ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошуу нутагтай “Солонго” шагналт яруу найрагч Цэдэнжавын Цолмон. Тэрээр ӨМБИС-ийн профессор, доктор, докторантын удирдагч багш. Өвөр Монголын Уран зохиол орчуулагчдын эвлэлийн дэд тэргүүлэгч, БНХАУ-ын Зохиолчдын Эвлэлийн гишүүн. Зохиол бүтээл, эрдэм шинжилгээ, уран зохиолын орчуулгын чиглэлээр ганзага дүүрэн яваа эрдэмтэн яруу найрагч маань “Их Тамчийн тэнгэр”, “Цэцгийн салхи”, “Бурхны зурсан уулс”, “Нүүдлийн зурхай”, “Нууцгай бадам цэцэг” зэрэг яруу найргийн болон шүүмж, орчуулгын олон ном бүтээлүүд хэвлүүлсэн. 2018 оны БНХАУ-ын Арван содон яруу найрагчийн нэгээр шалгарсан онцгой их амжилтаар шинэ оноо угтаж буй түүнийг бид хүндэт зочноороо урьсан юм.
- Та сар шинэдээ сайхан шинэлэв үү?
- Сайхаан. Сайхан хаваржиж байна уу?
- Сайхан хаваржиж байна. Давын өмнө таньд Хятад улсын Арван содон яруу найрагчийн нэгээр шалгарсанд баяр хүргье.
- Баярлалаа. Энэ арван содон найрагчид дотор Тяньжин хотын нэрт яруу найрагч, уран зохиолын шүүмжлэгч Лу Гуан Цай зэрэг яруу найрагчид байсан. Тэд маань уран бүтээлийн өндөр амжилттай яваа яруу найрагчид. Оны хувьд 50, 60, 70-аад оны хүмүүсээр голлосон найрагчид байна лээ.
- Шинэ оноо амжилттай угтаж байгаа танд ирэх ондоо төлөвлөсөн олон ажил байгаа байх?
- Бүх хүмүүсийн хувьд оны эхний төлөвлөгөө эхэлж байгаа байх. Миний хувьд ч гэсэн хэвлэлд бэлтгэсэн хэдэн номоо гаргана, хичээл сурлагаа хүлээж байгаа хэдэн шавь нараа хүмүүжүүлнэ. Ингээд энэ оны ажил эхэлж байна даа.
- Таны ном, бүтээлүүд Монгол Улсад уншигчдын хүртээл болсон байдаг. Англи хэл дээр ч хэвлэгдсэн нь бий. Таны уран бүтээлдээ хамгийн эрхэмлэн нандигнадаг зүйл тань юу вэ?
- Би Монгол Улсад кирил бичгээр “Цэцгийн салхи”, “Бурхны зурсан уулс” нэртэй яруу найргийн номнуудаа хэвлүүлсэн. Монголд бас миний яруу найргийн тухай шүүмж, үнэлгээ гарсан. Би уран бүтээлээ манай үндэстний монгол нүүдэлчин гэдэг соёл сэтгэлгээний үндсэн дээр өөрийнхөө яруу найргийн амин сүнсийг эхлүүлдэг. Бүх зүйл даяарчлагдах зүг хандаж байгаа энэ цаг үед монгол уран бүтээл өөрийнхөө монгол гэдэг тамгаараа л үлдэх ёстой гэж боддог. Гэхдээ гарцаагүй шинэ зүйлийг хүлээж авах хэрэгтэй. Хүлээж авахдаа уусгаж авч чадахгүй бол өөрийгөө дуусгах их түгшүүр эргэлдэж магадгүй. Бусдыг их дагаж дуурайна гэдэг үнэндээ гэнэн байж магадгүй л дээ. Гэвч тэдний эрхэм нандин зүйлсийг хүлээж авч өөрийгөө төгөлдөржүүлэх замаар хөгжвөл яруу найраг маань сайн болно биз ээ.

- Та бас дууны яруу найраг бичдэг. 2018 онд гарсан онцгой бүтээлээсээ сонирхуулах уу?
