solongonews
Алтан Гандирийн овоог тахилаа
2018-06-28 16:05
Алтан Гандирийн овоог тахилаа.

Аргын улирлын 06-р сарын 26-ны өдөр билгийн улирлын таван сарын арван гурванд (Ордос тооллын найман сарын арван гурванд), Чингис хааны онгон овоо - Алтан Гандирийн овооны тахилгыг хийв. Чингис хааны онгон шүтээнийг сахигч дархад хүмүүсээс эхлэн Чингис хааны онгоны аялал жуулчлалын орны зөвлөлийн удирдлагууд, ойр орчмын сүсэгтэн мөргөлчид хүрэлцэн ирж, айл гэр, ажил үйлс, адуу малын буян хишгээ овоондоо даатган тахилга хийжээ. Алтан Гандирийн овоо нь Чингис хааныг дурсан босгосон овоо болно. Энэ овоог Чингис хааны овоо гэж ч нэрлэдэг. Тус овооны тухай Ордос нутагт доорх уламжлал яриа олон бий.

Эзэн богд Чингис хаан Тангадыг дайлах замдаа Бор толгой гэдэг газраар өнгөрөх үес барьсан ташуураа газар алдахад шадар дагагсад нь авах гэжээ. Чингис хаан ташуураа авуулсангүйгээр: “Энэ лав нэг учир бий, миний үзэж байгаагаар эвдэрхий төрийг байгуулалтай, энэ биеийг жаргуулалтай их сайхан газар байна. Хожим намайг үхвээс энд оршуул” хэмээн сургаал айлдсанаас энэ газарт овоо босгож тэмдэглэсэн гэдэг билээ. Өмнө нь Чингис хаан болон Бүртгэлжин хатны цомцог ордныг энэ овооны өмнө дахиж байгаад 1956 онд Чингис хааны онгоны барилгыг барьсны дараа овооны ард тахих болжээ.   

  

Алтан Гандирийн овоог Чингис хааны онгон шүтээнийг сахигч шар Дархдууд жил бүрийн билгийн улирлын таван сарын арван гурванд дахидаг байна. Үүнээс гадна жил бүрийн билгийн улирлын гурван сарын хорин нэгэнд болдог Чингис хааны цагаан сүргийн их тахилгын өдөрт тус овоог дахидаг бөгөөд цагаан сүргийн өсгийн цацал зэргийн ёслолыг овооны дэргэд хийдэг байна. Овооны тахилга нь сан тавьж, эзэн сан унших, суг дээж, айраг сархдаар цацал өргөх, овооны өчиг ерөөл унших, даатгал хийх зэргийн алхам дараагаар явагддаг. “Монголчууд овоо ордноо тахиж нутаг усны эзэд сахиусаа баясгаж, хур бороо тэнцсэн сайхан жил болохыг зөгнөдөг. Алтан Гандирийн овоо нь эзэн богдын шүтээнтэй адил бүх монголчуудыг ивээн соёрхдог гэж үздэг. Тахилгыг Дархадаас гүйцэтгэж өөрийн өчиг ерөөл даатгалтай, цацал өргөх зэрэг жинхэнэ агуулгаар явуулдаг. Харин зарим овоо тахилга шиг лам хувраг залж ном уншуулахгүй, цагаан идээгээрээ тахидаг” гэж Чингис хааны зайсан яамтад Хөгжилт гуай танилцуулж байлаа.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Ордос монгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл