БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд "Хятад орныг танин мэдэх" соёлын өдрүүдийг 09-р сарын 02-оос 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсныг ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас өнөөдөр буюу 08 дугаар сарын 21-нд мэдэгдлээ.
Хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлж, уламжлалт найрамдалт харилцааг зузаатгах зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү соёлын өдрүүдийг Хятад улсын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газар, Монгол Улсын БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж байна.
“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал ажлын хүрээнд уран сайхны тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Арслангийн бүжиг, “Хайр бялхсан торгоны зам” цирк, ушугийн тусгай тоглолт болох аж.
Мөн хоёр орны найрамдалт харилцааны түүхийг өгүүлэх “Манай найрамдал” гэрэл зургийн үзэсгэлэн, торгоны замаар Хятад, Монгол, Оросын нутгаар дамжин тархсан цайны соёлын үзэсгэлэн дэлгэгдэх юм байна. Түүнчлэн Хятадын утга зохиолын сонгодог бүтээл болох “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Улаан асрын Зүүд”, “Хүйтэн уулын бичиг”, “Гурван улсын үлгэр” зэрэг романыг кирилл монгол хэлээр хэвлэж, уншигчдын гарт хүргэхийн сацуу Хятадын ном уншлагын өрөө нээхээр төлөвлөжээ. Хятад кино соёлын хүрээнд тус улсын орчин үеийн хамгийн их орлоготой “Нүүдэлчин дэлхий”, “Дүүлэн ниссэн он жилүүд”, “Чонон сүлд”, “Том загасны домог” зэрэг 10 киног Монголын үзэгчдэд үзүүлэх юм.