- Өнгөрсөн онд хэдэн дууны бүтээл хийсэн. 2019 оны Цагаан сарын үдэшлэгт “Миний их сургууль” дуу маань оролцсон. Бас өнгөрсөн хавар ээжийнхээ дэргэд “Ээж минь хүүтэйгээ байгаач” нэртэй дуугаа хийсэн юм. Ер нь ээждээ зориулж, бас нутгийн тухай хэдэн дуу бичсэн. Нутгийн маань хүүхэд Цагаан сарын үдэшлэгт дуулаад үзэгчдийн таашаалд хүрсэн байналээ. Монгол Улсад бас миний шүлгэнд аялгуу бичсэн тухай сураг сонссон. Ер нь Монгол Улсын хөгжмийн зохиолчидтой нэлээн хамтарч ажилладаг. Бямбабаяр, Эрдэнэчулуун, Бэхбат зэрэг олон уран бүтээлчидтэй хамтарч дуу хийсэн. Тэр дундаас “Тод цагаан сар” дуу маань олны сонирхолд их хүрч байгаа.
- 2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жил, Монгол, Хятад хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил тохиож байгаа. Судлаач, яруу найрагч хүний хувьд энэ хос 70 жилийн хугацаанд уран зохиол, яруу найргийн ертөнц танд ямар харагдаж байна вэ?
- Тийм ээ, энэ хос 70 жилийн ойг тохиолдуулаад хоёр улсын соёл, уран зохиолын солилцоонд олон үйл ажиллагаа явагдах байх. Оны зааг дээр Өвөр Монголын Зохиолчдын эвлэл, Монгол Улсын Зохиолчдын Эвлэлийн Удирдах Зөвлөлийнхний уулзалт болсон. Уулзалтаар хоёр орны зохиолчдын бүлгэм томилох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг яриа өрнөсөн. Өвөр Монголын Уран зохиол орчуулагчдын эвлэлээс шагнадаг Лю Шүний нэрэмжит утга зохиолын шагналт зохиолуудыг орчуулж кирил бичигт хэвлэх төсөл гаргаж байгаа. Энэ бол хос 70 жилийг тэмдэглэх нэг бэлэгт үйл ажиллагаа болох байх гэж бодож байна. Миний хувьд Монгол Улсын болон Өвөр Монголын уран зохиолыг харьцуулан анхаарч, судалгаа хийдэг. Сүүлийн үеийн яруу найргийн хөгжил хандлагыг үзэхэд залуучууд маань гоо сайхны их адилавтар мэдрэмж юм уу, эрэл хайгуулын хувьд их ойролцоо талтай хандлага илэрч байх шиг байна. Судалгаанд маань Монгол Улсын орчин үеийн уран зохиол ордог. Монголын зохиолчдын тухайд бас нэлээн хэдэн шүүмж, өгүүллүүд бичсэн. “Монгол Улсын уран зохиол Өвөр Монголд нөлөөлсөн нь” гэдэг сэдвээр Олон улсын эрдэм шинжилгээний хуралд өгүүлэл хэлэлцүүлж байсан. Тухайлбал, өмнөх зууны 40-өөд оны үед зохиолч На.Сайнцогт Монгол Улсад очиж байсан. Мөн Монгол Улсын Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчингийн зохиолыг 1950-иад онд монгол бичгээр буулгаж уншиж байсан. Энэ жишээнээс харахад Монгол Улс, Өвөр Монголын уран зохиолын харилцаа өнөөг хүртэл дэлгэрэн үргэлжилсээр байна.

- Та багш хүн. Ялангуяа, Монгол Улсын оюутан залуустай харилцаатай ажилладаг. Голдуу ямар сэдвээр судалж, суралцаж байна, бас ямар сэдвүүдийг судлаасай гэж хүсэж байна?
- Манай сургууль Монгол Улсын Боловсролын Их Сургуультай оюутны солилцоогоор оюутан солилцдог. Энэ бол хоёр орны соёлын салбарт их чухал. Дамын үг далан худалтай гэдэг. “Гэнэ ээ гэдэг үгэнд гэнэн юм дагаж явдаг, гэнээ гэж сураг дуулж явахаар өөрийн биеэрээ ирээд харахад Өвөр Монгол ямар харагдаж байна вэ” гэж би оюутнуудаасаа асуудаг. Тэд маань Өвөр Монголын уран зохиолыг ойлгохыг их эрмэлздэг. Би багш хүний хувьд Өвөр Монголын яруу найрагчид, уран бүтээлчдийн талаар их танилцуулдаг. Энд сурсан Монголын оюутнууд тэндээ суралцсан оюутнуудыг бодвол өвөрмөц талыг нь бодитоор ойлгож авдаг нь харьцангуй илүү мэдэгддэг.
Хоёр орны уран зохиолыг харьцуулсан судалгаа хийгээсэй гэж хүсдэг. Орчин үеийн Өвөр Монголын юм уу, Хятад улсад байгаа монгол уран зохиол ямар маягтай хөгжиж ирсэн, Монгол Улсын орчин үеийн уран зохиолтой харьцуулбал харилцан өвөрмөц тал нь юу байна гэдэг талаар судалгааг илүү хийгээсэй. Нөгөө талаар Монгол Улсын болон Өвөр Монголын утга зохиолын онол шүүмжлэлийн талаарх судалгааны үр бүтээлүүдийг хэсэгчилж судлах ажлыг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй байна. Төвийн Үндэстний Их сургуулийн Ван Мандаа багш монголын уран зохиолын онол шүүмжийн тал дээр их ажил хийсэн. Бид ч гэсэн энэ ажлыг үргэлжлүүлж байна. Ер нь энэ харилцан бие биеэ судлах тал дээр илүү их ажилламаар байна.
- Оюутнууд, төгсөгчид тань хэр амжилт, ахиц дэвшилтэй байна?
- Монгол Улсаас суралцаж байсан оюутнууд дунд яруу найраг сонирхон оролддог хүүхдүүд байдаг. Жишээ нь, Өвөр Монголын Их Сургууль төгссөн Батсайхан гэж байсан. Яруу найргийн номоо хэвлүүлж, надаар оршил бичүүлсэн. Бас Ариунтунгалаг гэдэг оюутан маань Өвөр Монголын “Найман шарга” яруу найргийн наадамд дэд байр эзэлж байсан. Энд хэдэн сарын хугацаанд суралцахдаа бичсэн шүлгээ хэвлүүлнэ гэж надаар өмнөтгөл бичүүлээд жижигхэн номоо гаргаж байсан юм. Энд суралцах хугацаандаа ном хэвлүүлж дурсгана гэдэг Хэл, уран зохиолын салбарын оюутны хувьд бас амжилтыг харуулж болох зүйл. Би энэ бүхнээр бахархаж, шинэ ирсэн оюутнууддаа ярьдаг.

- Магадгүй миний асуугаагүй орхигдуулсан, таны ярья гэж бодсон зүйл байгаа болов уу?
- Өнөөдөр бид цахимжсан шинэ техникт их түшиглэдэг болжээ. Гар утсанд бурантаглуулж их хөтлүүлбэл өөрийгөө алдах аюултай байж магад. Мэдээж, ном уншихгүй байна гэж хэлээгүй л дээ. Цаг эриний хурдаа дагасан техник технологиор мэдээллээ авах нь сайн хэрэг хэдий ч дээдсийнхээ бүтээсэн ховор нандин ном бүтээлүүдийг илүүхэн уншиж байвал оюуны сайхан шим тэжээл болох байх.
Нөгөө талаас Монгол Улс, Өвөр Монголын яруу найргийн талаар хүмүүс их ярих дуртай болжээ. Гэхдээ бид бие биеэ яг бүрэн гүйцэд ойлгочихоод ярьж байна уу гэдэг дээр, өнгөц дүгнэлт хийх тал дээр анхаараасай гэж хүсэх байна. Хэдхэн хүнийг уншчихаад ийм тийм гэж ам дамжиж ярих нь арай хөнгөдөх болов уу.
- Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Цаашдын ажил үйлс, уран бүтээл, амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
- Ярилцлагадаа урьсанд баярлалаа. Хоёр улсын соёлын харилцаанд үзүүлж байгаа үйлдэлд тань Солонго мэдээллийн төвийн хамт олонд маш их баярлаж явдаг шүү. Та бүхэнд ажил үйлсийн өндөр амжилт хүсье.

