solongonews
Ойн дунд
2018-11-02 10:13
Ойн дунд

Олон навчис модон дээрээ улирлын симфони хөгжимдөж, эрх чөлөөний ногоон аялгуу дэрвүүлнэ. Уулын шугуй зуны амьсгаа таниулж, сэв сэрүүхэн харагдана. Хаяа хоёр нэг навчис мөчрөөсөө тасарч унах нь дэрвэн бүжиглэх эрх чөлөөнөөсөө дайжсан буюу нэн их эрх чөлөө эрэлхийлснийг нь хэн ч үл мэднэ.

Шувууд мөчир дамжин дэрвэж өөр өөрийнхөөрөө шулганана. Навчистай хамт эрх чөлөө дуулж байгаа юм уу, эсхүл унасан навчсын оронд навчаа үгүйлсэн мөчир салааг аргадаж байгаа ч юм уу гэгчийг бас хэн ч үл мэднэ.

Шүүдрийн мөхлөг дүүжигнэж дүүжигнэж нэг хоёроор навчсаас тасрах нь байгалийн эчнээгийн энхрий эгзгийг харуулж байна. Наранд уурших шүүдрийн мананг бид яаж олж харах вэ дээ! Нээрэн тэнгэрийн одод шиг олон нүдтэй болж, аль эсхүл нар шиг хурц гэрэлтэй ганцхан нүдтэй ч байгаасай! Мод бүхнээс ууршин дээшлэх шорооны түмэн усны хүүхдийн наранд тэмүүлсэн өрнүүн жавхаат их нүүдлийг хязгаарлашгүй бахархан харах сан.

Модод зарлиг хүлээсэн байлдагчид шиг хажууд маань хөдөлшгүй намуухан шуугин зогсоцгооно. Гэвч навчсаас мөчирт, мөчрөөс намаанд, намаанаас салаанд, салаанаас мод бүхний үндэс бүхэнд хүртэл амь насны аялгуун маш завгүй мөртлөө өнө эртнээс эдүгээд хүртэл тасаршгүй жирвэлзэн урсаж моддын тулгар төрийн шинэ амьсгааг сэлбэж хөгжүүлэн бузгайруулж байгаа юм.

Хаяа нэг зуны салхи ойн дундуур мурилзан өнгөрнө. Навчис улам ч хөгжилдөж, мөчир намаа ч баахан найгалзаж, энэ хэсэг ой нэлэнхдээ баярын өдрийн бүжгийн талбай шиг шуугиж гарна.

Энд нээрэн тоо томшгүй олон модод байна. Давир бүдүүн, аяган чинээ, хуруун чинээ… Бас удалгүй соёолон ургах гэ буй эх газар доорх хөврөл мод уд, улиас, хайлаас, нарс, цөөрс, батцаан, чавга, ялам тэд өөр өөрийнхөө ургаваас зохих газартаа, өөр өөрийнхөө өнгөөр умардын өндөрлөгийн ерийн нэгэн зуныг хангинатал хөгжимдөж байна.

Би ойн гүн зүг зүүд зөнгийн хүмүүн шиг сэв сэмхэн, ав алгуур, хөв хөнгөн дотогшилж байлаа.

Гэнэт нэг мэдэхэд ойн дунд бас нэгэн шинэ мод нэмэгдэж олон модтой хамт эх байгалийн халуун элэг түшин эрх чөлөөт цэлгэм ногоон амь насны баясгалант дууг дуулан эл бүхнээсээ мөчир намаа төлжүүлэн жаргалтай навчсаа бүжиглүүлэн ургаж байлаа.

Тэр нь харин би байв аа…

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл