Намрын хонгор мөрөөдөл минь намуухан ирчихдэг
Намайг хөтлөн чам руу тэмүүлдэг далдын хүч юм.
Хорвоогийн хамгийн сайхан бүхэн заяасан гэмээр, хүний сэтгэлийг цэнгүүлэм Үзэмчин нутгийн хүн байгаль хоёрт сэтгэл татагдан явахад алтан шаргал намрын сүүлийн халиуран долгиолох өвс бэлчээрийн дээгүүр арван найман насны гэнэн цагаан эрвээхий болон нисэн дэрвэмээр. Хязгааргүй уураг шаргалын дунд хүрээлэн тогтсон үхэр хонин сүргийн дундуур нь хурга ишигтэй нь тоглон наадмаар. Тансаг гоо нутагт хайрын үр жимсээ дэлгэрүүлэн суумаар. Юм бүхэн нь уярчихсан, баярлачихсан намайг үнсэх гээд байгаа юм шиг санагдан хоёр хацар минь илчигнэн улайчихсан байдаг.
Үдийн баргаар морин тэргээ буулган морио чөдөрлөн халтар өвс хазуулан, аав бид хоёр хуурсан ам, ааруул, хуруудаа эмхэж, хүйтэн ус хоёр уугаад “Арваад жилийн өмнө үхэр тэргээр ирэхэд миний хүзүүн чинээ өвс бэлчээртэй байсан. Тэр үед үхэр ороод олж үзэхгүй өлөн байжээ” хэмээн аав хуучилна.
Хорин жилийн өмнө намрын сүүлийн тэр нэгэн өдөр Үзэмчинд суугаа бүл авга ээжээс “Хүү Уулын Бээжингийн Их Сургуульд орсон баярыг тэмдэглэх найранд урьж байна” гэсэн урилга ирсэн юм. Уул ахтайгаа уулзах гэж баярлавч би хол явах гэснийг нь сонсоод уяраад уйлах гээд болохгүй нь. “Өвөг минь амьд сэрүүн байхдаа хол газар байгаа садан төрөлтэйгөө харьцаагаа таслахгүйн төлөө Уул, Униар хоёрыг ижилсүүлэн амьдар” гэсэн гэрээс үлдээснийг Уул ах минь надад сэм ярьж байсан юм.
Цэлмэг хөх тэнгэрт цагаан үүлс, хонин сүрэг бэлчиж байгаа мэт тархай бутархай байснаа удалгүй салаад одсон амраг санан санан тэврэлдэх шууран хойноос бөөгнөрч, нэгийг хүсэн хүлээж эргэлзэн, догдлолын цэвэр цайлган цэцэгсийн хэлтэс нь хайрын цацлаа цацъя хэмээн аав бид хоёрын өмнүүр хөндөлсөн ирэхээр нь “Намрын сүүлийн хүйтэн бороо орох уу, Үзэмчин нутгийн анхны цас нь хаялах уу. Уур амьсгал нь манай нутгаас хүйтэн болохоор цагаасаа эрт цас ордог, үүл гарсаар бороо цас буудаг гэж бүл авга ээж чинь ярьж байсан” гэж аав минь яарсан бололтой мориндоо ташуур нэмэхэд дөрвөн өдрийн хол замыг ганхан туурайгаараа эвхсэн хулан хайхралгүй явна.
Өндөлзсөн үүлнээс аньсаганд минь эрхлэн үнэсэхдээ цас лавсалж эхэллээ. Хаашаа харсан ч зах нь харагдахгүй дун цагаан. Явж байтал өмнөх зам үзэгдэхгүй болоход би сандран “Аав аа, яадаг билээ? Одоо төөрөх юм байна” гэхэд аав минь “Хулан чинь сэргэлэн амьтан, лавтай биднийг хот айл түшүүлэх юм” гэж хэлээд мориныхоо цулбуурыг сулхан тавихад хулан ч аавын санааг ойлгосон мэт нэг хөгөөр шогшив. Би арьсан дээлээрээ бүх биеэ ороогоод юу ч болог, аяар нь болов.
Нэг мэдэхэд хажуу хавиар харанхуйлж бүрий болж байгаа маягтай. Хулан ч яаран мурий замыг аслан явж байгаа ч юм уу бүү мэд. Энхэл донхлыг хайхралгүй зүтгэнэ. Алсаас жижиг шаравтар гэрэл бөртөлзөн, ганц нүдтэй амьтан аав бид хоёрын зүг ойртон ирэхэд морь ч дугхийн зогсов. Би айхдаа арьсан дээлэндээ шургатал “Зүгээр ээ, нэг айлын гадна ирсэн байна. Тосон дэнгийн гэрэл сүүмэлзэж харагдана” гэж хэлээд тэрэгнээсээ буугаад гайхаш алдан “Мөн, яг мөн, бүл авга ээжийн чинь уяан дээр ирээд зогссон байна” гэж догдлонгуй ярин, хулангийнхаа хамрыг өхөөрдөн илбэнэ. Үүд нээгдэн танил дасал дуу дуулдлаа.
Тэр шөнө ах бид хоёр хэн хэн нь унтсангүй, нойр хулжсаныг ижил хоёр зүрх, харц харцаараа нэгнээ олж хардаг хос алаг нүд гэрчилж байлаа. Уул ах минь сэмхэн “Униар дүү минь! Уулын энгэрт униар байх учиртай. Хэзээ ч салах ёсгүй, намайг хүлээж байгаарай!” гэж намуухан шивнэв.
Тэр шивнээнд Үзэмчин нутаг эгээрээ уярсан мэт бодогдож, бүх бие минь илчигнэн ноцох мэт, амьсгаа тасрам мэдээ алдах мэт, юу ч хамаарахгүй элгэнд наалдчихмаар болоод л дугуй хоёр дусал нулимс бөмбөрөөд Уул ах нулимстай нүдийг хөнгөн арчиж, цүнхнээсээ захидлын уут гарган надад гардуулаад “Намайг явсан хойно үзээрэй!” гэж цээжинд багтахгүй үг нь харцанд мэлмэрсээр байсан сан.
Маргааш нь салж ядан далласан ах минь жижигрэн холдоход, хайрын үгс цалгилсан сэтгэлийг нь би унших гэж яаран захидлыг нээвэл, униар манан залгалдсан уулын энгэр сүүдэрлэсэн ахын минь сүүдэр байлаа. Сүүдрийн ар талд “Үүрд чамтай” гэсэн гурван үсэг нулимсан дунд бөртөлзөнө…
Бодол сэтгэлд гүн үндэслэсэн мөрөөдөл минь
Буцах намрын шувуудтай хамт ниссэн ч
Булгийн цэнхэр усандаа хайраа шингээж үлдээсэн
Дэргэдээс салах дургүй цайлган хүсэл ба
Дандаа холдсон намуухан шивнэл нь
Дэрийг минь дэвтээх хонгор мөрөөдөл юм байжээ.