Унаган нутаг, уул ус, элгэн садан, энэхэн дэлхийгээ чин сэтгэлийн гүнээсээ магтаж, нүүдлийн соёлоо эрхэмлэн дээдэлж явдаг уужим тэнүүн сэтгэлт эгэл дөлгөөн зантай эрхэм найрагч Ц.Цолмонгийн талаар найргийн хүндэт садангууд нь басхүү бахархан ярьсан юм.
БНХАУ-ын Төрийн шагналт, ӨМӨЗО-ы Хөдөлмөрийн баатар, яруу найрагч АРТАЙ
- Наяад оны эхээр оюутан ахуй цагтаа Цолмон миний гэрт их ирдэг байсан. Бид яруу найргийн тухай халуун яриа дэлгэж, хөөрч явсан. Яруу найргийнх нь тухайд бид идэр залуу шүлэгч гэж хэлж байгаа боловч үнэндээ яруу найргийн энэ уудам бэлчээрт бол “Хуучин гар” болчихсон яваа шүү дээ. Цолмонгийн яруу найргийн тухай ярихад сэтгэл их хангалуун байна. Миний мэдэхээр өөрийн шантрашгүй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ яруу найргийн нийт 20 гаруй ном бүтээл нийтэлсэн.
Цолмонгийн далдын татах хүчтэй яруу найраг ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, Өвөр Монгол уншигчдынхаа дунд өргөнөөр нөлөөлж, дэлгэрсэн. Ялангуяа, хүүхэд залуучуудын яруу найргийн уралдаан, наадамд байнга сонгогдож уншигдах гарын авлага болсоор ирсэн. Одоо ч уншсаар байна. Ямар их эрч хүчээр хичээл хүмүүжил, эрдэм шинжилгээ, нийгмийн үйл ажиллагаа, хурал зөвлөгөөн, илтгэл тайлан хийж, олон албан тушаалыг хариуцаж ийм хүнд ачаа үүрсэн хүн энэ их завгүй ажлынхаа хажуугаар хаанаас ирсэн тэр их сэтгэлийн тэнхээгээр ийм үлэмж олон бүтээлийг туурвиж, ийм өндөр түвшинд хүрсэн юм бол гэж бодохоор бахархууштай.
Одоо Өвөр Монголын яруу найраг өнгөрсөн үеэсээ хол илүү дэлгэрэнгүй хөгжиж байна. Залгамж үеийнхэн яруу найргийн тавцан дээр гялалзаж байна. Ц.Цолмонгийн шүлэгт эдгээр олон найрагчдаас ангид ялгарах хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт, сэтгэлгээний гүн хүрхрээний дээгүүр тунарч байгаа илрэл шиг тийм дөлгөөн. Нүүдэл, мал аж ахуйн ширгэшгүй их соёлоос эх ундраагаа авсан энэ найрагчийн шүлэг их ханагар, дөлгөөн намуухан, аяндаа аяархнаар уншигчдын сэрэл мэдрэхүйд урсан орж сэтгэл зүрхийг баясгадаг. Хоёрдугаарт, яруу найргийн орчин үеийн арга барилыг монгол дүр төрхөөр сайхан илтгэдэг авьяастай. Би түүний номнуудыг уншдаг, шүлгүүд нь сэтгүүл дээр гарвал олж уншдаг. Цолмон уншигчдын сэтгэлийг дагуулах хөтчийг маш оновчтой олдог. Тиймээс ч “Нэхий дээлтэй нүүдэл цасанд дулаахан харагдана” гэж бичсэн. Цолмон бол уншигчдад үл мэдэг байдлаар нөлөөлж, энэ аргаар урлагийнхаа талбарт уншигчийг татаж оруулж чаддаг. Цаанаа ийм далдын татах хүчтэй. Гуравдугаарт. Цолмон үгийг их эрэмгий мөртлөө энхрийхэн хэрэглэдэг. Зүйрлэж хэлэхэд эрэмгий гэдэг нь догшин, хүчтэй, няцашгүй үгийг оносон газарт нь шилжишгүй байрлуулж чаддаг. Энхрийхэн гэдэг нь тайзны урлагийн бүжигчнийг сонгох шиг тийм үзэсгэлэн гуа, тансаг яруухан үгийг мөр шадныхаа дунд мяралзуулж чаддаг. Нөгөө талаас Цолмон үгээ сайн танина. Ялангуяа, мартагдаж гээгдэж байгаа үгсийг шүлэгтээ тод гэгээ таттал хэрэглэдэг. Түүний шүлэгт гэгээ гэдэг үг олон бий. Гэгээлэг шүлэг бичдэг. Үгний уран мэдрэмж сайтай. Энэ тал дээр залуу яруу найрагчдыг илүү суралцаасай гэж хүсч байна. Эцэст нь 2018 оны Хятад улсын арван содон яруу найрагчийн их яруу алдрыг орчуулагдсан шүлгээрээ Өвөр Монгол түмнийхээ өмнөөс хүртсэн цорын ганц монгол яруу найрагч Цолмондоо дахин баяр хүргэж, хожмынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе.
Нийгмийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач, Өвөр Монголын Утга урлагийн шүүмжлэгчдийн эвлэлийн дэд тэргүүлэгч Е.ТӨМӨРЖИН
- Ц.Цолмон гуай бол хичээл хүмүүжил, шүүмж судалгаа, эрдэм шинжилгээ, орчуулга, ялангуяа яруу найргийн зэрэг олон чиглэлд гавшгайлж байгаа эрдэмтэн, яруу найрагч. Ийм олон чиглэл дундаас зөвхөн яруу найргийнх нь талаас ярихад 20-р зууны наяад оны дунджаас шүлгээ нийтэлж эхэлсэн. Тэр үе бол Өрнөдахины орчин үеийн үзэл буюу модернизмын урсгал манай улсад хүчтэй нөлөөлж байсан цаг. Манай улсад монгол яруу найрагчид яруу найраг, зохиолын тал дээр ”бүдэг” шүлэг гэж үзэл урсгал бүрэлдэж ид шуугиулж байсан цаг үе. Түүний шүлэг бүтээл яг энэ үеэс гараагаа эхэлсэн. Цолмон найрагчийн шүлэгт маш будлиантай эсрэг тэсрэг олон туршлагыг ганцхан буюу хэд хэдэн санаа дүр дотор агшааж, нэгтгэн уусгаж, соёл, сэтгэлгээ, түүх, ахуйн учрал бүгдийг нийлүүлээд энэ санаа дүр дотор гаргадаг. Санаа дүрийг бүтээх үндсэн оролдлого нь түүний шүлэгт байсаар байна.
Учир нь нүүдэл, мал аж ахуйн соёлын орчинд өссөн хүнийг манай ердийн ойлголтоор маш урт хуудас хэмжээний уянгалсан шүлэг бичих ёстой гэж үзэх байх. Гэвч бичсэн бүх шүлгээс нь харахад бараг урт шүлэг, хүүрнэсэн шүлэг байхгүй. Голдуу уянгын богино шүлэг бий. Бүгд санаа дүрийн шүлгээр голлосон. Сэтгэлгээ нь нэлээд гүнзгий, дотогшоо нууж хадгалах гэсэн оролдлого харагддаг. Юуны өмнө тухайн зүйлийнхээ шууд гаднах байдалд биш, харин тэр дотоод мөн чанар, амин сүнс, оюун санааг нь зурах гэж оролддог. Энэ бол гүнзгий сэтгэлгээ. Нөгөө талаар түүний шүлэг дотор байгалийг, соёлыг, хүний сэтгэлийг бичнэ. Энэ гурав огт салангид биш. Хэдэн санааг дурдахад аливаа санаа дүр дотор энэ хэдэн гол зүйл бүгдээрээ оргилоод гараад ирдэг. Түүний шүлгийг ерөнхийд нь үзвэл түүхэн зохиол эрэгцүүлсэн юм уу, дан өнгөрсөндөө бахадсан биш. Харин ихэнх шүлэг нь ахуйн байдлаас шүлэглэснээрээ онцлогтой. Ийм гурван зүйлээр их тодорхой илэрдэг. Үндсэн хэв маяг нь бол уран нарийн, гүн хэв маягийг бүрдүүлжээ гэж хэлж болно.

