solongonews
Өргөнбөхийн өрнүүн амьдрал
2016-11-07 11:28
ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X их хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн нийтлэл 7

Өвөр Монголын чөлөөт кино найруулагч Гү Таогын найруулсан “Хандгай” гэх баримтат киног урд нь үзэж байсан. Уг кинонд Хөлөнбуйрт амьдардаг Эвенк үндэстний иргэдийн анч амьдралаасаа салсны дараах байдлыг тухайн үндэстний нэгэн сэхээтэн залуу Вэй Жягийн амьдралаар харуулсан байдаг.

— Ой дунд суманд оногдсон баавгайн гал улаан цус нарны гэрэл доор булаг шиг оргилон гарах тэрхүү гайхамшигт үзэмж ямар гоё байсан гэж санана гэж ярьж байсан Вэй Жягийн үг яриа хийгээд тэрхүү согтуурсан байдал одоо ч нүд чихэнд тодхон байсаар.

Тэр киноноос би Эвенкчүүдийн тухай, эвенк анчдын тухай анхны ойлголттой болсон юм. Бид Хөлөнбуйрын Эвенк хошууны Имин сумын Жадан багт эвенк малчин Өргөнбөхийг сурвалжилсан билээ. Жадан багийн хуучин нэр нь “Анчин бригад” гэдэг байж, эвенк анчдын төвлөрөн суурьшсан баг болно.

Өргөнбөх болон тэндэх Эвенкчүүд олон жилийн өмнө анч амьдралыг өнгөрөөж байсан бөгөөд одоо болоход төвлөрөн суурьшиж, мал малладаг болжээ.

Орос маягийн байшингууд жигдрээд, ойтой нутгийн агаар санаа сэтгэлийг баясгана. Цэвэрхэн тохилог төвхнөж, халаалт, телевиз цахилгаан нэвтэрснийг харахад эднийхэн уламжлалт хуучин амьдралаас зайдсан нь илхэн.

Өргөнбөхийн байшин 

— Өрх бүр 15000 юань төлж, үлдсэнийг нь багаас нөхөөд эдгээр байшинг нэгдсэн журмаар барьж өгсөн. Яг одоо 5 жил болж байна. Манайх хориод үхэр, 100 гаруй хонь, 1 морьтой. Жилийн цэвэр орлого 30-40 мянган юаньд хүрч сайхан амьдарч байна. Өмнө нь ан хийдэг байхад хэцүү л дээ. Нэг хандгай агнавал 90 юань, нэг зур агнавал 40 хэдэн юань л олно. Тэгээд бас арав хорь хоног яваад хоосон буцах тохиолдол ч бий.

25-тайгаасаа ан хийсэн Өргөнбөхийн хувьд үлгэр дурсамж дутахгүй нь мэдээж.

— Тэр өвөл манай хорин хэдүүл ууланд гарсан юм. Цасан дундуур хэдэн өдөр яваад нар унахын алдад хуурай хүнсээ идээд, авч явсан архиа бүгдээр нийлж ховх сорчхоод цасан дээр хэвтээд хүлээсэн. Гөрөөс гэдэг шөнөдөө хөдөлгөөнтэй, нар гарахаар нуугдаад хэвтчихдэг болохоор нар унах үед буюу шөнөдөө агнавал амархан. Хандгай, буга зэрэг амьтан шөнөдөө хужирт орж ирдэг тул хужиртай нуурын ойр орчим очоод бүгээд хүлээхэд амархан таардаг. Бид хүлээж байтал үүрээс өмнүүр хандгай ороод ирлээ. Ороод ирэхэд нь л буудчихгүй юу. Амин газар нь онох юм бол нэг л суманд унана даа гэж Өргөнбөх хориод жилийн өмнөх ан агнаж байсан түүхээ үзэгдэж харагдтал нь дүрслэн ярьж эхэллээ. Тэд заримдаа хужирт орж ирсэн амьтны нүд өөд нь гар чийдэнгийн гэрэл тусгахад гөрөөс гайхаад зогсчихдог гэнэ. Тэгэхээр нь буудчихдаг байжээ. Бас заримдаа хоморгон ав хийнэ. Ингэж тэд зур гураас эхлээд хандгай, буга, хээрийн гахай, баавгай зэрэг амьтан араатныг агнадаг ажээ. Хааяа бас хээрийн гахай, баавгай зэрэг амьтныг нэг суманд алж дийлэхгүй, дутуу шархдуулчихвал нөгөө амьтан нь улайран дайрч, хүн морийг шархдуулах аюул ч байдаг гэнэ.

Өргөнбөх түлшээ бэлдэж байна

— Цас ихтэй, хүйтэн өвөл бол хэцүү. Морины элэг тулсан их цасан дундуур зам хөөхөд хүнд байдаг. Бас шөнө оройдоо цас мөсөн дээр хонох буюу хэвтээд ан амьтан хүлээхэд даарч бээрнэ. Нэг удаа бид баавгай агначхаад, мориндоо ачаад гэртээ хүрч иртэл хэдэн өдөр явсан гэж Өргөнбөх хэлж байлаа.

Хүйтэн нойтонд дааран, аюул бэрхийг сөрөн явж агнаж ирсэн ан амьтныхаа махыг өөрөө идэж, арьс үс, эвэр таваг зэргийг нь заран, амьдралаа төвхнүүлэх зардал мөнгө олдог байна. Гэхдээ олох мөнгө нь хэмжээтэй, хэдүүл гарвал нэг удаад далаад л юань олно. Заримдаа хоосон буцна.

Одоо ч буутай байсан бол би бас анд гарна гэж шийдмэг хэлэхэд хэцүү бэрхийг тоож байгаа шинж алга байлаа. Хорин хэдэн өрхийн дунд 18 буутай байсан тухайн үеийн амьдрал нь 1996 онд ан агнахыг хорьж, буу сумыг нэгдсэн байдлаар хамаарах болсноос хойш өөрчлөгджээ. Ялангуяа 5 жилийн өмнө Нам засгаас дэмжин байж одоогийн байшинг барьж өгсөн ба хөдөлмөрч Эвэнкчүүдийн ажилч зангаар одоо болоход Жадан багийн өнгө төрх өөрчлөгдөн хувирч, хүн ард нь тайван амгалан оршин амьдарч, амьдралын түвшин нь ч илт дээшилжээ.

Цэргээс халагдсан хүү нь хошуунд ажиллаж, охиноо харьд мордуулсан Өргөнбөхийнх одоо зовох татагдах зүйлгүй болж, тэнүүн тавтай амьдрал эдлэн өтлөх насандаа жарган суух ажээ.

Тэндээс аяарлан Хайлар хот зүг замнан явахад аравдын саран ойн сэжүүр дээр томоос том гэрэлтэн харагдаж байлаа. Хэрвээ “морьтой болоод завтай явсан” бол тэрхүү сарны гэрэл доор мах шарж, пиво залгилаад, Өргөнбөхийн залуу насны ангийн түүхийг бүтэн шөнөжин сонсоод суух байсан юмсан гэж эрхгүй бодогдож билээ.

Зохиогч: Шюанши, Бүрэнбаяр, Хөвчин, Шархүү
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл