултаж зайлшгүй шаардлага надад их юм өгсөн. Завгүй байх тусмаа хүн ихийг бүтээдэг. Зүгээр л алмайрч суугаад хэл сурна гэж байхгүй. Яарч адгаж, юманд хөөгдсөн мэт урагш зүтгэж тэмүүлж бүтээсэн бүхэн амжилт дагуулдаг хуультай. Бэрхшээлийн ард бэлэг тосдог энэ амьдрал өөрөө баян юм шүү дээ.
-Хөгжил дэвшлийн эрин зуунд хүн төрөлхтний гээж орхисон нандин зүйл чухам юу вэ?
-Хүн төрөлхтөн сансрын хөлөг бүтээж, барилга байшингаас авахуулаад хот тосгон сүндэрлүүлж, тэр ч байтугай нүдэнд үл үзэгдэх бичил биетүүдийг судалж, техник технологийн гайхалтай судалгаа нээлтүүдийг хийж чадсан. Хүний гар, ухаан, хүч оролцоогүй ганц зүйл гэвэл байгал дэлхий. Бусдыг хүн бүгдийг өөрсдөө бүтээсэн.
Гэсэн ч хүн төрөлхтөн хамгийн чухал зүйлээ гээсэн нь “Би чухам хэн билээ” хэмээн өөрийгөө судлан нээгээгүй явдал. Хүн сэтгэл бодол, хүн чанар, дотоод сэрэхүйгээ анирдан чагнаж, зөв таниагүйгээс буруу амьдралын бүхий л сэжим гарч ирдэг. Алдар хүндийн титэм өмсөж, амжилтанд хүрч, дэлхийн агуу тэрбумтан болж, мөнгө амжилт хоёртоо бялуурсан хүмүүс энэ амьдралд ханан сагаж уйдаад хар тамхинд орж, элдэв гаж үйлдлүүд сэтгэж, амиа хорлож байх жишээтэй. Харин зарим нь баян хангалуун амьдралаасаа залхан уйдаад тэр л бужигнаант нийгэм, үймээнт хотыг орхин Монголын цэлгэр тал, онгон байгалийг нүдээр үзэж, биеэр мэдрэн, амар амгалан болоод жинхэнэ таашаалыг амтлахаар бидний эх нутгийг зорьж байна.
Хятадад гэхэд хүний гар хүрээгүй онгон тал хээр гэж бараг л үгүй дээ. Ургах мод нь хүртэл хэлбэр загварт орж, урсах усаа хүртэл тэд өөрсдийн хүссэнээр өөрчилдөг хүмүүс. Манай монгол нутаг онгон зэрлэг төрх, цэлгэр уужим тал, хангай говийн гайхамшигт хослол, ирж буцах цагийн өртөөгөөрөө гадныхны сэтгэлийг татдаг. Тэгэхээр хүмүүс бид энэ амьдралын утга учрыг эхлээд өөрийн сэтгэлээс улбаалан хайж, зөв амьдрах чухал болохоос тэрбумтан болж тансаг амьдралд умбах чухал биш. Сэтгэлээ гээсэн цагт хүн хүн биш болно. Их мөнгө эргээд зовлон авчрах нь олонтаа. Амьдралд хүрэлцэхүйц цалинтай, сэтгэл амгалан зөв амьдралыг өнөө цагт дэлхийн хүн төрөлхтөн чухалчилж байгаа нь сэтгэл гэгч эрхтэнээ чагнаж, түүндээ захирагдаж амьдрахын чухлыг басчиг мэдэж эхэлж байгаагийн гэрэл гэгээ юм даа.
-Та шинжлэх ухааны олон салбарт ажиллаж, судалгаа бүтээлээ туурвидаг эрдэмтэн. Шинж чанар, мөн чанар хоёрын тухайд тодруулахгүй юу? Эгэл бидний амьдралд аль нь чухал юм бэ?
-Шинж чанар бол юмны хэлбэр дүрсээс аваад шинж байдлыг судладаг ухаан. Жишээ нь төмрийг хөргөгчинд хийвэл хөлдөнө, галд баривал улайсна. Нугалвал тахийна. Тасалж хуваагаад богиносгож болно. Энэ бол шинж чанар. Харин мөн чанар бол нүдэнд үл үзэгдэх дотоод чанарын илрэл. Шинжлэх ухаан бол хязгаартай судлагдахуун. Тэгвэл мөн чанарын судлагдахуун цаглашгүй.
Бид мөн л шинж чанарыг судалж, тэр талаар нээлт хийж арвин туршлага хуримтлуулж чадсан ч мөн чанарыг орхигдуулж ирсэн харамсалтай. Төмрийг яаж ч өөрчилж болох хэдий ч харин төмрийг бүрдүүлэх бүтэц найрлага ямар ч тохиолдолд хэвээрээ л байна. Энэ нь нэг үгээр мөн чанарын жишээлсэн илэрхийлэл гэж болно. Хүн ч ялгаагүй. Ганган дэгжин, царайлаг сайхан харагдавч сэтгэл оюун, дотоод мөн чанар, хүнлиг болоод адгууслаг талыг нь бид гаднаас нь дүгнэх боломжгүй байдаг. Дотносон танилцаж, ханилж нөхөрлөж байж танигддаг мөн чанар хэмээх тэр зүйл ямар ч тохиолдолд тухайн хүнийг дүгнэж цэгнэх чухал зүйл.
-Охид эмэгтэйчүүдэд маань таны чин сэтгэлийн үг амьдралын нэгэн сургаал болох нь лавтай. “Толгойгоо алдвал хөл дээрээ тогтох аргагүй болно” гэж үг бий. Энэ бол “Ухаантай амьдар” гэсэн л санаа. Та хатан суу ухааныг эрхэмлэж, олонд хүргэх гэж цуврал лекц уншдаг. Бүсгүй хүний хамгийн чухал эрхэмлэгээ юунд оршдог вэ?
-Бидний ижий аав, тэднээс цааших өвөг дээдэс маань юм л бол хоорондоо муудалцан түр тар хийж, салах нийлэхдээ тулан гүйцгээж байсангүй. Учир нь тэд ёс суртахууны эрхэм зарчимтай амьдарч чаддаг байж. Өрхийн тэргүүн ямар үүрэгтэй, хэн байх, ямар ажил үүргийн хуваарьтай, амьдралдаа ямар хувь нэмэр оролцоотой, нэр нөлөөтэй, бас түүнийхээ хэрээр эрх мэдэлтэй хүндлэлтэй байх зарчмаа мэддэг, биелүүлдэг байсан. Эхнэр хүн өглөө босоод өрхний оосроо даялан галаа түлэхээс эхлүүлээд тэр өдрийн айлын өнгө эзэгтэй хүнээс хамааралтайн учир бүхий л хийх ажил, үүрэг хариуцлага, хэлэх үг, хандлагаа гайхалтай зөв сонгож, ягштал баримталж, өрх гэр үр хүүхэд, хань ижлийнхээ төлөөзүтгэж ирсэн.
Өнөө цагт эхнэр нөхрүүд бие биедээ барьцдаг болчихоод өөр өөрийн үүрэг хариуцлагаа ялгаж чадахаа байж. Энэ ялгаа арилахаар бие биеэ хүндлэх орон зай устаж алга болдог. Эндээс хэрүүл маргаан, үл ойлголцол, салалт үүсдэг. Дунд нь үр хүүхэд нь хохирч, шархалдаг. Тиймээс өрхийн тэргүүн нь гэрийн эзэн шиг байж, эмэгтэй хүн эзэгтэйн дайны зэгсэн ухаантай, уйгагүй хөдөлмөрч, олсоноо тарааж бутаргах биш, хурааж эвлүүлэх үнэн сэтгэлтэй, үгийн сайхан болоод үйлдлийн ариунаар өөрийгөө төдийгүй өрх гэрээ гийгүүлж явбаас тэр айл үргэлж өнгөтэй сайхан байх болно. Эр хүнийг зөв удирдах ухаан эмэгтэй хүний оюун сэтгэлгээнд оршдог. Маргаж, зүхэж, үзэн ядаж амжилт олно гэж хаана ч байхгүй. Энэ ухааныг эзэмшвээс гэр бүл аз жаргалын арал болж хувирах нь дамжиггүй. Уламжлалт сайхан ёсоо дээдэлж, ёс суртахуунтай амьдрахын давууг үр хүүхэддээ бүсгүй хүн л үлгэрлэж чадна аа.
-Чин сэтгэлийн яриа дэлгэсэн танд баярлалаа. Сайн үйлсийн тань замд амжилт бэлэгдье.
-Ямбыг дутуу эдэлж, ухааныг илүү нугалсан энэ бүсгүй хүний мөс чанар, онгон байгаль, энгийн даруу хэрэглээтэй байгал түшсэн амьдралыг шүтдэг. Ирж буцаж, сэрж мэдэрч, бас сэргээж гуниглуулж байдаг жилийн 4 улиралдаа бүгдэд нь дуртай. Сэтгэлийн дээд амар амгалан бол хүний эрхэм аз жаргал хэмээн үздэг.
Тэрбээр 1988 онд Боловсролын их сургуулийг физик математикийн мэргэжлээр, 1994 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөн, 1997 онд физикийн ухааны магистр, 1999 онд бизнесийн удирдлагын магистр, 1998 онд философийн ухааны докторын зэрэг хамгаалж 1999-2003 онд Германы Дармштатийн их сургуулийг физикийн ухааны докторантураар төгссөний дээр ШУ-ны 12 салбарт судалгаа хийж олон арваар тоологдох ном бүтээл, ЭШ-ний илтгэл өгүүлэл, нийтлэл хэвлүүлсэн байна. Түүнчлэн монгол суу ухааны олон арван ном, тайлал бүтээж, цуврал лекц уншжээ.
Гэгээ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
