БНХАУ-ын Жэ Жян мужийн Нин Бө хотын Шян Шань шяньд арилжааны сансрын хөөргөх төв байгуулахаар төлөвлөж байгаа тухай Жэ Жян Өдрийн Сонин мэдээллээ.
Энэхүү төсөлд нийт 20 тэрбум юань буюу 3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулна. Нийт 67 км.кв талбайд байрлах тус хөөргөх талбай, удирдлагын төвөөс гадна, угсралт-туршилтын цогцолбортой байх юм байна. Сансрын хөөргөх төвийг ашиглалтад оруулсны дараа жилд 100 удаа арилжааны хөөргөлт хийх боломжтой болох гэнэ.
Одоогийн байдлаар Хятад улс эх газартаа Жю Чюань /баруун хойд Гань Сү муж/, Тай Юань /хойд Шань Си муж/, Ши Чан /баруун өмнөд нутгийн Сы Чуань муж/ гэсэн гурван сансрын буудалтай. Арлын Хай Нань мужийн Вэнь Чан хотод бас нэгэн сансрын хөөргөх төв байдаг. Шян Шаний хөөргөх шинэ талбай нь ойролцоогоор Ши Чан буудлын хөөргөх талбайтай ижил өргөрөгт байрлах юм байна.
