Хайраас хайр төрдөг ...
2015-12-28 18:21
Бүлээн сүү амлаж, ижийнхээ элгэнд наалдан бүүвэйн дуунд уярч өссөн хүүхэд хэзээ ч хайраар дутдаггүй. Амьнаас ургасан амь, хайраас дэлбээлсэн цэцэг болохоор хүүхэд бүхэн ижий аавдаа хамгаас хөөрхөн бас эрхэм. Хайр хайрын дотроос ижий аавын хайр эгнэж жишимгүй агуу нь гэдэг. Галууны дэгдээхэй галуундаа хөөрхөн, гахайн тоорой ээждээ л хөөрхөн гэдэг шиг үрээ гэсэн энэ их хайр орчлонгийн амьтай бүхний оршин тогтнохын утга учир ч байж мэдэх юм.
Ижий аав хэмээх алдрыг өвөрлөхөөсөө эхлээд өтөл буурай боллоо ч үрийн минь үр дээ хэмээн эвийлэх хайр нь дундрашгүй. Хүн бүрийн үзэл бодол, ёс суртахуун гарал угсаа, зан байдал хийгээд айл гэрийн орчин, энэ бүхэн үр хүүхдийн хүмүүжил, зан төлөвтэй салшгүй холбоотой. Зоогийн газраар ороод гарсан хүнээс хоол л үнэртдэг шүү дээ. Үүнтэй адил хайраар дүүрэн гэр бүлд өссөн хүүхэд ирээдүйд гэр бүлээ мөн л хайраар дутаахгүйг хичээдэг байна.
Хүүхэд багадаа хайрыг мэдрэхгүй өсвөл том болсон хойноо, хэн нэгнийг мөн л хайрлаж чадахгүй. Зарим хүмүүс хэдэн цагаар ч хамаагүй телевиз үзэж найз нөхөдтэйгээ ярьж, дуулж суудаг мөртлөө, хүүхдээ ганц удаа ч тэвэрдэггүйг бас л бодмоор. Хүүхдэд ээж, аавын хайр дүүрэн тэврэлт хамгаас чухал байдаг. Үр хүүхдээ халуун дотноор тэврэх үед агуу хайр халамж, энхрийллийг хүү, охин нь мэдэрдэг байна. Ээж, аавынх аль нэг нь эзгүй үед хүүхэд аль нэг талаараа гонсгор байдаг.
Хүмүүжил төлөвшил, зан аашийн хувьд ч доголдох гээд байдгийг судлаачид анзаарчээ. Ээж, аав нь байгаа хэрнээ хүүхэддээ цаг зав гаргадаггүй бол мөн л адил. Аавын дотно дулаан харьцаанаас хүүхэд зоримог, шийдэмгий, тууштай зан байдлыг шингээдэг бол ээжээсээ уян зөөлөн, нягт нямбай, эмх цэгцийг нь тусгаж авдаг. Харин ээж, аав нь дотны зөвлөгч нь байж чадахгүй бол халшрамтгай, худалч, хоёр нүүртэй, эмх замбараагүй хүн болно.

Хүн хэдийгээр ээжээс төрж, ангир уургийг нь амлан хүн болдог ч аавын дотно сайхан харц, дулаахан тэврэлтээс хайрыг өөртөө шингээдэг гэж Гэр бүл судлаач Доктор профессор Намжил багш ярьж байна. Бид хүүхдээ огт сонсдоггүй. Ямар ч хүүхэд ээж, аав минь намайг сонсдог байгаасай гэж хүсдэг. Хэрвээ ээж, аав нь сонсоод, дэмждэг бол хүүхэд илэн далангуй байхыг эрмэлздэг. Харин эцэг эх нь хүүхдээ өмч мэт үзэж, өөрийнхөө санаа бодлыг тулгаснаар хүүхэд аав ээжээсээ зай барьж найз нөхөддөө ханддаг байна. Амьдралын туршлага, мэдлэг мэдээлэл бага учраас үе тэнгийнхний зөвлөгөө тэр бүр боломжийн байдаггүй.
Аав, ээж нь завгүй болохоор өглөө оройд ч хүүхэд ганцаараа. Тэдэнд хайр халамж үгүйлэгдсээр. Зарим ээж, аавууд өнөө орой сайхан хоол хийж өгнө, амралтын өдөр хамт кино үзнэ гэж амлачихаад биелүүлж чаддаггүй. Харин тэд аав ээжийннхээ амлалтыг хэзээ ч мартдаггүй. Хамгийн их итгэж, хайрлаж, хүндэлдэг хүн нь амлалтаа биелүүлдэггүй болохоор хүүхдийн бусдад итгэх итгэл буурдаг байна.

Зан чанарынх нь хувьд сэтгэл зүйчид хүүхдийг гадагшаа, дотогшоо гэж ангилдаг байна. Гадагшаа хандлагатай хүүхэд биеэ өмөөрдөг, бусдад хариуцлагаа тохдог. Өөрөөр хэлбэл, дэндүү эрхлүүлсэн хүүхэд өөрийнхөө бурууг бусдад тохдог байна. Харин нөгөө хэсэг нь дэндүү их үүрэг хариуцлагын дунд буюу чи хийсэнгүй, чамаас болж гэсэн дарамтан дунд байсаар ямар ч эрх мэдэлгүй бүх хариуцлагыг өөртөө үүрдэг гэнэ.
Ийм хүүхэд үзэл бодлоо илэрхийлж чадахгүй, санаа бодлоо хэнтэй ч хуваалцдаггүй, бүх зүйлийг надаас л боллоо гэж үздэг. Тэднийг дотогшоогоо чиглэсэн хандлагатай гэж судлаачид хэлдэг байна. “Хайр нь дотроо хал нь гаднаа“ гэдэг шиг хүүхдээ хүмүүжүүлэхдээ зэмлэл магтаал хоёрыг зэрэгцүүлж, төлөв төвшин хүн болгох нь ижий, аав бидний эрхэм зорилго. Цав цагаахан цаасыг ямар бүтээл болгох нь зураач хүний мэдрэмж байдаг шиг. Хайраас дэлбээлсэн үр хүүхдээ ижий, аав бүхэн дундрашгүй их хайраараа өлгийдөн өсгөх учиртай.
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
