solongonews
Сансар огторгуйд шинэ аялалаа дахин эхлүүллээ
2024-04-29 10:51
Сансар огторгуйд шинэ аялалаа дахин эхлүүллээ.

        "Шэньжөү 17" нисэгчтэй сансрын хөлгийг ачсан "Чанжэн 2F" зөөгч пуужинг 10-р сарын 26-ны өдөр Жючуань хиймэл дагуул хөөргөх төвд хөөргөж, сансрын нисгэгч Тан Хунбө, Тан Шэнже, Жян Шиньлинь нарыг сансарт амжилттай илгээв. Шэньжөү 17 сансрын хөлгийн хөөргөх ажил амжилттай явагдсан байна.  

       "Шэньжөү 17" бол Хятад улсын сансрын станцын хэрэглээ, хөгжлийн шатанд орж буй хоёр дахь удаагийн нисэгчтэй сансрын нислэг юм. Энэхүү удаагийн нислэг нь Хятадын анхны нисэгчтэй сансрын нислэг амжилттай болсны 20 жилийн ойг тохиолдуулан хийсэн байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улсын сансрын нисэгчтэй сансрын төсөл 30 удаа явагдаж, 30 удаа өндөр амжилт тогтоосон байна гэж хэлж болно.

        "Тяньгүн" сансрын станцад дахин буцсан сансрын нисэгч залуу сансарчдын багийг удирдан ажиллуулах болно

       "Шэнжөу 17" нисэгчтэй нислэгийн сансрын нисэгчийн багийн бүрэлдэхүүнд Тан Хунбө, Тан Шэнже, Жян Шиньлинь гэсэн гурван сансрын нисэгчийг багтааж, Тан Хунбө багийн даргаар ажиллаж байна.

        Тан Хунбө:

    -Хоёрдугаар ээлжийн сансрын нисэгч шинэ сансрын нисэгчдийг дагуулан ажиллаж байгаа анхны тохиолдол юм гэж танилцууллаа.

       Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албаны хэвлэлийн төлөөлөгч, Хятадын нисэгчтэй сансрын инженерийн газрын дэд дарга Линь Шичян:

      -Багийн бүрэлдэхүүнд хоёрдугаар ээлжийн нэг сансрын нисэгч, хоёр, гурав дахь ээлжийн сансрын нисэгч багтсан нь сансрын станц хөөргөснөөс хойших хамгийн залуу ажлын багийг бүрдүүлсэн гэж хэллээ.

        Тан Хунбө 2021 онд сансрын станцын үе шатны даалгаврыг гүйцэтгэх сансрын нисэгчдийн анхны багийн гишүүний хувьд "Хятадын сансрын нисэгч анх удаа өөрийн бүтээсэн сансрын станцад дахин буцсан" хүн болсон билээ.

        Хоёр жилийн дараа тэрээр дахин Тяньгүн сансрын станцад буцсан анхны Хятадын сансрын нисэгч болсон юм.

         Тан Хунбө:

        - Өмнөх удаа би "Шэньжөү-12" сансрын станц барих ажилд оролцсон. Энэ удаад бид олон тооны шинжлэх ухааны туршилт, техникийн туршилтын даалгавруудыг хийж, станцыг ашиглалтад оруулах зорилтыг бодитоор тусгах болно.

        Энэ удаад 1989 оны 12-р сард төрсөн Тан Шэнже, 1988 оны 02-р сард төрсөн Жян Шиньлинь нар бүгд анх удаа нисэж буй болно.

        Тан Шэнже:

        -Миний төрөлх нутаг Ганьсү хот бол эрт дээр үеэс Дүньхуангийн нисдэг дагинын тухай домог яриа их байдаг нутаг билээ. Сансарт нисэх нь ч миний мөрөөдөл л байсаар ирсэн. Сансрын станцын систем нь маш нарийн төвөгтэй бөгөөд багийнхан яаралтай тусламжийн төлөвлөгөө болгоныг олон удаа судалж суралцан, яаралтай байдалд түргэн шуурхай, тайван, үнэн зөв хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгосон юм гэж хэллээ.

        Тэрээр мөн:

        - Сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд сургалтын арга зүйн жижиг шинэчлэл, ололт амжилтад анхаарч байна гэж хэлэв.

        Жян Шиньлинь:

        -Нислэгийн карт хийж, биеийн хэлэмжийг илүү тод нэгтгэн дүгнэх нь багийнханд даалгавраа илүү сайн ойлгож, үнэн зөв ажиллахад тус дэм болохын зэрэгцээ хамтын ажиллагааг улам ойртуулж, ойлголцолд хүргэхэд туслах болно гэж хэллээ.

        Мөн Хятад улсын дөрөв дэх ээлжийн сансрын нисэгчдийг сонгон шалгаруулах ажил ч эмх цэгцтэй явагдаж байгаа бөгөөд он дуусахаас өмнө 12-14 сансрын нисэгчийг сонгон шалгаруулж, бүх сонгон шалгаруулалтыг жилийн эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байна.

        Линь Шичян:

       -Нийт 20 гаруй нэр дэвшигч эцсийн шатны сонгон шалгаруулалтад орсны дотор Хонгконг, Макаогийн хэд хэдэн нэр дэвшигч даацын шинжээчийн сонгон шалгаруулалтын эцсийн шатанд орсон байна.

        Пуужингууд болон нисэгчтэй сансрын хөлгүүдийн аюулгүй байдлыг улам сайжруулсан байна

       "Сансрын нисэгчийн тусгай хөлөг" болсны хувьд Чанжэн 2F зөөгч пуужин сансрын станц барих ажил эхэлснээс хойш тогтмол бөгөөд хурдацтай хөөргөж эхэлсэн юм.

        Сансрын нисэгчдийг сансарт аюулгүй нэвтрүүлэх онцгой үүрэг, хариуцлагыг хүлээдэг тул найдвартай байдал, аюулгүй байдал, дасан зохицох чадварыг тасралтгүй сайжруулах нь зөөгч пуужингийн хөгжүүлэлтийн багийн үндсэн зорилго юм.

        Сансрын шинжлэх ухаан, технологийн нэгдүгээр академийн ерөнхий дизайны хэлтсийн ерөнхий дизайны албаны дарга Вэй Вэй пуужингийн дизайныг сайжруулах, үйл явцыг оновчтой болгох, төлөвлөгөөг боловсронгуй болгох зэрэг техникийн статусын хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн тухай танилцуулав. Тэрээр бүрэлдэхүүн хэсэг болон программ хангамжийн тохиргооны зүйлд тохируулалт хийсэн. Өөрийн судлан бүтээсэн эд ангиудыг хэрэглэж, программ хангамжийн конфигурацийн зүйлсийг тохируулах зэрэг оптимизаци, сайжруулалт нь пуужингийн найдвартай байдал, аюулгүй байдлыг улам сайжруулсан. Хөөргөх талбайн үйл ажиллагааны үйл явцыг оновчтой болгосноор хөөргөх талбайн үр ашгийг улам дээшлүүлж чадсан байна. Хөөргөх үйл явцыг улам боловсронгуй болгож, хэвийн бус асуудал үүссэн тохиолдолд хурдан бөгөөд цаг тухайд нь шийдвэрлэхэд туслах боломж олгосон гэсэн байна.

        Одоогийн байдлаар Чанжэн 2F зөөгч пуужин нь сансрын нисэгчдийн аюулгүй байдалд нэн найдвартай болгохын тулд хоёр хөөргөх пуужин бэлтгэн ажиллаж байна.

        "Шэньжөү 17" нисэгчтэй сансрын хөлөг сансрын станцтай амжилттай залгагдсаны дараа гурван сансрын нисэгч сансрын станцын үндсэн модульд орж, "Шэньжөү 16" багийн гурван сансрын нисэгчийн ажлыг үргэлжлүүлэх болно.

        Сансрын нисэгчдийн тэнгэр, газрын хооронд аялах "амь насны хөлөг" болохын хувьд Шэньжөү сансрын хөлөг нь тойрог замын модуль, буцах модуль, хөдөлгөгч модулиас бүрдэх бөгөөд нийт 14 дэд системтэй байдаг.  Шэньжөү сансрын хөлөг нь Хятадын хамгийн найдвартай, аюулгүй байдлын шаардлага өндөр хөлөг болсон байна.

        "Шэньжөү 17" нисэгчтэй сансрын хөлөг дээр дэлхийн газрын зураг, сансрын нисэгчдийн биеийн байдал болон бусад холбогдох агуулгыг багтаасан сансрын янз бүрийн хэсгүүдийн байдлыг харуулсан 50 гаруй хуудас байгааг тэмдэглэх нь зүйтэй.

        Энэ нь багаж хянагчийн хэрэглээний программ хангамж нь текст, график, хөдөлгөөнт дүрс зэрэг төрөл бүрийн мэдээллийг харуулах өвөрмөц график дэлгэцийн технологийг ашигладагтай холбоотой юм.

        Сансрын шинжлэх ухаан, технологийн тавдугаар академийн мэргэжилтнүүд энэхүү өвөрмөц график дэлгэцийн технологийг ашигласнаар багажийн хянагч дэлгэцийн шинэ эффектүүдийг олж авахаас гадна, сансрын ухаалаг хэрэглүүрт график, текстийг боловсруулж, харуулах боломжтой болж, сансрын нисэгчдэд ажлуудыг гүйцэтгэхэд тодорхой, мэдрэмтгий, тав тухтай харуулах интерфейсийг бүрдүүлж өгсөн байна.

        Сансрын станцын гадна туршилтын засвар үйлчилгээ хийгдэнэ

        Хятадын нисэгчтэй сансрын хөтөлбөр сансрын станцын ашиглалт, хөгжлийн үе шатанд орж ирэх үед багийн ээлжийг тогтмол хэрэгжүүлж, багийн ажлын зохион байгуулалт ч хэвийн болно. Үүнд гол төлөв хэвийн эргэлт, боловсон хүчин, материалын хангамж, сансрын станцын угсралтын тавцангийн тусламж үйлчилгээ, багийн гишүүний эрүүл мэндийн хяналт, тойрог замын практик (туршилт) туршилт, шинжлэх ухааны мэдлэгийг сурталчлах, хэвийн бус нөхцөл байдлыг зохицуулах зэрэг зургаан үндсэн ажлыг зохион байгуулах болно.

        Эдгээр байнгын ажлаас гадна, анх удаа сансрын станцаас гарч туршилтын засвар үйлчилгээ хийх нь басхүү энэ удаагийн нэг чухал ажил юм.

        Яагаад Шэньжөү 17 сансрын хөлөг дээр энэ ажлыг хийхээр болсон  бэ?

        Линь Шичян:

        -Одоогийн байдлаар сансрын хог хаягдал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд урт хугацаанд үйл ажиллагаа явуулж буй сансрын хөлөг сансрын жижиг хэсгүүдэд өртөх нь гарцаагүй юм.

        Урьдчилсан шалгалтаар сансрын станцын нарны хавтан нь сансрын жижиг хэсгүүдэд олон удаа цохиулж, бага зэргийн гэмтэл учруулсан байна.

        Линь Шичян:

        - Мэдээжийн хэрэг, энэ нь зураг төсөлд анхаарал хандуулсан зүйл юм. Одоогоор сансрын станцын бүх функц, гүйцэтгэлийн үзүүлэлтүүд шаардлагад нийцэж байна.

        Мөн Линь Шичян:

       - Сансрын станцыг урт хугацаанд ажиллуулах, техникийн чадавхыг шалгах үүднээс энэхүү даалгаварт "Шэньжөү 17" сансрын нисэгчийн багийнхан станцаас гарч засвар үйлчилгээ хийх болно. Энэ бол маш хэцүү ажил бөгөөд станцаас гадуурх үйл ажиллагааны чадвар, түвшинг дээшлүүлэхэд маш их ач холбогдолтой ажил болно.

        Бид гадаадын сансрын нисэгчдийг урихад бэлэн ба Хятадын сансрын станцыг цаашид шинэчлэн сайжруулах болно

        Өнөөгийн байдлаар Хятадын дэлхийд ойрхон нисэгчтэй сансрын иж бүрэн станц, сансрын нисэгчтэй сансар, газрын хоорондын тээвэрлэх системтэй, сансрын нисэгчдийг сонгон шалгаруулах, дэмжих төлөвшсөн системтэй учир ирээдүйд сайн төлөвлөгдсөн нисэгчтэй нисэгчдийг жилд хоёр удаа тогтмол хэрэгжүүлнэ.

        Линь Шичян:

        - Бид мөн гадаадын сансрын нисэгчдийг Хятадын сансрын станцын нислэгт урьж оролцуулахад бэлэн болоод байна. Хятад улс дэлхий дахинд урилга илгээж, сансар огторгуйг энх тайвнаар ашиглахыг эрмэлзэж буй бүх улс орон, бүс нутгийг Хятадын сансрын станцын үйл ажиллагаанд хамтран оролцохыг уриалж байна.

        Хятад улс 2030 оноос өмнө саран дээр буух зорилт төлөвлөгөө ёсоор биелэхийн тулд төрөл бүрийн судалгаа, бүтээн байгуулалтын ажлыг тууштай урагшлуулж байна.

        Линь Шичян:

        - Хүнтэй саран дээр буух ажиллагаа үргэлжлэн урагшилж, холбогдох нөхцөл бүрэлдэх үед гадаадын сансрын нисэгчдийг ирээдүйд саран дээр буух ажиллагаанд албан ёсоор урьж, өргөн уудам орчлонг хамтдаа судлах болно.

        Цаашид Хятад улс мөн сансрын станцтай ижил тойрог замд үйл ажиллагаа явуулдаг, өргөн хүрээний судалгааны ажиглалт хийх судалгааны сансрын дурангаа хөөргөх юм.

       Ирээдүйд сансрын станцын өргөтгөлийн модулийг цаг тухайд нь хөөргөх бөгөөд сансрын станцын үндсэн тохиргоог "Т" хэлбэрээ заламгай  хэлбэр болгон өргөтгөнө.

        Мэдээллийн дагуу төлөвлөж буй өргөтгөлийн хэсэг нь сансрын шинжлэх ухааны туршилтын кабинет, сансрын станцаас гаднах туршилтын төхөөрөмжүүдийг хангаж, олон салбарт ашиглах бөгөөд сансрын шинжлэх ухааны судалгаа, хэрэглээний шинэ хэрэгцээг хангана. Мөн сансрын нисэгчдийн дасгал хийх, хоолны дэглэм, ариун цэврийн болон бусад байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулж, сансрын нисэгчдийн ажил, амьдрал, эрүүл мэндийн түвшинг дээшлүүлэх тал дээр илүү анхаарал хандуулах болно.

 

 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл