Адил нэгэн түүхэн нөхцөл байдал, адил бус амьдралын үйл түүхтэй хүн бүр энэ асуултын өмнө өөр өөр хариулттай байдаг. Хэд хэдэн “90-ээд оныхон”-той ярилцан, тэдний тухай түүхийг сонсон тэмдэглэснээ та бүхэнд хүргэе.
Гэрийн хүмүүжлийг уламжлахуй
2020 оны хаврын эхээр Сычуань мужийн Ибин хотын Цусны төв нэгэн ээж хүү хоёрыг угтан авчээ. Ээж нь Чэнь Зүнхуа, тухайн хотын II эмнэлгийн Дотрын тасагт ажилладаг. Хүү Шяо Линь нь их сургуулийн оюутан.
Чэнь Зүнхуа цусаа хандивлах болсон шалтгааныхаа тухайд:
- Нөхөр бид хоёр хоёулаа эмнэлгийн ажилтан учраас хүү маань эмч нарын ажлыг маш сайн мэддэг. 18 настайдаа хүү маань цусаа хандивлаж, насанд хүрснийхээ баярт бэлэг барих гэсэн хэдий ч тухайн үед жин нь стандартад нийцэхгүй байсан тул өгч чадаагүй юм гэж ярьлаа.
Цар тахлын үед Шяо Линь ээж болон ээжийнх нь хамт ажиллагсад тэргүүн эгнээнд яаралтай ажиллаж байгааг хараад өөрөө зөвхөн гар утсаараа тэднийг харж суухаас өөр юу ч хийж чадахгүй байгаадаа бухимдан, “Их сургуулийн оюутан болсны хувьд ямар нэг зүйл хийх хэрэгтэй” гэж шийдсэн байна.
Улмаар өнгөрсөн үеийн нэгэн шийдэл болох цусаа хандивлах бодол нь санаанд нь оржээ.
- Би тусламж хэрэгтэй байгаа өвчтөнүүдэд чадах чинээгээрээ туслахыг хүссэн юм гэж Шяо Линь хэлжээ.
Ингээд хичээл эхлэхээс өмнө ээжтэйгээ хамт Ибин хотын Цүй Пин дүүргийн цусны төвд ирж, 300 мл цусаа хандивлан хүслээ биелүүлсэн төдийгүй нийгэм нийтэд тустай бодитой ажил хийсэн байна.
БНХАУ-ын Ардын Их Сургуулийн Шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмыг судлах хүрээлэнгийн судлаач Жан Жы:
- Гэр бүл бол хүний амьдрах, оршин тогтнох гол суурин. Гэр бүлийн хүмүүжил нь нэг хүний үзэл бодлын хөгжлийн чухал эх сурвалж юм. Хүн алс хэтийн хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлийг бий болгож чадах эсэх, зөв үзэл бодол, ёс суртахуунтай байх эсэх нь гэр бүлийн хүмүүжил боловсролтой салшгүй нягт холбоотой гэсэн байдаг. Энэ үүднээс авч үзвэл гэр бүлийн хүмүүжил сургаалын ачаар өсвөрийн залуучууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, сурагч наснаас насанд хүрэх алхмаа зөв алхан, зөв төлөвшиж чадна гэж ярьлаа.
“Илүү өргөн өнцгөөс харвал гэр бүлийн хүмүүжил нь нийгмийн уур амьсгалтай ч холбоотой. Гэр бүлийн соёл боловсрол бол нийгмийн соёл иргэншлийн “шилдэг хөрс” юм. Залуучуудаас мэдрэгдэх гэр бүлийн шилдэг хүмүүжил бусдад үлгэр дуурайл авахуйц оюун санааны соёл болдог”.
Энэхүү үзэл бодлыг “90-ээд оны залуу” Ван Хайчао маш сайн дэмждэг. Ажил дээрээ тэрээр аавынхаа захисан “Бусадтай зөв харилцаж байвал илүү хол явж чадна” гэсэн сургаалыг үргэлж баримталж ирсэн.
2019 оны 07-р сарын нэгэн өглөө Ван Хайчао Гуандүн мужийн Гуанжөү хотын Яньжян дунд замын Тяньзи талбайд зогсоод үйлчлүүлэгчээ хүлээж байтал холгүй голын эргээс гэнэт тусламж хүсэн дуудах нь сонсогджээ.
Ван Хайчао машиныхаа түлхүүрийг ч авч амжилгүй гүйж очтол голын усанд унасан хоёр залуухан бүсгүй гараа сунган тусламж гуйн уйлж байв.
Эрэг дээр туслахыг хүссэн хэд хэдэн хүмүүс тэднийг аврахаар оролдож байсан ч нөхцөл байдал тодорхойгүй байсан тул ус руу яаран орж зүрхлэхгүй байлаа. Харин усанд унасан хоёр эмэгтэй эргээс явах тусам холдож, усны гүн рүү дөхсөөр байв. Нөхцөл байдал маш давчуу байсан тул Ван Хайчао хажуугаар нь өнгөрсөн хүнд гар утсаа өгч, цагдаа дуудахыг хүсээд өөрөө гол руу үсэрчээ. Энэ үед мөн “90-ээд оны залуу” болох Дэн Вэйчян түүнд туслалцан, тэд хоёул болон амжиж ирсэн тэнгисийн цагдаа нарын тусламжтайгаар усанд унасан хоёр бүсгүйг аварсан байна.
- Дараа нь бодоод үзэхэд үнэхээр эрсдэлтэй байсан хэдий ч тухайн үедээ бол аврах л ёстой байсан гэж Ван Хайчао дурсан ярьлаа. Түүний зоримог үйлийг нийгмийн олон салбарынхан магтан сайшааж, олон ч шагнал хүртсэн. Энэ нь мөн Гуанжөү хотын засгийн газраас иргэдийг суралцахыг дэмжсэн сайн үлгэр жишээ болжээ.
Нутаг орноо бүтээн байгуулахуй
“Сургуулиа төгсөөд нутагтаа харьж ажилд оръё” гэж Бээжинд магистрын 2-р курст суралцаж байсан Чан Юань /өөрчилсөн нэр/ 2017 онд найз бүсгүйдээ санал тавьжээ.
Түүний бодлоор төрөлх нутаг Шаньши муж нь урт удаан жилийн түүхтэй, элбэг баялаг нөөцтэй хэдий ч зарим нутгийн эдийн засгийн түвшинг дээшлүүлэх шаардлагатай учраас сургуулиа төгсөөд нутагтаа буцаж ажил үйлсээ эрхлэх нь зүйн хэрэг байлаа.
Энэ санаа нь яг л үр шиг түүнийг анх Ардын их сургуульд суралцахаар ирэх үеэс л сэтгэлд нь үндэслэсэн байсан. Дараа жилийнх нь сүүлчээр нөгөө л “үр” нь соёолж, Чан Юань Шаньши мужид шилжин ажиллах эрхийг амжилттай авав. Ийнхүү 2019 оны 06-р сард сургуулиа төгсөөд Линьтүн дүүргийн Чиньлин /Чинь Шы Хуан хааны онгон/ гудамжны иргэдийн ажлын хэсэгт ажиллахаар явсан байна.
Чан Юань ажилд орсноос хойших өнгөрсөн нэг жилийн өнгөрүүлсэн үйл явдал, туршлагаасаа сэтгүүлчдэд ярьсан юм. Түүний сэтгэлд үлдсэн хамгийн тод нэгэн үйл явдал нь метроны 9-р шугамын Чинь Линь баруун өртөөг нээсэн боломжийг ашиглан Чиньлиний эргэн тойрон дахь эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэрхэн хөгжүүлэх талаар судалсан явдал байлаа.
- Энэ бол 5А зэрэглэлийн аялал жуулчлалын цэг юм. Метро ашиглалтад орсны дараа зорчигчдын тоо нэмэгдэх учраас ойр орчмын дэд бүтэц, хүрээлэн буй орчныг сайжруулах шаардлагатай болно. Шинээр гарсан өртөө Бээжингийн метроны буудлаас дутуугүй сайн байх болно гэж найдаж байна гэж тэрээр ярьлаа.
Ийнхүү Чан Юань үзэг, дэвтэр, гар утсаа аваад судалгаагаа эхлүүлсэн байна. Зуны ид халуун цагт хоёр сарын турш ажилласан тэрээр наранд түлэгдэн борлосон төдийгүй, нэлээд жин хассан байлаа. Гэхдээ үр дүн нь маш сайн
- Судалгааны тайландаа би хүрээлэн буй орчныг засан залруулж, метро болон аялал жуулчлалын цэгийг шууд холбох автобусыг нээхийг санал болгосон. Эдгээр саналуудыг дүүргийн засаг захиргаа хүлээн авсан төдийгүй, ард иргэдэд ашигтай нүдэнд харагдахуйц бодитой бодлогуудыг боловсруулсанд би маш их баярлаж байна. Их хувь нэмэр орууллаа гэж ярихад хэцүү. Дөнгөж ажил үйлсээ эхэлж буй залуу хүмүүс бүгд эрэг шурга шиг байдаг. Томоохон ажлын доторх тодорхой хэсгийг сайн хийж чаддаг л бол болоо гэж боддог гэж тэрээр ярьлаа.
2020 онд Чан Юаний доод курсээс төгссөн найз охин Шао Ни нь хэд хэдэн нэр хүндтэй сургуулийн урилгаас татгалзаж, Чан Юаний араас Шаньши муждаа буцаж иржээ.
Тэд гэрлэж, ажил нь ч амжилттай явагдсаар байна. Шяо Ни:
- Би анхан шатны бүтээн байгуулалтад хүчээ өргөж, цаашид ч илүү шаргуу ажиллах болно гэж хэлэв. Энэхүү бие биеэ түшиж, төрсөн нутгийнхаа өн шимлэг хөрсөнд гүн үндэслэсэн хоёр зулзаган мод ирээдүйд ганган мөчиртэй өндөр сүрлэг мод болон өснө гэдэгт итгэж болно.
Өмнө нь гадагшаа гарсан залуучууд өндөр чанартай нөөц бололцоо, амьдралаас болж хотод үлдэх нь давамгай байсан бол сүүлийн жилүүдэд орон нутгийн эдийн засгийн хөгжил, өгөөжтэй бодлогоор дамжин гадагшаа гарсан залуучууд нутаг буцах нь олон болсон. Тэдний зарим нь анхан шатны хөдөө нутагт хүрч, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгаа бол зарим нь тосгоны иргэдийг удирдан ядуурлаас гаргаж, төрөлх нутагтаа залуу нас, хүч хөлсөө зориулах болов.
- Төрсөн нутгаа гэсэн сэтгэл маш үнэн, басхүү бодитой байдаг. Жил бүр их дээд сургууль төгсөгчдийн олонх нь нутаг буцаж ажил хөдөлмөр эрхлэх болж байна. Өнөөгийн нийгмийг бүхэлд нь авч үзвэл энэ нь мөн ерөнхий хандлага болж байна. Эх нутгийнхаа бүтээн байгуулалтад оролцоно гэдгийг онцгой хувь нэмэр, гарамгай ололт амжилтаар илэрхийлэх албагүй. Харин энгийн өдөр тутмын ажил дундаас харж болдог. Цаг үеийн байдлаас харахад залуучууд маш жижиг ердийн ажлаас эхлэн гар бие оролцож, нутаг орноо гэх сэтгэлгээг өөрсдийн ажил үйлстэйгээ органик байдлаар хослуулж, бодит үйл ажиллагаанд шингээн, нутаг усаа бүтээн байгуулах тулгуур, үлгэр жишээ болох ёстой гэж Жан Жы ярьлаа.
Эх орноо хайрлахуй
Та эх оронч үзлээ хэрхэн илэрхийлдэг вэ? Энэ асуултын хариуд 1990 онд төрсөн Юань Шуай “Мэдээж орон нутагт очиж багшилна” гэж шууд хариулсан юм.
2014 онд үл хөдлөх хөрөнгийн компанид маш их орлоготой ажиллаж байсан тэрээр ажлаасаа гарч, алс хол Юньнань мужийг шийдэмгий чиглэсэн байна.
Анх Юньнань мужийн Дали хотын Вэйшань шяний Ү-Инь тосгонд ирэхэд өндөрлөг газар түүнд эрс өөр мэдрэмж төрүүлж байлаа. Сэрүүн, далайн түвшин дээр шавьж ихтэй байсан бөгөөд хөгжил сайтай хоттой харьцуулахад энд шөнөдөө маш харанхуй санагддаг байв. Түүнтэй хамт бас 5, 6 залуу ирсэн нь бүгд адил дасан зохицохгүй байв.
Гэр орноо санасан сэтгэлээ тайтгаруулахын тулд залуус хөөрөлдөн ярилцаж суухдаа Юань Шуай нөгөө хэдийгээ уулархаг нутгийн соёл боловсролд аль хэдийн анхаарал хандуулж эхэлснийг мэдээд шууд нэгдсэн байна.
Алслагдсан нутгийн боловсролыг дэмжих нь Юань Шуайгийн хувьд олон жилийн хүсэл мөрөөдөл байсаар ирсэн. Бээжинд өсөж, Лондонд суралцан, олон жил сурч судалсны эцэст тэрээр хэрхэн суралцах, хэрхэн сурагч хүмүүжүүлэх тухай өөрийн гэсэн ойлголттой болсон бол алслагдсан нутгийн хүүхдүүд харин ийм боломж бараг олддоггүй нь ойлгомжтой.
- Би тэдэнд том хотуудын сургуулиудын үлгэр түүхийг ярьж өгөхийг хүсдэг, тэднийг өөр аргаар хүмүүжүүлэхийг бүр илүү хүсдэг. Мөн хүн бүрийг англи хэлэнд дуртай болгохыг хүсдэг гэж Юань Шуай ярьлаа. Энэ хүслээрээ тэр боловсролыг дэмжиж аянд нэгдээд хоёр жилийн нүүрийг үзжээ.
Энэ хугацаанд хичээл заасан ангийнхаа сурагчдыг оноогоор нь хувааж, авьяас чадварт нь тохируулан хичээллэдэг байв. Багш нарын заах туршлагыг нэгтгэн сургалтын шинэ арга барилыг боловсруулсан. Мөн тэдэнд боловсролын туршлага, гадаадад сурч байсан үлгэр түүхээсээ ярьж, сурагчдыг англиар ярилцад урамшуулан, аман яриаг нь дээшлүүлдэг байна.
Аажмаар хүүхдүүдийн дүн дээшлэн, сурлага нь сайжирч, англи хэл тэдний дуртай хичээл болжээ. Явах өдрөө Юань Шуай ахин дээш харвал Ү-Инь сууринд хэдийгээр шөнө хуруугаа олж харахгүй харангуй байсан ч дээш харвал тэнгэр дээр сар, одод тов тодорхой мэлтийн харагдана. Эдгээр туслах багш нар шөнийн тэнгэр дэх одод шиг ууланд байгаа хүүхдүүдийн замыг гэрэлтүүлж байна.
Өнөө үед алслагдсан бүс нутагт очин ажиллахын тулд байгаа сайн нөхцөл боломжоосоо татгалзаж буй залуучууд олширч байна.
Жүн Тянь санхүүгийн группын ажилтан Тань Дань хөхүүл хүүхдээ гэртээ үлдээгээд Гүйжөү мужийн Зүнь-И хотын Бөжөү дүүргийн Туаньжэ тосгонд иржээ. Тэрээр намын 60 гаруй гишүүдийн хамт залуучуудын ядуурлаас ангижруулах багийг байгуулж, өдөр нь тосгоноор орж, шөнө нь судлан ярилцах хурал хийн, тосгоны иргэдийг ядуурлаас гаргахын төлөө хичээн ажиллаж байлаа. Тэдний хүчин чармайлтын ачаар тосгонд гахай, зөгий өсгөн үржүүлэх томоохон бүтээн байгуулалт хийж, тосгоны иргэдийн орлого тогтмол өссөөр байгаа юм.
Жан Жы:
- Энэ мэт хүсэл тэмүүлэл, хандлага нь биширмээр юм. Эх оронд ийм залуучууд хэрэгтэй, цаг үе ийм хариуцлага шаардаж байна. Яагаад гэвэл эх оронч үзэл, эх орноо хүчирхэгжүүлэх хүсэл тэмүүллийг эх орондоо үйлчлэх аялал болгон хувиргаж чадвал Хятад улсыг хөгжүүлэх замд, улс орныхоо төлөө үүрэг хариуцлагаа ухамсарлан хичээж ажиллах болно. Энэ бол шинэ эриний залуучуудын улс орноо гэсэн зүрх сэтгэл юм гэж илэрхийллээ.

Гүйжөү мужийн Зүнь-И дүүргийн Бөжөү тосгонд ядуурлаас ангижруулах залуу боловсон хүчин нарийвчилсан судалгаа явуулахаар тосгонд очиж, өрхүүдээр орж буй нь
Зургийг: Синьхуа агентлаг

Хэбэй мужийн Цанжөү хотын Синьхуа дүүргийн Шинь-И хотхон дахь температур хэмжих цэгт сайн дурынхан үүрэг гүйцэтгэж буй нь
Зургийг: ЮАНЬ ЛИВЭЙ

Бээжингийн их сургуулийн 2020 оны төгсөгчид төгсөлтийн ёслолын дараа зургаа татуулж буй нь
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч РЭНЬ ЧАО

Жэжян мужийн “Дүн Ян хотын биет бус соёлын өвийн залуучуудын инновацийн суурин”-д сурагчид Лүжай хотын эртний барилгуудыг барьж байгуулах арга барилыг суралцаж буй нь
Зургийг: ХҮ ЯНХҮЙ
