Тус урлагийн наадмыг нийт 16 удаа амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд өдгөө Өвөр Монголын соёлын аялал жуулчлалын брэнд арга хэмжээнүүдийн нэг болоод байна. Наадам нь үндэстний цөөнхийн хувцас гоёлын уламжлалт соёлын агуулгыг уудлан, монгол хувцас загварын соёлын солилцоо, уялдаа, уламжлал, инновацыг дэмжиж, соёлын аялал жуулчлалын гүнзгий цогц хөгжлийг сурталчлах тавцанг бий болгосон. Түүгээр зогсохгүй, үндэстний соёлоор аялал жуулчлалыг дэмжих, аялал жуулчлалаар үндэстний соёлыг хөгжүүлэх эерэг уялдаатай хөгжлийн шинэ замыг нээснээр соёлын өвийг хамгаалж, өвлөн уламжлах, Хятад үндэстний соёлын итгэлийг тодруулах нэгэн хэлбэр болж тогтсон байна.
Өвөр Монголын хувцас загварын урлагийн XVII наадам ийнхүү 11 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Тунляо хотод болж өндөрлөсөн юм. Наадам нь монгол хувцас гоёлын дизайны шалгаруулалт, бүтээлч дизайны бүтээлийн үзэсгэлэн, шууд нэвтрүүлэг болон онлайн худалдаа, брэндийн танилцуулга, хувцас загварын үйлдвэрийг хөгжүүлэх семинар, наадам зэрэг зургаан төрлийн баялаг төслүүдээр тав хоногийн турш үргэлжиллээ. Энэхүү урлагийн наадмыг зохион байгуулснаар бүс нутгийн ард түмэнд монгол уламжлалт хувцас гоёлын соёлыг дахин мэдрүүлэв. 15-ны өдөр Өвөр Монголын XVII удаагийн хувцас загварын урлагийн наадам утга төгөлдөр өндөрлөсөн юм.
Брэнд загварын шоу
Өвөр Монголын XVII хувцас загварын урлагийн брэнд загварын шоу 11-р сарын 12-ны өдөр Тунляо хотын Олимпийн спортын төвд болов. Арга хэмжээний үеэр "CABI" эмэгтэйчүүдийн хувцас, "Хань" хувцас загварын студи хамгийн сүүлийн үеийн үндэсний хувцасны 80 гаруй загварыг үзэгчдэд сонирхуулж хүргэлээ. Мөн үеэр Орчон, Эвенк, Дагуур зэрэг үндэстний цөөнхийн төлөөлөгчид олны анхааралд хүрч, умардын "гурван цөөнх"-ийн хувцас, гоёлыг хурсан олонд гайхуулсан байна.
Загварын шоунд уламжлалт загварын хувцас гоёл оролцсон төдийгүй, уламжлалт элемент бүхий орчин үеийн загварын хувцас гоёлыг үзүүлж, уламжлалт, орчин үеийн, загварлаг, мэргэжлийн хэв маяг нь хэрэглэгчдийн хувцасны төрөл бүрийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц байв. "CABI" эмэгтэйчүүдийн хувцас гоёл нь олон улсын зах зээлд танигдсан бүрэн гар хийц бүхий хөнгөн тансаг зэрэглэлийн брэнд юм. Дизайны хувьд цэвэр гар хийц, тансаг байдал, нямбай хийцтэй байхыг эрэлхийлдэг байна. Монгол элементийг олон улсын загварт шингээсэн энэ мэт орчин үеийн болон уламжлалын уялдаа нь брэндийн соёлыг илүү тодруулж байдаг.
"Хань" соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх ХК нь зураг төсөл, үйлдвэрлэл, судалгаа, боловсруулалт, борлуулалтыг нэгтгэсэн хувцасны үйлдвэр юм. Олон жилийн туршид нарийн оёдол, загварлаг хийц, зохисон сайхан хувцаслалтаараа гадаад, дотоодын хэрэглэгчдийн таашаалыг хүртсээр ирсэн. Мөн уламжлалт дизайны үзэл баримтлалыг орчин үеийн загварын дизайны онолуудтай органик нэгтгэж, загварлаг, орчин үед нийцсэн монгол хувцас үйлдвэрлэдэг. Энэхүү шоунд оролцсон дизайн нь дүрэмт хувцсанд түгээмэл хэрэглэгддэг өнгөнүүдэд суурилсан. Түүнчлэн загвар нь уламжлалт гар хийцийн хатгамал, эмжээр зэрэг ур мэргэжлийг оруулсан төдийгүй, тод өнгөний тохиргоог ашигласан нь орчин үеийн загвар бүхий төлөвшсөн, намбалаг загварыг тодруулж чадсан байдаг.
- Өвөр Монголын хувцас загварын урлагийн наадам бидэнд брэндийнхээ хүч чадлыг харуулах боломж олгосон. Бид энэ арга хэмжээг маш их хүндэтгэж, бэлтгэл ажлыг гурван сарын өмнөөс эхлүүлэн, нийт 40 иж бүрэн хувцас оролцуулж, хамгийн сайхан бүтээлээ олон нийтэд харуулахыг хичээсэн. Бид ихэвчлэн орчин үеийн үндэстний хувцас гоёл хийдэг. Сүүлийн жилүүдэд уламжлалт монгол соёлыг орчин үеийн элементүүдтэй хослуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Үндэстний хувцасны соёлыг өвлүүлж, хөгжүүлэхийн тулд үндэстний соёлын элементүүдийг хадгалан хамгаалахын зэрэгцээ орчин үеийн амьдралд зохицуулахыг мөн анхаарах ёстой. Энэ бол зах зээлийн хэрэгцээ шаардлага юм. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан орчин үеийн монгол хувцас ямар байдгийг илүү олон хүмүүст мэдүүлнэ гэдэгт итгэж байна. Мөн бидний зохион бүтээсэн хувцсыг ямар ч нөхцөл байдалд өмсөж болно гэдэгт найдаж байна гэж Хань брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер Цэцэнтуяа ярилаа.
Монгол гоёлын үзэсгэлэн
ӨМӨЗО-ы наадам, арга хэмжээг шинэлэг аргаар зохион байгуулах тухай шаардлагаар монгол хувцасны дизайнер, сонирхогчдын урам зоригийг дэмжих, монгол хувцас загварын олон улсад чиглэсэн, загварлаг, аж үйлдвэржсэн хөгжлийг дэмжих зорилгоор 11-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Тунляо хотын Наадам гудамжны Сэлэнгэ худалдааны төвд монгол хувцас гоёлын үзэсгэлэн зохион байгуулав.
Үзэсгэлэнд биет бус соёлын өв болох хатгамал, бөс бараа, дизайны хэв маяг, үндэстний хувцасны үйлдвэрүүдийн загварын хувцас, соёлын бүтээгдэхүүн зэргийг дэлгэн үзүүлж, монгол хувцас гоёлын гоо үзэсгэлэнг тод харуулсан байна. Биет бус соёлын өв болох хатгамлын үзэсгэлэнд Өвөр Монголын 14 аймаг, хотын биет бус соёлын өв хатгамлын өвлөгчид газар дээр нь хатгамал урлан үзүүлж байв.
Дизайн хэв загварын үзэсгэлэнд гадаад, дотоодоос элссэн монгол элементийн хувцас, гоёлын дизайны зургуудаас мэргэжлийн шүүгчид үзэсгэлэнд зориулж маш сайн бүтээлүүдийг шалгаруулсан байна. Зохион бүтээгчид зураг төслийг бие даан үзэсгэлэнд оролцуулах, эсвэл хувцасны үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, дизайны дагуу урлан бүтээсэн хувцсыг үзэсгэлэнд оролцуулах боломжтой байв. Хувцас урлах материал, дагалдах хэрэгсэл нь Өвөр Монгол орны үндэстний хувцас үйлдвэрлэлийн гинжин хэлхээний сул холбоос юм. Улмаар тус үзэсгэлэнд улсын дотоод дахь чанар сайтай, монгол хувцас урлахад тохирсон бөс барааг үзэсгэлэнд оролцуулж, үндэстний хувцас үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд чанар сайтай материал сонгон ашиглах боломж бүрдүүлсэн байна.
Үндэстний хувцас, гоёлын үйлдвэрүүдийн дүр төрхийн үзэсгэлэн нь бүс нутгийн хэмжээн дэх үндэстний хувцас үйлдвэрлэгч компаниудад зориулагдсан ба үндэстний хувцас үйлдвэрлэгч, дизайнеруудад борлуулалтын платформоор хангасан байна. Эрээн хотоос хүрэлцэн ирсэн нэгэн хувцасны үйлдвэрийн төлөөлөгч:
- Энэ үзэсгэлэн нь компанийн борлуулалтын сувгийг өргөжүүлээд зогсохгүй брэндийн нэр нөлөөг нэмэгдүүлсэн гэлээ.
Наадмын уралдаан тэмцээн
11 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд Өвөр Монголын хувцас загварын урлагийн XVII наадмын уралдаан тэмцээний хөтөлбөрүүд Тунляо хотод амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээний хүрээнд бөхийн барилдаан, сур харвалт, монгол шатар, олон улсын даамны тэмцээн зэрэг уралдаан тэмцээнүүд зохиогдов. Бөхийн барилдааны үеэр бөхчүүд уламжлалт хувцсаа өмсөж, монгол эрийн хүч чадал, итгэл зоригийг гайхуулж байлаа. Барилдаанд Улаанхад, Хянган аймаг, Баяннуур аймаг зэрэг газраас ирсэн бөхчүүд зодоглосон байна.
Сур харвалтад Тунляо хот, Шилийнгол аймаг, Улаанхад хот, Хянган аймаг зэрэг нутаг орноос хүрэлцэн ирсэн 86 оролцогч өрсөлдсөн байна.
Наадмын уралдаан тэмцээний хөтөлбөрүүд нь хүч чадал сорьсон төдийгүй, цэц мэргэнээрээ өрсөлдсөн юм. Монголын шатрын тэмцээн, олон улсын даамны тэмцээнд нийт 200 гаруй шатар сонирхогчид оролцлоо. Олон улсын даамны тэмцээнийг нээлттэй баг, насанд хүрсэн эмэгтэйчүүдийн баг, хүүхдийн баг хуваан өрсөлдүүлсэн байна.
Монгол шатрын хэлбэр, тоглох арга, дүрмүүд олон улсын шатартай төстэй. Монгол шатар нь Үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн байдаг. Монгол шатрын тэмцээн нь нээлттэй, эмэгтэйчүүдийн, залуучуудын баг гэсэн ангиллаар зохиогдож, нийт 70 гаруй хүн оролцсон байна. Тэмцээнд оролцогчдын дийлэнх нь залуучууд байсан нь монгол шатрыг өв залгамжлах шинэ найдвар төрүүлж байсныг дурдахад таатай байна.
