Баруун, баруун хойд, хойд талаараа Монгол улстай 676 км, ОХУ-тай 1048 км газраар хил залгана. Хотын нутаг дэвсгэрт Бага Хянганы нуруу бий. Хөлөнбуйр олон гол мөрөнтэй, загас элбэг. БНХАУ-ын хэмжээнд онгон тансаг байгальтай 20 нутгийн нэг, Хятадын аялал жуулчлалын 6 том төвийн нэг. Хөлөнбуйрт монгол, хятад, дагуур, эвенк, орцон зэрэг олон үндэстэн аж төрдөг. Хөлөнбуйрын шууд харьяа Манжуур, Хайлаар, Якши, Залан айл, Эргүнэ зэрэг дагавар хот, Шинэ Барга баруун, Шинэ Барга зүүн, Хуучин Барга гурван хошуутай. Дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, мал аж ахуйн орон юм. Хайлаар хотын ойролцоох хотгор 20 ам км2 газар 20 сая тонн сайн чанарын нефтийн нөөцтэй. Нүүрс төрөгчийн хийн 10 тэрбум шоо метр нөөцийг тогтоожээ. Хөлөнбуйрт 50 гаруй нүүрсний уурхай ажилладаг.

