
Та хүссэн ч, эс хүссэн ч цаг хугацаа аялан аялсаар л байдаг. Хүн хар тэргүүтэн энэхүү үзүүр төгсгөлгүй цаг хугацааны аяллын цуваагаар үрийн зулай үнэрлүүлэн өөр өөрийн амь насны аяллаа эхлүүлдэг болохоор цаг хугацааны аялал үнэндээ амь насны аялал гэлтэй.
Хүн гэдэг цаг хугацааны урт хонгилоор амь насны аялал хийхдээ төрж өндийхөөс авахуулаад өтөлж үдлэх хүртэлх ахархан хугацааны хооронд айл гэр, ажил амьдрал, амжилт бүтээл, нэр алдар хэмээн ханашгүй сэтгэлд хөтлөгдөн мохошгүй зоригоор тэмүүлж л байдаг бус уу. Ингэж үйлээ үзэж үсээ тоолон алдаж онон явахуйд нэг мэдэхэд цаг хугацаа алгын чинээ нүүрэн дээр чинь, эсвэл алд бие махбодь дээр чинь им тамгаа үлдээчихсэн байхыг яанам билээ !?

Хүмүүс цаг хугацааг хэмнэн хэмжээлэхийн тулд он жил, сар өдөр, минут секунд хэмээн хэсэгчлэн хувааж, цаг тооллын хуудас урвуулан тоолдог. Энэхүү амьдралын аянаа утга төгөлдөр тэмдэглэхийн тулд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт хуваан аз жаргалынхаа төлөө тэмүүлдэг билээ. Бид жил, сарын туршид, өдрийн турш ажил амьдрал, аз жаргалын төлөө зүтгэхдээ бие сэтгэлээ хоромхон ч гэсэн мэдэрч байсан уу ? Ирээдүй зүг тэмүүлэхдээ одоо цагаа хэр зэрэг мэдэрч байсан бэ? Он жилийн босгон дээр эдгээр асуултын өмнө та юу гэж хариулмаар байна? Маш олон хүмүүс эдгээрийг үл хайхран эд мөнгөний хойноос, нэр алдрын төлөө ажиллаж амьдран аль сайн сайхан зүйлээ алдаж байна. Насны залууд биеэ үл хайхран өтлөхийн үзүүр дээр өвчин эмэгт тарчлагдах гэх зэрэг юу эсийг хэлэх билээ.
Амь насны аялалд хүн аз жаргалын төлөө аль бүхнээ зориулахаас буцдаггүй. Гэхдээ аз жаргалын төлөө тэмүүлэх явцад мөн юу нэгээ алдаж байдгийг ч ухааран сэрүүштэй. Үе үеийн хүмүүс аз жаргалыг янз янзаар тодорхойлдог. Хүмүүсийн аз жаргалын тухай харах, мэдрэх адил бус өнцгөөс шалтгаалж өөр хоорондоо адил бус байдаг боловч жинхэнэ аз жаргал үнэндээ цаг хугацааг мэдрэхэд байгаа юм. Цаг хугацааг мэдрэнэ гэдэг үнэн чанартаа амь насаа мэдрэхэд оршино. Тэгэхээр та амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүйд оносон ч бай, алдсан ч бай амь насаа мэдрэн одоо цагтаа амьдарч аз жаргалаа хөөцөлдөх нь адилтгашгүй том утга төгөлдөр зүйл билээ.
Хар бар жил хаяанд хүрээд ирчихлээ. Хамаг хүсэл мөрөөдлийнхөө төлөө та цаг хугацааны шинэ гараан дээр шинэ аяллаа эхлүүлэх болж байна. Цаг хугацааны аялалд хамгийн үнэ өртөггүй зүйл бол харамсал юм. Тэгэхээр та огтхон ч харамсалгүйгээр аз жаргалын төлөө амь насны цаг бүхнийг, хором бүрийг мэдрэн амь насаа үнэ цэнтэй болгож амьдраарай!

